Х.Эрдэнэтуяа: ИРГЭН бүрийг ОРЛОГОТОЙ болгох зарчмаар ажилладаг
2018.08.09

Х.Эрдэнэтуяа: ИРГЭН бүрийг ОРЛОГОТОЙ болгох зарчмаар ажилладаг

“Төлөөлөгч ярьж байна” булангийнхаа энэ удаагийн дугаарт дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, 14 дүгээр хорооны Засаг дарга Хүнийхүүгийн Эрдэнэтуяаг урьж, тойрогтоо хийсэн ажил хийгээд хорооны Засаг даргын хувьд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар ярилцлаа.

Хүнийхүүгийн Эрдэдэнэтуяа

Төрсөн газар:  Аав Архангайн Хотонт суманд төрсөн. Ээж  Төв аймгийн Лүн суманд төрсөн.

Мэргэжил: Шүд, эрүү нүүрний стамотологич мэргэжилтэй. Мөн багш, Төрийн удирдлагын менежмэнтээр суралцаж төгссөн

Ажлын гараа: Стамотологийн төвд эмч. Эрдэнэт хотод хувиараа бизнес эрхэлж, компанийн захирлаар ажиллаж байгаад 2009 оноос хойш 14 дүгээр хорооны Засаг даргаар ажиллаж байна.

-Сайн байна уу та. Юуны өмнө дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсоноос хойш 2 жил болох гэж байна. Энэ хугацаанд Төлөөлөгчийн хувиар өөрийн тойрогт юу хийж амжуулав. Цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Нэг талаас намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, түүнд тусгагдсан зорилго зорилтуудыг хангахын төлөө ажиллаж байна. Нөгөөтэйгүүр иргэдийнхээ өмнө хамгийн ихээр тулгадаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд ажлаа чиглүүллээ гэж хэлж болно. Мэдээж маш олон асуудал байгаа. Түүнээс миний хамгийн их анхаарал хандуулж ажилласан чиглэл бол ажилгүй иргэдийн тоог цөөрүүлэх,  ажилд зуучлах, ажлын байраар хангах, байнгын болон түр ажлын байраар хангах чиглэлээр нэлээд иргэнийг зуучиллаа.

Ер нь бол иргэн бүр орлоготой байвал айл өрх, цаашлаад хороо, орон нутгийн амьдрал сайжирна гэж бодож явдгийн хувьд энэ чиглэлд илүү анхаарсан байгаа. Мөн нутаг дэвсгэрт байрлах аж ахуйн нэгжүүдэд иргэдээ ажиллуулах чиглэлэд анхаарч, хамтран ажиллаж байна. Дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, MCS групптэй хамтарч дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн хувьд дан ганц 14 дүгээр хороо гэлтгүй бусад хороодын иргэдийг ч хамруулж, хөдөлмөрийн өдөрлөг зохион байгуулсаны үр дүнд нийтдээ 99 хүнийг ажилтай болгосон. Мөн дүүргээс энэ чиглэлээр зохион байгуулж байгаа өдөрлөг, арга хэмжээнүүдэд иргэдээ зуучилж ажилтай болгоход анхаарч байна. Манай хорооноос нийт 30 гаруй хүн ажилтай, орлогтой болж, одоогоор тогтвор суурьшилтай ажиллаж байна. Мөн хорооны төрийн байгууллагууд, сургууль цэцэрлэгүүдэд ажилд оруулах тал дээр анхаарал хандуулж ажилладаг даа.

-Иргэд өөр ямар асуудлуудыг түлхүү тавьдаг вэ. Маш олон асуудлаар л ханддаг байх?

-Мэдээж иргэдээс маш олон санал гардаг. Тэр болгоныг дор бүр нь боломжоороо шийдвэрлээд, зохих шатанд уламжлаад явдаг. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч бол нэг талаас иргэн, төрийг холбох гүүр. Тэр утгаараа иргэдийнхээ өмнө тулгамдаж байгаа асуудлыг өөрийн чадах хэмжээнд шийдвэрлээд, шийдвэрлэх бололцоогүй асуудлуудыг УИХ, нийслэл, дүүрэгтээ уламжлаад явдаг. Нөгөөтэйгүүр хорооны  зарим иргэд маань хороогоо, хорооныхоо иргэдийг гэсэн сэтгэлтэй байдагт баярладаг.

