Хүнсчид аюулгүй, чанарын баталгаатай хүнсний бүтээгдэхүүн гаргахын төлөө хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байна
2018.06.11

Хүнсчид аюулгүй, чанарын баталгаатай хүнсний бүтээгдэхүүн гаргахын төлөө хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байна

Монголын хүнсчдийн холбооны VII Их хуралд нийт 228 гаруй төлөөлөгчид оролцож байгаагийн  70 гаруй нь орон нутгийн хүнсний үйлдвэрээс /18 аймаг дахь МХХ-ны салбар зөвлөлөөс/, 142  нь УБ хотын хүнсний үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид байлаа. Мөн түүнчлэн ХХААХҮЯ, СХЗГ, МХЕГ, УБ хотын захирагчийн ажлын алба зэрэг хамтын ажиллагаатай төр болон ТББ-ын олон зочид урилгаар оролцлоо.

Монголын хүнсчдийн холбооны VII Их хуралд оролцсон төлөөлөгчид

Журмын дагуу сонгогдсон нийт төлөөлөгчдийн 43 хувь Хүнсний инженер, технологч 5,6 хувь Механик инженер, 6,5  хувь Ахмад инженертехнологч зүтгэлтэн 17 хувь бизнесийн удирдлага, 9,5 хувь тус салбарт ажиллаж буй нийтлэг мэргэжлийн ажилтан, ажиллагсад байв. Төрийн бус  байгууллагын тухай хууль, Монголын хүнсчдийн холбооны дүрмийг удирдлага болгож, Удирдах зөвлөлийн 25 гишүүд, хяналтын зөвлөлийн 3 гишүүнийг шууд илээр сонгож батлав.

Мөн Монголын хүнсчдийн холбооны ерөнхийлөгчөөр Д.Тэрбишдагва  100 хувийн саналаар улиран сонгогдов.

Түүнчлэн Их хурлын холбооны дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, баталсан юм.

Холбооны тухай хүнсний аж үйлдвэрийн салбарын бодлогод мэргэжлийн зөвлөмж, туслалцаа хүргэх, гишүүн байгууллагын нийтлэг эрх ашгийг хамгаалах, тулгамдсан асуудлыг илэрхийлэх, дотоодын зах зээлийг бэхжүүлэх, хууль бус далд үйлдвэрлэлийг илрүүлэх үндсэн чиглэлтэйгээр үйл ажиллагаа явуулсны үр дүнд 18 аймаг, Нийслэлийн 390 гаруй гишүүн байгууллагатай болж өргөжсөн байна.

Монголын Хүнсчдийн Холбооны гүйцэтгэх захирал М.Говьсайхан

М.Говьсайхан: Ирэх 4 жил хүнсчдийн холбоо төрийн байгууллагуудтай хамтран ажиллах цар хүрээгээ нэмэгдүүлэх болно

-Монголын хүнсчдийн холбоо их хурлаа хийж, салбарын асуудлаа хэлэлцэж байна. Энэ удаагийн хурлаар яг ямар асуудлыг хөндөн ярилцах вэ?

-Монголын хүнсчдийн холбооны чуулган 4 жил тутам болдог. Энэ хурлаараа 4 жилийн хугацаанд хийсэн ажлын тайлан болон ирэх 4 жилд ямар бодлого, чиглэл баримталж ажиллах талаар их хурлынхаа нийт гишүүддээ санал, бодлоо хуваалцдаг. Их хуралд орн нутгаас, салбар зөвлөлүүдээс гишүүд ирж оролцож байна. Энэ удаагийн хуралд 17 аймаг, Улаанбаатар хотын салбар зөвлөлүүдийн нийт 228 төлөөлөгч оролцож байна. Энэ удаагийн хурлаар Монголын хүнсчдийн холбооны 2018-2022 оны Ерөнхийлөгчийг сонгоно. Мөн бага хурал болон удирдах зөвлөлийн гишүүдээ шинэчлэн тогтоож, цаашдын ажлынхаа төлөвлөгөөг ярилцана.

-Өнгөрсөн 4 жилийн хугацаанд танай холбооноос ямар бодлогын шинжтэй ажлуудыг зохион байгуулав? Ямар үр дүнд хүрсэн бэ?

