“Ногоон паспорт" аяны манлайлагчдыг тодрууллаа
УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Хандлагаа өөрчилье” санаачилга гаргаж, нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн Эко клубын сурагчдын дунд “Ногоон паспорт” аян өрнүүлсэн.
Өнгөрсөн гуравдугаар сараас эхэлсэн уг аяны явцад сурагчдын дунд олон нийтэд байгаль орчны мэдээлэл түгээх видео бичлэг хийх, Эко клубын багш нарын дунд шилдгийн шилдгийг шалгаруулах уралдаан зарласан. Энэхүү уралдааны шилдгүүдийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өнөөдөр хүлээн авч, шагналыг нь гардууллаа.
Олон нийтэд байгаль орчны мэдээлэл түгээх видео бичлэгийн уралдааны I байрт Нийслэлийн 52-р сургуулийн эко клубын сурагчид “Баатар” нэртэй бүтээлээрээ тэргүүлж, 1.000.000 төгрөг, өргөмжлөл. II байрт 15-р сургуулийн эко клубын сурагчид “Лаа асаах мөрөөр” бүтээлээрээ шалгарч, 800.000 төгрөг, өргөмжлөл. III байрт 29-р тусгай дунд сургуулийн эко клубынхэн “Байгаль дэлхийгээ хайрлая” бүтээлээрээ шалгарч, 500.000 төгрөг, өргөмжлөлөөр тус тус шагнуулсан юм.
С.Ариунсайхан: “Ногоон паспорт” аяны үр дүнд манай ангийн хөвгүүд цэцэг тарьж эхэлсэн шүү
Энэ үеэр II байрт шалгарсан 15-дугаар сургуулийн эко клубын ахлагч С.Ариусайхан “Бид уралдаанд сойсон бүтээлээрээ иргэд хогоо ангилж хаяахад юу дутагдалтай байна вэ гэдэг сэдвийг хөндөхийг зорьсон. Ингэхийн тулд маш олон судалгаа хийх явцдаа манай улсад хог дахин боловсруулах үйлдвэр байгуулах зайлшгүй шаардлагатай юм байна. Хэрэв энэ үйлдвэрийг байгуулж чадвал иргэд хогоо ангилна гэдэг санааг гаргасан. “Ногоон паспорт” аяныг санаачилсан БОАЖЯ-ныхандаа талархал илэрхийлж байна. Энэ аян хэрэгжсэнээр сурагчдын дунд маш их эерэг хандлага гарч байгаа. Би өөрийнхөө ангийн жишээн дээр л хэлэхэд манай ангийн хөвгүүд цэцэг тарьж, түүнийгээ арчилж сурахаас гадна усаа гамнах, байгалиа хамгаалах зөв хандлагатай болж байгаа” гэлээ.
Харин Эко клубын шилдгийн шилдэг багш шалгаруулах уралдаанд 10 багш шалгарсан юм. 29 дүгээр сургуулийн Эко клубын багш Ц.Эрдэнэтуяа гадаадад аялах эрхийн бичгээр шагнуулсан бол 60,127, 34, 17, 119, 12, Амгалан цогцолбор, Эрдмийн өргөө сургуулийн эко клубын 9 багш дотоодынхоо байгалийн үзэсгэлэнт газраар аялах эрхээр шагнуулсан юм.
М.Ариунжаргал: Сурагчид маань ногоон паспортоо идэвхтэй хөтөлж байгаа
Энэ үеэр Амгалан цогцолбор сургуулийн Эко клубын багш М.Ариунжаргал “Манай сургуулийн Эко клуб 3 багштайгаас өнөөдөр 2 нь шилдэг багшаар шалгарсанд баяртай байна. “Ногоон паспорт” аяныг санаачлагч БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаас энэхүү шагналаа гардсандаа үнэхээр сэтгэл хангалуун байна. Энэ аяныг цаг үеэ олсон үр өгөөжтжй аян гэж харж байгаа. Манай сургуулийн сурагчид энэхүү аяныг маш таатай хүлээж авсан. Эко клубын сурагчдаас гадна бусад сурагч ногоон паспорт эзэмших сонирхолтойгоо илэрхийлж байна. Ногоон паспорт эзэмшигч сурагчид маань маш үр дүнтэй хөтөлж байгаа. Хүүхдүүдийг багаас нь байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах үйлсэд уриалж, тэднээр дамжуулж нийгмээ өөрчлөхөөр хичээж байгаа байгаль орчны яамныхандаа талархал илэрхийлье” хэмээсэн юм.
Н.Цэрэнбат: Ногоон паспорт аяны үр дүнд 2030 оноос эхлэн хүний буруутай үйл ажиллагаанаас болж байгальд учирдаг хохирлын хэмжээг жилд 12 сая ам.доллараар хэмнэх тооцоо гаргасан
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат уралдаанд оролцож, шагнал гардагсдад баяр хүргээд “Ногоон паспорт аян маань байгаль дэлхийгээ хамгаалах томоохон ажлын эхлэл гэж би харж байгаа. Энэхүү аянд идэвхтэй оролцож, үе тэнгийнхнээ манлайлсан сурагчдадаа баяр хүргэе. Та бүхэн бол Монголын ирээдүй. Монголын ирээдүйг бэлтгэж байгаа багш нар маань энэ аяныг сайшаалтайгаар хүлээн авч, эко клубээ идэвхижүүлэн сурагчдаа манлайлан оролцсонд талархаж, баяр хүргэе. Ирээдүй хойчоосой зээлж хэрэглэж байгаа байгалийн баялгаа хойч үедээ үлдээх зорилготой “Ногоон паспорт” аяныг санаачилсан. “Ногоон паспорт” эзэшиж байгаа сурагчдаар дамжуулан байгалиа хамгаалах уриалга дэвшүүлснээр бид 2030 он гэхэд хүний буруутай үйл ажиллагаанаас болж байгаль орчинд учирдаг хохирлын хэмжээг жилд 12 сая ам.доллараар хэмнэх тооцоо гаргасан” хэмээлээ.
Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын Эко клубынхны дунд зарласан “Ногоон паспорт” аян ийнхүү өндөрлөж байгаа юм. Ирэх 9 дүгээр сарын 1-нээс эхлэн “Ногоон паспорт” аяныг орон даяар зарлах юм.