2018.04.05

Ц.Байгалмаа: Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэргийг бууруулах чиглэлд Цагдаагийн байгууллагын саналыг дэмжинэ

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн санхүүжилтээр шийдвэрлэгдсэн Цагдаагийн хэлтсүүдэд олгогдсон тусгай  тоноглол бүхий 17 автомашиныг хүлээлгэн өгөх арга  хэмжээ болсны дараа тус арга хэмжээнд оролцсон НИТХ-ын төлөөлөгчдийг дүүргүүдийн  Цагдаагийн хэлтсээс урьж эдгээр автомашиныг хэлтэс дээр хүлээлгэн өгөхийг хүслээ.

НИТХ-ын  төлөөлөгчид өөрийн сонгогдсон тойргийнхоо Цагдаагийн хэлтэст очиж дарга удирдлагуудтай нь уулзан санал хүсэлтийг сонсож, автомашиныг  хүлээлгэн өгч ажлын амжилт хүслээ.

НИТХ-ын тэргүүлэгч Ц.Байгалмаа Хан-уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст очиж,  тус хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа С.Хүрэлбаатар болон тасгийн дарга нартай нь уулзлаа. Уулзалтын үеэр хурандаа С.Хүрэлбаатар Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн бие бүрэлдэхүүн, гэмт хэргийн гаралт, ажлын онцлогийн талаар НИТХ-ын тэргүүлэгч Ц.Байгальмаад  танилцуулга мэдээлэл өглөө.

Хурандаа С.Хүрэлбаатар

"Гэмт хэргийн гаралт жилээс жилд нэмэгдэж байгаа нь бидний сэтгэлийг зовоож байна. Манай хэлтсийн хувьд 1,2,3,11,15-р хороог хариуцан ажилладаг, Нэг хороо гэхэд л 22.000 дээш хүн амтай байдаг. Тиймээс албан хаагчдын унаа тэрэгний хүрэлцээ муу байдаг. Иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах, нөхцөл байдлыг сайжруулах зорилгын хүрээнд НИТХ-аас  санаачлан автомашин өгч байгаад баяртай байна, цаашдаа Нийслэлийн ГХУСАЗЗ-ийн зүгээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгт иргэдийг санаатай болон санамсаргүй байдлаар оролцохгүй байх тухай сэрэмжлүүлэг ажлууд  тодорхой ажлууд хийхээр төлөвлөж байгааг дуулсан. Энэ бол зөв зүйтэй хэрэг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг сануулж сурталчлах, хохирогчийг түр орогнуулах байрыг эмнэлгийн дэргэд байлгах, бага насны хүүхэдтэй орон сууцны айл өрхүүд цонх полхоноо торлох, хүүхэд унаж эрсдэлд орохоос хамгаалах чиглэлээр тодорхой ажлуудыг сурталчилж олон нийтэд хүргэж өгөөрэй гэж хүсэх байна" гэв.

Ц.Байгалмаа:

"Гэмт хэрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хувьд нийслэлчүүдийн амар тайван амьдрах орчиныг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг гарах нөхцлийг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулдаг. Үүнд чиглэсэн хэмжээний зардал төсвийг шийдвэрлэж ажилладаг. Сүүлийн үед  хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгааг сонсоод сэтгэл эмзэглэж явдаг. Энэ талаар НИТХ-ын тэргүүлэгчдийн зүгээс тодорхой ажлууд санаачлан хийнэ гэж бодож байгаа. Хурлын дарга С.Амарсайхан "Хүчирхийлэлгүй хот" аяныг өрнүүлэх тухай ярьсан. Энэ ажлыг бодитойгоор хэрэгжүүлэх, хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэргийг бууруулах, таслан зогсоох чиглэлд та бүхний гаргаж байгаа санал санаачлагыг бид дэмжиж ажиллах болно" гэлээ.

НИТХ-ын тэргүүлэгч Ц.Байгалмаагийн зүгээс Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн бие бүрэлдэхүүнд  автомашиныг хүлээлгэн өгч, ажлын амжилт хүслээ.