2018.06.26

О.Содбилэг: Хаанаа ч хүрэхгүй гээд байгаа төсвийн гүйцэтгэл яагаад 100 хувьдаа хүрэхгүй байдаг юм бэ?

Өнөөдөр /2018.06.26/ АБГББХ-ны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга О.Содбилэг хаврын чуулган тарахад цөөхөн хоног үлдэж байхад төсвийн гүйцэтгэлийн асуудлыг оруулж ирсэн шалтгааны асуулаа.

УИХ-ын гишүүн О.Содбилэг: 2017 оны гүйцэтгэлийг тулгаж УИХ-д оруулж, гишүүдэд танилцах боломж олгосонгүй. Гүйцэтгэл нь Сангийн яам дээрээ яг хэзээ гардаг юм бэ? Аудит хэр хугацаанд шалгаад бидэнд ирж байна? Цагийг нь тулгаж өгөхөөр аль нь хэрэгжсэн, юуных нь төсөв зөв хэрэгжиж байна вэ гэдэг тал дээр мэдээлэл байхгүй байна. 2019 оны төсөв батлахад юун дээр анхаарах ёстой вэ гэдэг тал дээр ойлголттой болохын тулд бидэнд мэдээлэл хэрэгтэй. 

Байнгын хорооны харъяа байгууллагуудын төсвийн гүйцэтгэлийг харж байхад төлөвлөснөөсөө 93 хувь гэж байна. 2016 онд УИХ бүрэлдээд намрын чуулганаар төсөв хэлэлцэж байхад эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээнүүдийг авч, харъяа байгууллагуудын төсвийг маш их танасан. 2017 оны намар ч мөн төсөв батлах гэж байхад АБГББХ-нд батлаад оруулсан зүйлийг ТБХ-нд унагасан. Хаанаа ч хүрэхгүй байгаа гээд байгаа төсвийн гүйцэтгэл нь яагаад зарлага дээрээ 100 хувьдаа хүрдэггүй юм бэ? Энхийн цагийн үйл ажиллагааны төлөвлөснөөрөө явж чадахгүй, дипломат төлөөлөгчийн газрууд төсөв мөнгөгүй гэсэн мөртлөө гүйцэтгэл нь яагаад дутуу байдаг юм бэ?  

АСЕМ-ын асуудлууд яригдаж байна. 2016 онд энэ хурал болсон. Гэтэл 2017 оны гүйцэтгэлтэй ямар холбоотой болоод аудитын зүгээс яригдаад байна?

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга: Төсвийн гүйцэтгэл санхүүгийн жил дууссанаас эхлээд цагалбар дээр төсвийн хуульд заасны дагуу хугацаатай, тасралтгүй явагдаж байна. Шууд төсвийн захирагчид тайлангаа гаргаж, аудит хийлгэдэг. Энэ тайлангаа ерөнхийлөн захирагч дээрээ нэгтгээд төсвийн ерөнхийлөн захирагч нь дахиж аудит хийлгэж, Засгийн газрын нэгдсэн тайланг Сангийн яам аудит хийгдсэн төсвийн ерөнхийлөн захирагч дээр нэгтгэж хийдэг.

Хуульд зааснаар бол 5 сарын 10-нд Сангийн яам Засгийн газрын нэгдсэн тайланг Аудитын ерөнхий газарт хүргүүлдэг. Хуульд заасанчлан 6 сарын 10-нд Аудитын ерөнхий газар УИХ-д өргөн барьж, хаврын чуулганаар хэлэлцэнэ гэсэн зохицуулалттай байдаг. 

Сангийн яамны хувьд хязгаарлагдмал нөөц хөрөнгийг салбарын тулгамдсан бодлогыг нэгтгээд боломжит хэмжээгээр Засгийн газарт УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байна. 

Ажлын хэсэг: Өнгөрсөн онд ирсэн санхүүгийн тайланд зочид буудлын тавилгад 517 сая төгрөгний авлага барагдуулаагүй байсан учир дурдсан.

УИХ-ын гишүүн О.Содбилэг: Гүйцэтгэл нь бол хуулиараа 1 сарын 1-нээр гардаг юм байна. Гэтэл материалыг нь үзэж байхад 6 сарын 18-нд УИХ-д ирсэн байна. 6 сарын 10-нд ирэх ёстой байсан шүү дээ. Ажлын бүтэн долоо хоног байна. 

Ажлын хэсэг: Төрийн аудитын байгууллага төсвийн тухай хуулийн 54.1, 54.2-т заасан хугацаанд Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг Үндэсний аудитын газарт 5 сарын 10-нд хүргүүлдэг. Төрийн аудитын байгууллага ажлын 20 хоногийн дотор аудит хийж 6 сарын 10-ны дотор УИХ-д хүргүүлэх Төсвийн тухай хуулийн 8.9 дэх заалтын дагуу УИХ-д хүргүүлдэг. УИХ-д 6 сарын 10-нд хүргүүлээд ажлын 7 хоногт Засгийн газар аудитын дүгнэлтийг аваад, Засгийн газар тайлангаа УИХ-д хүргүүлэх үүрэгтэй учраас 6 сарын 18-нд тайлангаа өргөн барьж байна.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn