Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.05.15) хуралдаанаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2015 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр баталж, мөрдөж байгаа бөгөөд 8 бүлэг 28 зүйлтэй. Энэ хуулиар Монгол Улсад хуулийн этгээд шинээр үүсэн байгуулагдсан, өөрчлөн байгуулагдсан, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бичгээр болон цахим хэлбэрээр бүртгэх, иргэн хуулийн этгээдэд лавлагаа олгох, улсын бүртгэл хөтлөхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг байна.
Гэсэн ч зарим зохицуулалтыг нягталж боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилт үр нөлөөг дээшлүүлэх, холбогдох бусад хуульд нийцүүлэх шаардлага үүссэн гэв. Энэ удаагийн шинэчилсэн найруулгын төслөөр зарчмын шинжтэй өөрчлөлтүүд орсноос гадна хуулийн нийт зүйл, заалтын талаас илүү буюу 14 зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт орж байгаа тул Хууль тогтоомжийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Төсөлд хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, бүртгэлийн зарим суурь харилцааг хуулийн хүрээнд илүү тодорхой болгох, бүртгэлийн байгууллагын зарим чиг үүргийг нийтэд ойлгомжтой болгох зорилгоор зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгасан байна.
Мөн хуулийн этгээдийн улсын бүртгэлд хамаарах бүртгэлийн хугацааг шинэчлэн тогтоох замаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн байгууллагаар үйлчлүүлэх хугацааг багасгах, өргөдөл гаргагчийн хуулийн этгээдийн нэрээ баталгаажуулснаас хойш 10 хоногийн дотор бүртгэлийн байгууллагад өргөдлөө гаргахаар заасан хугацааг уртасгаж тогтоосон байна.
Танилцуулгатай холбогдуулан Ц.Мөнх-Оргил гишүүн тодруулга хийв. Бүртгэлийн багц хуулийн төслийг боловсруулахдаа Иргэний хуулийн 33 дугаар зүйл дэх “ Хуулийн этгээдийн төрөл”, энэ зүйл дэх “ашгийн төлөө хуулийн этгээдийг нөхөрлөл, компанийн хэлбэрээр байгуулна”, “ашгийн төлөө бус хуулийн этгээдийг холбоо, сан, хоршооны хэлбэрээр байгуулна” гэснийг өөрчлөх асуудлыг тусгаагүйг лавлав. Хуулийн ийм хязгаарлалтаас болоод Монгол Улсын Их Сургууль өнөөдөр боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг улсын үйлдвэрийн газар гэдэг бүртгэлтэй байна. Гадаадын хөрөнгө оруулалттай зарим дунд болон их сургууль төрийн бус байгууллага гэж бүртгэлтэй байгаа.
Тухайлбал, ашгийн төлөө бусаар үйл ажиллагаа явуулж буй энэ байгууллагуудыг компани гэж бүртгэх шаардлагатай. Аж ахуйн үйл ажиллагаа явуулж, ашиг олно. Харин үүнийгээ ноогдол ашиг болгож тараахгүй, үйл ажиллагаагаа санхүүжүүлэх зарчмаар ашиглана. Үүнийг нь татварын алба хянадаг тогтолцоо байх нь зүйтэй. Бүртгэлээс үүдэн татварын ангилал нь ч өөр байх юм. Хуулийн этгээдийг бүртгэх төрийн гол зорилго бол тухайн байгууллага хэн нэгнийг хохироосон тохиолдолд хариуцлагыг хэн хүлээх вэ, удаад нь татвараа авах юм.
Одоо танилцуулж буй төсөлд үүнийг өөрчлөх зохицуулалт шаардлагатай гэдгийг хэлсэн. Тулгамдаад буй асуудлыг хөндөж буйг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд хүлээн зөвшөөрөөд салбарын яам үүнийг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор дээр дурдсан ажлуудыг хийж байгаа бөгөөд хэлэлцэж буй төсөлд тодорхой өөрчлөлтийг тусгасан гэв.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав одоо хэрэгжиж буй хуулийн хэрэгжилтийн тайлан, төслөөр зарчмын ямар өөрчлөлт оруулж байгааг тодруулж хариулт авсан.
Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан санал хэлэх гишүүн гараагүй тул санал хураалт явуулахад 66.7 хувь нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг чуулганын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжив.