Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг баталлаа
2018.06.29

Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг баталлаа

Өнөөдөр /2018.06.29/ УИХ-ын хаврын нэгдсэн чуулган хаалтаа хийнэ. Энэ хүрээнд ирэх намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталлаа. 

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргадаг. Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан танилцууллаа. 

Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар төсөл санаачлагчдаас урьдчилан санал авахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2, Улсын Их Хурал дахь намын бүлэг, Байнгын хороодоос 64, Засгийн газраас 104, нийтдээ 172 хууль тогтоомжийн төслийн санал ирүүлжээ. Тогтоолын төслийг боловсруулахдаа хуулиар хэлэлцэхийг нь тусгайлан заасан хууль тогтоомжийн төслүүдийг нэр зааж тусгах, харин хэлэлцүүлгийн шатанд байгаа болон хууль санаачлагчдаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж байх зарчим баримталсан. Түүнчлэн Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчдаас өргөн мэдүүлбэл намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг Улсын Их Хурлын даргад зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэнээ Байнгын хорооны дарга хэллээ.

Тогтоолын төсөлд Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар:

1.    Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл,

2.    Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл,

3.    Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл,

4.     “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,

5.    Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл,

6.    Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл,

7.    Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл,

8.    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл,

9.    Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,

10. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,

11. Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

12. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл,

13. Ус бохирдууулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

14. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн төсөл,

15. Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл,

16. Бусад гэсэн асуудлуудыг оруулсан байна. 

Эдгээрээс ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг өнөөдөр хэлэлцэх юм. Хэрвээ батлагдвал эдгээр жагсаалтаас хасагдана. Байнгын хорооноос гаргасан дээрх жагсаалтыг УИХ-ын олонхи нь дэмжсэнээр тогтоолын төсөл батлагдлаа. 

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn