Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нарыг томиллоо
2018.05.24

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нарыг томиллоо

Өнөөдөр /2018.05.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар  Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон нэр дэвшигчдийн талаар хэлэлцлээ.

Нэр дэвшигчдийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгч захирамж гаргаж Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд нэр дэвшигчдийг санал болгосон бөгөөд энэ саналаа тавдугаар сарын 18-ны өдөр УИХ-д хүргүүлсэн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жарантавдугаар зүйлийн 65.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2-ыг тус тус үндэслэн тус захирамжийг гаргажээ. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэгийн оронд Б.Буяндэлгэрийг, Н.Жанцангийн оронд Г.Туулхүүг, Т.Лхагваагийн оронд Ц.Нанзаддоржийг тус тус томилуулах саналаа УИХ-д хүргүүлсэн байна. 

ХЗБХ-ноос гаргасан санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцууллаа.

Тус байнгын хороо 2018 оны 5 сарын 23-нд асуудлыг хэлэлцсэн бөгөөд  хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Б.Буяндэлгэрийг, 100 хувийн саналаар нэр дэвшигч Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарыг дэмжсэн байна.