Хуульзүй, дотоод хэргийн сайдыг огцруулах “Шаардлага” хүргүүллээ
0
2012.04.17

Хуульзүй, дотоод хэргийн сайдыг огцруулах “Шаардлага” хүргүүллээ

УИХ дахь Монгол Ардын намын нэр бүхий 9 гишүүн өнөөдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг албан тушаалаас нь огцруулах шаардлага хүргүүлсэн тухайгаа Төрийн ордны хуралдааны Г танхимд сэтгүүлчдэд мэдээллээ.Уг шаардлагад “2012 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах үеэр цагдаагийн бие бүрэлдэхүүн гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг хамгаалах, иргэдийн амар тайван амьдрах нөхцөлийг хангах үндсэн чиг үүргээ умартан Монгол Улсын Үндсэн хуулийг ноцтойгоор зөрчин, Монгол Улсын Их хурлын бүрэн эрх, УИХ-ын гишүүний хуулиар тусгайлан хамгаалагдсан эрхэнд халдсан гэмт хэрэг өдүүлсэн байна. Энэ буруутай үйлдлийн улс төр, ёсзүйн хариуцлагыг Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хүлээх ёстой. 

Иймд дээрх байдал болон МАН-ын удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан мэдэгдэл дэх “Хууль хяналтын байгууллагууд үйл ажиллагаа явуулахдаа бусдын өмч, эд хөрөнгөнд хууль бусаар халдаж болохгүй бөгөөд ийм зөрчил завхрал гаргасан албан тушаалтан хэнтэй ч болов хатуу хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг үндэслэн албан тушаалаас нь огцруулах санал тавьж байгааг зохих журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ. Төсөлд Д.Загджав, Ч.Улаан, Р.Раш, Ц.Даваасүрэн, Д.Балдан-Очир, Д.Тэрбишдагва, Ц.Батбаяр, О.Чулуунбат, Ц.Шинэбаяр нарын 9 гишүүн гарын үсэг зурсан байх бөгөөд энэ баримт бичигт гарын үсэг зураагүй ч мэдээлэл хийхэд оролцсон Ц.Цэнгэл гишүүн ярихдаа:-

Би гарын үсэг зурахад оролцоогүй, гэхдээ энд яригдсан балмад үйл ажиллагааг жигшин эсэргүүцэж байна. Гарын үсэг зурсан эдгээр гишүүн МАН-аас гарна гэж байгаа хэрэг биш, олон ургальч үзэл санаа аливаа нам дотор гардаг. Монголын төр сахилга, хариуцлагыг чангатгаж, Засгийн газар энэ талаар тодорхой арга хэмжээ авах ёстой, ард түмэн ч үүнийг хүсэн хүлээж байна гэлээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.