Орон нутгийн өмчит компаниудын ТУЗ-ын үйл ажиллагааг шүүмжлэв
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын энэ оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах, орон нутгийн өмчит хаалттай хувьцаат компаниудын ТУЗ-ийн хараат бус гишүүдийг томилох, хөрөнгө бүртгэх, нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан зарлах тухай асуудлыг хэлэлцэв.
Орон нутгийн өмчит хаалттай ХК-иудын ТУЗ-ийн хараат бус гишүүдийг томилох тухайд нийслэлийн өмчит компаниудын ТУЗ-д заавалнийслэлийн ИТХ-ын төлөөлөл байх эсэх, хараат бус гишүүдэд мэргэжлийн болон холбогдох салбарын хүмүүсийг оруулах саналыг тэргүүлэгчид хэлж байв.
Үүнд, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан “Орон нутгийн өмчит ХК-иудын ТУЗ-ийн гишүүдийг сонгож буй хэдий ч үнэн хэрэгтээ тэд хуралдаа суудаггүй, хурлаа хийдэггүй. Тэгсэн мөртлөө цаасан дээр нэрээ бичүүлэх гэж явдаг. Жишээлбэл, ТУЗ-ийн хурлаа тогтмол хийдэг газар байна уу” хэмээн шүүмжлэлтэй хандаж байсан юм.
Орон нутгийн өмчит ХК-иудын ТУЗ улиралд нэг удаа хуралдах журамтай боловч хуралдаанаар хэлэлцсэн Авто худалдааны төв-цогцолбор болон Зорчигч тээврийн III автобааз зэрэг орон нутгийн өмчит ХК-иуд ТУЗ-ийн хурлаа хийгээгүй гэсэн шүүмжлэл дагуулж байв.
Үүний дараа нийслэлийн өмчид бүртгэн авах барилга байгууламжийг Нийслэлийн өмчийн харилцааны газраас танилцуулсан юм. Тодруулбал, Хан-Уул дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах 240 болон 125 ортой хүүхдийн хоёр цэцэрлэгийн барилга, байгууламж, тоног төхөөрөмж тохижилтыг нийслэлийн өмчид бүртгэн авч ашиглалт, хамгаалалтыг хариуцуулахаар болов. Мөн Налайх дүүргийн II хороонд байрлах 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгыг нийслэлийн өмчид шилжүүлэхээр санал нэгдэв.
Цэцэрлэгийн барилгуудыг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, Налайх дахь хүүхдийн эмнэлгийн барилгыг БНХАУ-ын Энхтайваны сангийн хөрөнгөөр тус тус барьжээ.