2018.06.11

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Монголын Хүнсчдийн холбооны тэргүүнээр улиран сонгогдлоо

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Монголын Хүнсчдийн холбооны VII их хурал болж өнгөрлөө. 4 жил тутамд болдог тус хурлаар монголын хүнсчид цуглаж, өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт өгч, ирэх 4 жилд баримтлах бодлогоо ярилцдаг. 

Энэ удаагийн хуралд Улаанбаатар хот болон орон нутгийн хүнсний үйлдвэрийн нийт 228 гаруй төлөөлөгчид оролцжээ. Түүнчлэн ХХААХҮЯ, СХЗГ, МХЕГ, УБ хотын захирагчийн ажлн алба зэрэг хамтын ажиллагаатай төр болон ТББ-ын зочид оролцсон байна.

Журмын дагуу сонгогдсон нийт төлөөлөгчдийн 43 хувь Хүнсний инженер, технологч 5,6 хувь Механик инженер, 6,5  хувь Ахмад инженертехнологч зүтгэлтэн 17 хувь бизнесийн удирдлага, 9,5 хувь тус салбарт ажиллаж буй нийтлэг мэргэжлийн ажилтан, ажиллагсад байв. Төрийн бус  байгууллагын тухай хууль, Монголын хүнсчдийн холбооны дүрмийг удирдлага болгож, Удирдах зөвлөлийн 25 гишүүд, хяналтын зөвлөлийн 3 гишүүнийг шууд илээр сонгож баталжээ.

Мөн Монголын хүнсчдийн холбооны ерөнхийлөгчөөр Д.Тэрбишдагва  100 хувийн саналаар улиран сонгогдсон байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: "Хүнсчдийн Холбоо цаашид ч Монгол улсын хүнсний бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх ялангуяа экспортын баримжаатай, экологийн цэвэр хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төр, засагт мэргэжлийн туслалцаа үзүүлэх, хүнсний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүнсний хэрэглээ, эрүүл ахуйн аюулгүй байдлын талаар иргэдэд мэдлэг олгох, эерэг дадал зуршил төлөвшүүлэх, гишүүн байгууллагын нийтлэг эрх ашгийг хамгаалах талаар тавьсан зорилгоо хэрэгжүүлэхийн тулд гишүүд дэмжигчдийнхээ хүчинд тулгуурлан төрийн болон төрийн бус байгуулагуудтай бүх талаар хамтран нягт ажиллах болно" гэсэн юм.

Дашрамд дурдахад, Монголын Хүнсчдийн Холбоо 1991 оны 12 дугаар сарын 6-нд тэр үеийн Хүнсний аж үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгж, үйлдвэрүүдийн удирдах ажилтнууд энэ салбарын төлөө мэдлэг оюун, сэтгэл зүрхээ зориулсан эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд санаа нэгдэн хуралдаж, Монголын Хүнсчдийн Холбоог үүсгэн байгуулсан билээ.