Ууган намаа сэргээх асуудлыг  гаргаж тавина гэв
0
2012.04.16

Ууган намаа сэргээх асуудлыг гаргаж тавина гэв

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг албадан саатуулах явц нь хууль зөрчин, хэтэрхий балмад ажиллагаа болсны дээр УИХ-ын гишүүний биед халдсан, эд хэрэгслийг эвдсэн зөрчил гаргаж, УИХ-ын гишүүний халдашгүй байдалд халдсан, цаашлаад УИХ-ын онцгой эрхэд халдсан үйлдэл болсон гэж баривчлах үйл ажиллагааны үеэр газар дээр нь байсан УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, Ц.Шинэбаяр нар үзэж байна. Тиймээс дээрх дөрвөн гишүүн өчигдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд дүгнэлт гаргуулах хүсэлт тавин албан бичиг өгчээ.

Тэрбээр уг албан бичигт, энэ оны 4 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Монгол Улсын Ерөнхий­лөгч асан Н.Энхбаярын албадан саатуулах явцад УИХ-ын гишүүний биед халдсан, эд хэрэгслийг эвд­сэн зөрчил гар­лаа. Цагдаагийн бай­гууллагын ажилтнуудын энэ үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгааж­сан УИХ-ын гишүүний халдашгүй байдалд нөлөөлсөн эсэхийг тогтоох ажлын хэсэг томилон ажиллуулж, дүгнэлт гаргуулж өгнө үү гэсэн байна.

Тэд энэ албан бичгийг УИХ-ын даргын гэрт нь хүргэж өгс­нийхөө дараа Төрийн ордонд хэв­лэлийн бага хурал хийсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах гэж байгаа талаар хэвлэлээс мэдэн гишүүд тэнд очсон байна. Тэнд байсан бүх хүмүүс тал тал тийшээ утасдаж нөхцөл байдлыг танилцуулсан бө­гөөд Ерөнхий сайдтай холбогдож байдлыг танилцуулсан бол УИХ-ын дарга, ЦЕГ-ын даргатай холбог­дож чадаагүй ажээ. Тиймээс хууль зөрчсөн үйлдэл гарах вий гэдгээс болгоомжлон үйл явдлыг дуустал тэнд байхаар шийдсэн гэнэ.

Түүнчлэн тэнд зөвхөн УИХ-ын гишүүдийн биш жирийн ард иргэдийн эрх ноцтой зөрчигдсөн тул энэ үйл явдалд холбоотой хуулийн заалтын хэрэгжилтийг нэг бүрчлэн гаргаж хариуцлага тооцуулах талаар идэвхтэй ажиллана гэдгээ хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. Харин МАХН-ын бүлэг байгуулах гэж байсан талаарх сэтгүүлчдийн асуултад, зүүний чиглэлийн нам хамтран оролцвол сонгуульд ялах бололцоо байна гэж үзэж байсан. Өнгөрсөн үйл явдал байдлыг эрс өөрчиллөө. Эвсэж хамтарч ажиллах бололцоо байхгүй боллоо гэж үзэн өөр арга замыг эрэлхийлж эхэлсэн. Ууган намаа сэргээх асуудлыг нягт бо­ловсруулж гаргаж тавих нь зүйтэй гэсэн ойлголт төрж эхэлж байна гэж Ч.Улаан гишүүн хэллээ.

Мөн, баривчлан саатуулах ажил­­лагааны үеэр ноосон цамцтай нүүрэндээ багтай хүмүүс орж ирээд шууд «Гараа шилэндээ ав, хэвт» гэсэн. Тийм дээрэмчин төрхтэй хүмүүсийн шаардлагыг би тухайн үедээ тийм байдлаар эсэргүүцсэн. Төрийн хувцастай цагдааг бол би хүндэтгэнэ. Энэ үйлдэлдээ телевиз үзэгчдээсээ уучлал хүсч байна хэмээн УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр хэллээ.

Эх сурвалж: Монцамэ сонин 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.