-Энэ хугацаанд Монголын хүнчдийн холбоо салбарын төрийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлийн стандартыг боловсронгуй болгох чиглэлд нилээдгүй ажлыг хийсэн байна. Үүний үр дүнд холбооны гишүүн байгууллагуудын тоо тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Мөн хүнсний салбарт төрөөс зохион байгуулж  байгаа бүхий л ажлуудад манай холбоо оролцлоо. Хүсний аюулгүй байдал, чанар, стандартын чиглэлээр томоохон ажлуудыг олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулсан.

-Хүнсний салбартай холбогдолтой хэд хэдэн хууль батлагдсан. Хуулийн хэрэгжилт ямар түвшинд байна? Хүнсчдэд тулгарч буй бэрхшээлийг хууль эрх зүйн орчны хувьд зохицуулж чадсан гэж харж байна уу?

-Өнгөрсөн хугацаанд Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Баяжуулсан хүнсний тухай хууль батлагдлаа. Хууль батлагдах үед хүнс үйлдвэрлэгч нарын байр суурийг их хөндөж ярьсан. Хууль бодитой хэрэгжиж чадах уу, ямар бэрхшээл учрах вэ гэдэг талаас нь хуулийг батлагдахаас нь өмнө ажлын хэсэгт орж ажиллаа. Одоо хэрэгжих ажил л үлдэж байна.

-Ирэх 4 жилд Хүнсчдийн холбооноос ямар зорилт дэвшүүлж ажиллах вэ?

-Өнгөрсөн хугацаанд Хүнсчдийн холбоо хог хаягдалгүй технологийн үйлдвэрлэлийн чиглэлээр түлхүү бодлого барих зорилттой ажилласан. Харин ирэх 4 жилийн хугацаанд холбооныхоо цар хүрээг тэлж, төрийн байгууллагуудтай ажиллах харилцаагаа нилээдгүй өргөжүүлэх, төрийн зарим чиг үүргийг төрийн бус мэргэжлийн байгууллагуудад шилжүүлэх тал дээр өөрсдийн дуу хоолойгоо хүргэх чиглэлд бодлого барьж ажиллахаар болж байна.

-Хог хаягдалгүй технологийн үйлдвэрлэлийн чиглэлээр түлхүү ажилласан гэлээ. Үр дүн нь хэр байв?

-Сүүлийн жилүүдэд  хүнсний салбарт хөрөнгө оруулж байгаа хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдсэн. Хүнсний үйлдвэрлэлийн салбар өөрөө залуужиж байна. Олон улсад хэрэглэгдэж байгаа дэвшилтэт техник, технологийн ашиглалтын байдал ч мөн маш хурдацтай ахиж байна. Мөн хүн амыг чанартай, эрүүл, аюулгүй хүнсээр хангах чиглэлд баталгааны стандартуудыг хүнсний салбарт нэвтрүүлж, тодорхой хөрөнгө оруулж байгаа хандлага их болж байна. Тиймээс өнгөрсөн 4 жилийн хугацаанд дэвшилтэт техник технологийг ашиглаж, байгаль орчинд ээлтэй, хаягдал багатай бүтээгдэхүүний технологийг нэмэгдүүлэх чиглэлд ажилласны дүнд тодорхой үр дүнд хүрсэн гэж үзэж болно. Монгол Улсад хүнсний аюулгүй байдлын стандартыг нэвтрүүлсэн үйлдвэрүүд хэд байсан, өнөөдрийн байдлаар хэд болсон бэ гэдэг нь технологийн дэвшлийн үр дүн юм. Хэдий зардалтай байсан ч гэсэн олон улсын стандартын түвшинд нийцсэн чанарын шаардлагатай бүтээгдэхүүнй үйлдвэрлэх чиглэлд анхаарч ажилладаг болсон.

-Дараагийн Ерөнхийлөгчийн сонгоно гэж байна. Холбооны гүйцэтгэх захиралын хувьд дараагийн Ерөнхийлөгчөө ямар хүн байх ёстой гэж харж байна?

-Хүнсчдийн холбоонд зөвхөн гишүүн байгууллага гэлтгүй, хүнстэй холбоотой бүх салбар хамаардаг учраас энэ хүмүүсийн дуу хоолойг төр засгийн хэмжээнд хүргэх чадвартай, хүнсний үйлдвэрлэлийн салбарт мэргэшсэн, энэ чиглэлд ажиллаж байсан дадлага, туршлагатай, өндөр мэдлэг боловсролтой, гишүүн байгууллагуудынхаа эрх ашгийг хамгаалах чадвартай хүн байх ёстой гэж үзэж байна.