Манай хорооны иргэн MSC группэд хүний нөөцийн чиглэлээр ажилладаг л даа. Тэр маань манай байгууллагад нарийн мэргэжлийн тогооч хэрэгтэй байна, эсвэл том машины жолооч хэрэгтэй байна гэх мэтээр ханддаг. Үүнийх нь дагуу иргэдээ жуучлаад явдаг. Нөгөө талаар сүүлийн үед мэдээллийн хэрэгслэл, цахим сүлжээг их ашигладаг болоод байгаа. Миний хувьд фэйсбүүкээрээ маш их олон иргэдтэйгээ найз болчихсон, тэд маань өдөр шөнөгүй л асуудлаа ярина. Ер нь маш олон дэмжигчтэй, пэйж хуудсаа хүртэл нээлээ. /инээв/ 

-Иргэдийнхээ итгэлийг хүлээж, хүндлэлийг дааж явна гэдэг том хариуцлага. Та ер нь ажилдаа ямар зарчмыг барьж ажилладаг вэ?

-Би иргэдэдээ ойр, нээлттэй байхыг эрмэлздэг. Хүний амьдралд сайн муу, зовлонтой жаргалтай маш олон цаг мөч өнгөрнө шүү дээ. Тиймээс ч иргэдээ сайн ойлгож, чадал хүрвэл тусалчих юмсан гэсэн сэтгэлээр хандсаар ирсэн.

Өөрийн амьдралд ч стрестэй, бухимдалтай үе байлаа ч иргэддээ хэзээ ч цааргалахгүй, өгөх зөвлөгөөгөө өгөөд явдаг. Шөнө ч байсан хамаагүй иргэд маань над руу чат, мессеж бичиж л байдаг, тэр бүрт хэзээ ч төвөгшөөлгүй, хариулаад  л явдаг. Тийм ч учраас иргэд маань надад их ойр байдаг байх. Энэ бол хүн чанарын асуудал л даа.

-Танай хорооны хувьд байшин хороолол гэдэг утгаараа бусад гэр хороолол ихтэй хороодыг бодоход тулгамдсан асуудал арай бага байдаг уу?

-Орлогогүй өрхүүд олон. Зөвхөн орон сууцтай, тогтмол орлогогүй, хүүхдийн мөнгөөрөө амьдардаг айлууд олон байна. Тэгсэн хэрнээ орон сууцтай гэдэг үндэслэлээр хүүхдийн мөнгөө авч чадахаа байсан айлууд ч байсан.

Харин Засгийн газраас шийдвэр гарч өрхийн амьжиргааны судалгаанд дахин хамруулж, орлогогүй эхчүүдийн материалыг хүлээн авахаар боллоо. Тэгэхээр ийм асуудлаар хандаж байсан өрхүүд маань хүүхдийн мөнгөө авах боломж бүрдэж байгаад миний хувьд баяртай байгаа. Нөгөөтэйгүүр авто зам, зогсоол, сантехник, хог гээд нэрлээд дурдаад байвал асуудал их ээ.

-Танай хороо бусад олон хүн амтай хороодыг бодоход харьцангуй цөөн болохоор ажлын ачаалал нь тэр хэрээр гайгүй байдаг байх?

-Хорооны ажил барагдахгүй шүү дээ. Хороо бол хог, тохижилт, цэвэрлэгээнээс эхлээд дэд бүтэц, онцгой байдал, эрүүл мэнд, спорт, нийгмийн асуудал гээд оролцохгүй салбар гэж байхгүй. Тэр хэрээр ажил маш их. Миний хувьд ажлаасаа яг 17:00 цагт гарч байсан удаа бараг байхгүй. 18:00 цаг өнгөрөөгөөд гарч байсан тохиолдол гарын 10 хуруунд ч хүрэхгүй. Үүнийг ар гэр маань ойлгож, дэмжиж байдагт нь үнэхээр их талархдаг.

Өчигдөр л гэхэд 22:00 цаг өнгөрөөгөөд гэртээ орлоо. Юу хийж явав гэхээр, манай тойргоос сонгогдсон Ц.Гарамжав гишүүн маань иргэдээ Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан шагнаж урамшуулна гэсэн учраас хорооныхоо болзол шаардлагыг нь хангасан ганц хоёр ч гэсэн иргэнээ хамруулахаар материалын бүрдлийг хангаад, гишүүний ажлын албанд хүргэж өгөх жишээтэй.

- УИХ-д сонгогдсон гишүүд, нийслэлд сонгогдсон Төлөөлөгчидтэйгөө хэр уялдаатай ажиллаж байна. Танай хороонд цөөнгүй бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхээр тусгагдсан байна билээ?

-Тийм ээ. Энэ жил манай хороонд нэлээд олон бүтээн байгуулалтууд хийгдэхээр болсон. Тухайлбал, Нийслэлийн хөрөнгө оруулалтаар мини хөл бөмбөгийн талбайтай цэцэрлэгт хүрээлэн баригдаж байна. Гүйцэтгэлийн ажил эхэлчихсэн, 50 хувьтай явж байна. Мөн дүүргийн Засаг даргын санаачилгаар “Номын сантай цэцэрлэгт хүрээлэн” төсөл хэрэгжих гэж байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтын  ажлууд хийгдэхэд манай тойргоос сонгогдсон нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Төлөөлөгч С.Мөнхчулуун дарга маш их сэтгэл гаргаж ажиллаж байгаад нийт иргэдийнхээ өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье. Үүнээс гадна 13 дугаар хорооны гадна талд авто зогсоолын асуудал маш хүнд байдаг. Тэгвэл энд нийслэлийн хөрөнгө оруулалтаар эко хавтангаар авто машины зогсоол барих ажил эхэлж байна.

Мөн дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Монголдоо хамгийн анхны мини бейсболын талбай барихаар болоод, зураг төсөв нь Барилгын хөгжлийн төв дээр хянагдаад явж байна. Энэ ажлыг иргэдийн бүлэг хийж гүйцэтгэх юм. Иргэдийн оролцоотой, амьдрах орчноо сайжруулах жилийн хүрээнд 12 дугаар байрны хойно иргэдийн санаачилгаар Засаг даргын Тамгын газар дэмжлэгээр ногоон байгууламжтай хайс хийгээд байна.

Жижигхэн талбай ч гэсэн ногоон байгууламж хийгээд, машин тавих талбайг гаргаж, тохижуулаад явж байна. Түүнээс гадна Залуус гудамжны зам дагуу бяцхан ногоон төглийн тохижилтын ажил хийгдсэн. Жаахан шигүү мод тарьчихсан чинь гэрэлтүүлэг хийх шаардлага гарч байгаа. Мөн “Манай хороо, миний гудамж” аянд идэвхитэй оролцох талаар аж ахуй нэгжүүддээ өөрийнхөө зүгээс уралдааны болзол, албан бичгийг хүргүүлж, идэвхитэй оролцохыг уриаллаа. Үүний дагуу аж ахуй нэгжүүд маань 7 сарын 1-ээс эхлээд товгор үсэгтэй гэрэлтүүлэг, хаягаар жигдрэхээр болоод байна. Нэг зүйлийг онцолж хэлэхэд энэ удаагийн сонгуулийн жилд МАН-аас УИХ-д сонгогдсон 6 гишүүн, Нийслэлийн ИТХ-д сонгогдсон 9 төлөөлөгч байгаа. Тэр хэрээр дүүрэгтээ маш их бүтээн байгуулалтын ажлыг татаж чадаж байгаад баяртай байгаа. Дүүргийн Төлөөлөгчөөр сонгогдон иргэдээ төлөөлж, дуу хоолой болж байгаа хүний хувьд маш их баяртай байгаа.

