Бо Силайг Улстөрийн товчооноос хөөж, эхнэрийг нь баривчлав
Хятадын Коммунист намын Төв хороо сүүлийн үед элдэв дуулианд орооцолдох болсон Бо Силайг Улстөрийн товчооноос хөөж, түүний эхнэр Гу Кайлаг баривчилсан талаар «Синьхуа» агентлаг мэдээллээ. Гу Кайлагаас гадна гэрийн ажилтан Жан Сяоцзюнийг нь бас хорьжээ.
Тэднийг Их Британийн иргэн Нил Хейвудыг хөнөөсөн хэрэгт сэжиглэжээ. Шинжээч Вэнь Жао «Улстөрийн товчооны есөн гишүүний нэг Жоу Юнкан руу чиглэсэн улстөрийн их шуурга ойртож байгааг энэ бүхэн гэрчилж байна. Тэд нэг бол цаазаар авахуулна эсвэл удаан хугацаагаар хоригдоно» хэмээн мэдэгдэв. Түүний үзэж буйгаар Бо Силайн ард байгаа хүн буюу Жоу Юнкан ч шийтгэл амсах гэнэ.
Хятадын ирээдүйн лидер Си Цзиньпин өөрийн заналт дайсан Бо Силайг зайлуулахад эрх баригчдад тусалсан гэж «New Epoch Weekly» мэдээлэв. Уг нь Бо бүхнийг чадагч Улстөрийн товчоонд багтах дөхсөн. Гэтэл Чунцин хотын цагдаагийн дарга Ван Лицзюнь АНУ-ын Элчин сайдын яам руу очиж, улстөрийн орогнол хүсэхдээ Бо Силай болон бусад өндөр албан тушаалтны талаарх нууц мэдээллийг дамжуулснаар түүний огцрох эхлэлийг тавьсан юм.