-Хороо хөгжих, сайн сайхан байх иргэдийн  санаачилгатай зайлшгүй уялдана. Нөгөөтэйгүүр Төлөөлөгч, Засаг даргынхаа хувьд иргэддээ хэр ойр ажиллаж байгаагаас их зүйл шалтгаалдаг л даа. Тэгэхээр иргэдээс гарсан санаачилгыг ажил хэрэг болгоод, бусдад үлгэр дуурайлал болхуйц хийсэн ажлаасаа дурдахгүй юу?

-Манай хорооны иргэд маш их санаачилгатай. Олон сайхан зүйлийг иргэдийнхээ санаачилгын хүрээнд хийж, ажил хэрэг болгосон. Үүнээс онцолж дурдахад 14 дүгээр байрны Мийгаа гээд залуу маань амьдрах орчноо сайжруулах, ая тухай байх талд анхаарч хувиасаа 2 сая төгрөг гаргаад, гэр бүлийнхээ нэрэмжит жижигхэн газрыг тохижуулсан. Мод тариад, зүлэгжүүлээд, цэцэг тарьсан. Тэр зүлэг модоо  өөрсдөө услаад, арчлаад явж байна.

Тэр залуугаар би бахархдаг. Монголчууд бид бүгд ийм гэгээлэг сэтгэлтэй, санал санаачилгатай, хариуцлагатай байвал улс орон маань хөгжөөд л явчихна гэж л боддог доо. Бид иргэддээ модны суулгац авчирч өгөөд, тариулаад, арчлаад яваарай гээд өөрсдөд нь даалгаад өгчихдөг. Манай ахмадууд маань бас өөрсдийн гэсэн хариуцаж тохижуулсан жижиг талбайтай. Түүнийгээ ээлжээр арчилж, тордоод явдаг.

-Сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудал гайгүй юу?

-Манай хорооны хувьд сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудал гайгүй шүү. Гэхдээ 31, 15 дугаар хороодын хүүхдүүдийг нэмж авдаг учраас ачаалал жаахан их. Төрийн өмчийн 3 цэцэрлэг, хувийн хоёр цэцэрлэг ажиллаж байна. Тиймээс харьцангуй гайгүй. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав цэцэрлэгүүдэд шинэ анги нээн өгч бас бэлэг барьсан байгаа.

-Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин бүрдсэн тал дээр та хороогоо хэрхэн үнэлэх вэ?

-Манай хороонд дүүрэгт бүү хэл нийслэлд байхгүй том аймшгийн балгас байна. Энэ балгасыг буулгах гэхээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй. Уг газрыг өмчлөгч нь энд тэндэхийн хог хаягдлыг цуглуулаад ямар ч стандартын шаардлага хангахгүй барилга барьчихсан, тэр нь хоёр удаа түймэр гарч шатаж байсан. Энэ балгасны хажуугаар хүн зорчиход маш аюултай. Хоёр удаагийн түймэр гарснаас гол багана нь шатаад нурж унахад бэлэн болчихсон байдаг. Үүнийг буулгах гэж би 2009 оноос хойш хөөцөлдөж байна.

Албан бичиг явуулж, телевиз, мэдээллийн хэрэгслэлээр мэдээллээд ч үнэхээр хүч хүрэхгүй байна. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй иргэн нь нийслэл, дүүрэгт маш өндөр шаадлага тавьж, оронд нь хотын төвд байрлалтай газар олгож өг, түүний дараа чөлөөлнө гэдэг юм билээ.

Үүнд Засаг дарга, Төлөөлөгчийн хувьд хүчин мөхөстөж байна. Анхнаасаа ер ашиглаагүй, тэгсэн хэрнээ газраа чөлөөлж өгдөггүй, ийм нэг асуудал байна. Үүн дээр бусад иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, төр төмөр нүүрээ үзүүлж, ямар нэгэн зоригтой шийдвэрийг гаргамаар байна гэж нийслэлийн Засаг даргад хэлмээр байна.

Иргэд гарын үсгээ цуглуулаад УИХ-ын гишүүн Ц.Гарамжавд хандсан. Ингээд нийслэлээс ажлын хэсэг байгуулагдсан байгаа. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хуралд уг иргэнийг дуудаж шаардлага тавьсан байна билээ. Энэ асуудлыг Нийслэлийн ИТХ-ын С.Мөнхчулуун Төлөөлөгч маань Төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаанд ямар ч гэсэн шийдэж, иргэдийн эрүүл аюулгүй нөхцөлд ажиллаж амьдрах нөхцөл бололцоог хангах асуудлыг анхааралдаа авсан байгаа.

-Нийслэлийн хувьд иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрх үнэхээр зарим талаар зөрчигдөж байна. Энэ асуудлыг цэгцэлэхэд төрийн анхан шатны нэгжид ажиллаж байгаа албан хаагчдын үүрэг  их байх?

-Хүн бүр хуулиа дээдэлдэг, иргэний журамт үүргээ биелүүлдэг, гудамжинд хогоо хаяхгүй, өөриймсөг сэтгэлтэй байх хэрэгтэй л дээ. Ядахдаа нэг барилга барьсан чиг л нийслэлийн өнгө үзэмжийг нэмсэн цэмцгэр юм хийж байх хэрэгтэй шүү дээ.

Нөгөөтэйгээр айл өрх, аж ахуй нэгж бүрт хариуцлагатай байх хэрэгтэй. Хэзээ мөдгүй нураад уначих гэж байгаа барилгаа Монгол улсын иргэний журамт үүргээ биелүүлээд нураагаад, газрыг нь чөлөөлөөд өгчих сэтгэлтэй байж гэмээнэ бид энэ эмх цэгцгүй байдлаас ангижирна. Хүн бүр л сэтгэлтэй байх хэрэгтэй.

-Төлөөлөгч, Засаг даргын ажлын сайн мууг сонгогдсон хорооны иргэдийн идэвхи, гаргасан амжилтаас нь харж болно. Ингэхэд хорооныхоо амжилт, ололтын талаар ярина уу?

- Манай хороонд бахархах амжилтууд олон бий. Энэ жил хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн манай хөрш оронд болж байна. НИТХ-ын Төлөөлөгч маань хөл бөмбөгийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнийг хоёр шатлалтайгаар зохион байгуулах гэж байна. Үүнд хүүхдүүдээ сайн оролцуулахаар бэлтгэж байгаа.

Манай хороо хийн дасгал, аэробикийн төрлөөр дүүрэг, нийслэлийн хэмжээнд маш амжилттай явж байгаа, 10-аад жил алт мөнгөн медаль хүртэж байгаа. Хийн дасгалаараа Монголдоо анхдагчид тооцогддог Оюунбилэг багш маань манай хороонд амьдардаг. Оюунбилэг багш маань сая иргэдтэй олон улсын том тэмцээнд яваад багаараа 2 дугаар байрт шалгараад ирлээ.

Баг дотроосоо шилдэг үзүүлбэрээр манай хорооны иргэн Ц.Оюунгэрэлийн үзүүлбэр шалгарч, шагнал хүртсэн байна билээ. Мөн манай хорооноос дэлхийн ой тогтоолтын тэмцээнд амжилттай оролцдог авъяаслаг хүүхдүүд бий. Бахархах зүйл их байна. Эрдэнэчимэг гээд дэлхийн мисс тэмцээнд амжилттай оролцоод ирсэн охин байна. Мөн манай хороонд шинжлэх ухааны чиглэлээр Нобелийн шагнал хүртсэн Эрдэнэцогт гээд иргэн байна. Энэ мэт амжилтуудыг дурдаад байвал олон. Энэ сайхан хорооныхоо иргэдийн итгэлийг хүлээж, Төлөөлөгч, Засаг даргаар ажиллаж байгаадаа маш их баяртай байдаг. Төлөөлөгчөөр сонгогдоод иргэдийнхээ дуу хоолой болж яваадаа бахархаж явдаг. Аль болох олонтойгоо ойр байхыг эрмэлздэг, иргэд маань ч намайг хүндэлж хайрладагт урамшиж л явна даа.

Танд баярлалаа
Ярилцсан Ч.Батмаа 
Эх сурвалж: http://songinokhairkhan.ub.khural.mn