“Цаазын ялыг сэргээх ерөнхийлөгчийн саналд уих цэг тавих боломжтой”
Монголын Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цаазаар авах ялыг сэргээх талаараа УИХ-д саналаа хүргүүлэхээр болсон. Энэ талаар хүний эрхийг хамгаалах “Эмнести Интернэшнл”-ийн гүйцэтгэх захирал Б.Алтантуяатай ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээх хууль санаачилна гэдгээ олон нийтэд зарлаад бас УИХ-д удахгүй өргөн барихаа хэлчихлээ. Цаазын ялыг сэргээх нь зөв гэж бодож байна уу?
-Мэдээж цаазын ялыг сэргээх нь маш буруу. Яагаад гэвэл Хүмүүнлэг нийгмийг байгуулна гэсэн Үндсэн хуулийн үзэл санаанаасаа ухралт хийсэн үйлдэл юм. Цаазаар авах ялыг халсан шинэчилсэн Эрүүгийн хууль өнгөрөгч оны долдугаар сарын 1-нд хүчин төгөлдөр болсон ч бүтэн таван сар ч хүрэлгүйгээр эргээд сэргээхийг санаархах нь байж боломгүй зүйл. Ерөнхийлөгч ХЗДХЯ-нд хандаж цаазаар авах ялыг сэргээх эсэхийг судлах санал хүргүүлсэн.
Энэ асуудлаар байгуулагдсан ажлын хэсэг санал нэгтэйгээр цаазаар авах ялыг сэргээх үндэслэл байхгүй гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Эрдэмтэн мэргэд, мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсохгүйгээр Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээх хууль санаачилна гэдгээ зарлаж байгаа нь Монгол улсыг төрийн нэгдсэн бодлогогүй, залгамж халаагүй, мөн Монгол хүний үнэ цэнийг улс төрийн нөлөөлөл, нийгмийн сэтгэл зүйгээс хамааралтай болгож байна.
Монгол улс энэ харгис ялыг халах талаар тодорхой дэвшлийг 50 орчим жилүүдийн зайтайгаар гаргаж ирсэн байдаг. Тухайлбал анх 1921 онд Үндсэн хуулиа хийхээр ярилцахдаа феодалын бурангуй ёстой нь хамт цаазын ялыг устгах тухай хэлэлцсэн байдаг. Харамсалтай нь тэр үед халалгүй үлдээснээс болж, мянга мянган лам нар, тухайн үедээ өөрөөр сэтгэж байсан хамаг сэхээтнүүдээ олноор нь цаазалж, их хэлмэгдүүлэлтийг бий болгосон гашуун түүх бий.
Үүнийгээ залруулах гэж 1953 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 93 тоот зарлигаар цаазын ялыг халсан боловч нэг гэр бүлийн гишүүдийг бүгдийг нь алсан хэргийн дараа олон нийтийн бухимдлыг дарахаар 10 сарын дараа буцаан 1954 онд сэргээснээ зарлаж, байр суурь дээрээ тууштай байж чадаагүй гэдэг. Тэглээ гээд онц ноцтой хүн амины хэрэг, бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэргүүд, бүр бүхэл бүтэн нэг гэр бүлийг хүйсээр нь тэмтэрсэн хэргүүд гарсаар л байсан.
Монгол улс 2010 оноос эхлэн цаазаар авах ялын гүйцэтгэлийг зогсоож, 2012 онд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хоёрдугаар нэмэлт протоколд нэгдэн орж, 2015 онд Эрүүгийн хуулиасаа цаазаар авах ялыг хасч, 2017 онд энэ хууль хэрэгжиж эхэлснээр цаазаар авах ялыг халсан 105 дахь улс болсон.
Ингэж бараг зуун жилийн турш хэлэлцэж, алдаж оносны эцэст, хэд хэдэн парламент дамжин судалсны үндсэн дээр хүний эрхийг баталгаажуулах чиглэлд гаргасан ахиц дэвшлээсээ ухарч, өмнөх алдаагаа давтах ёсгүй. Энэ бол Монгол төрийн бодлогын залгамж халаа, түүхээсээ суралцах тухай асуудал мөн.
-Монгол Улс, Монголын төр цаазын ялыг халсан шалтгаан юу байсан бэ. Иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо ч бас байсан байх?
Өнөөдөр Монгол улсыг оролцуулаад нийт 142 улс хуулиараа болон практикт цаазаар авах ялыг халаад байгаа. Сүүлийн жилүүдэд цаазаар авах ялыг халсан улс орнуудын тоо нэмэгдэж байгаа нь олон шалтгаантай. Тухайлбал хилсээр цаазалсан бол буцаах ямар ч боломжгүй, гэмт хэргээс сэргийлэх үр нөлөөгүй, ялгаварлан гадуурхах эсвэл улс төрийн зорилгоор хэрэглэх өндөр эрсдэлтэй, цаазаар авах ял өөрөө хүчирхийллийн тойргийг бий болгодог гэх мэт учир шалтгааны улмаас цаазаар авах ялаас татгалзаж байгаа.
Цаазын ялыг халж буй бусад орны туршлагаас харахад маш олон шалтгаан үндэслэлүүдийг хэлдэг. Ялангуяа шударга шүүхийн тогтолцоо дутмаг улс орнуудад цаазаар авах ялыг ялгаварлан гадуурхаж, нийгмийн эмзэг бүлгийнхэнд илүү оногдуулах, улс төрийн зорилгоор ашиглах гэх мэт.
Монгол улсын хувьд ч мөн НҮБ-ын гишүүн орны хувьд, цаашлаад цаазаар авах ял нь гэмт хэргийг зогсоох үр дүнгүй шийдэл төдийгүй, маш олон сөрөг үр дагавартай гэж үзсэн учраас энэ ялыг халсан. 2005-2006 онд Монгол улсад хийсэн судалгаагаар цаазын ял оноосон арван хүн тутмын гурвыг нь, бараг л гурван хүн тутмын нэгийг нь шүүхийн алдаанаас болж хилсээр цаазлах аюултай гэж гарсан.
1930-иад оны их хэлмэгдүүлэлтээс харахад ч улс төрийн зорилгоор хилсээр цаазлах өндөр эрсдэлтэйг харуулдаг. Энэ ял зөвхөн нэг хүнийг цаазалснаар зогсдоггүй үр дагавар нь ар гэрийнхэн, нутаг хошуу, цаашлаад нийгэмд хүнлэг бус хандлагыг байнга төрүүлдэг.
Нэгэн жишээ хэлэхэд нэг залуу нэгэн охиныг хүчирхийлээд алчихсан. Мэдээж охины эцэг эх амийг амиар хэмээн гомдол гаргаж, тэр ёсоор нь цаазалсан. Харамсалтай нь тэр залуу айлын ганц хүү байж таараад эх нь үрээ алдсанаасаа болж галзуурсан гэдэг.
Хүүгээ алдаад, эхнэр нь галзуурсныг ч эр нөхөр нь тэсэлгүй архинд ороод тэр айл гал голомтоороо сүйрсэн байдаг. Нутаг усандаа ажилтай амьдралтай гэгддэг тэр айл ийнхүү сүйрсэнд нутгийн олон охины эцэг эхийг буруутгаж харааж зүхэх, гадуурхах болсноор тэд төрсөн нутгаасаа дайжин өөр хүний нутаг орон руу шилжсэн гэдэг. Эцсийн эцэст хохирсон нь ч, хохироосон нь ч, дээр нь гэр бүлийнхэн нь хүртэл хохироод үлдсэн байдаг. Өөр бас нэг жишээ, эгч дүү хоёрын хүүхдүүд архи ууж суугаад маргалдсаны улмаас нэгнээ хутгалан хөнөөсөн гэдэг. Хүүгээ алдсан эцэг эх уурлан бухимдаж, амийг амиар гэж хүссэн бөгөөд шүүхээс цаазын ял оноохыг сонссон
эгч дүүсийн нэг нь нөгөөдөө “миний хүү уурын мунхгаар хүн алсан нь үнэн, гэхдээ чи сая миний хүүг төрийн нэрээр алчихлаа. Чи ч бас ялгаагүй алуурчин” гээд гарсан гэдэг. Энэ мэтээр цаазын ял ганц хүнийг биш, гэр бүлийг нь ялладаг, улмаар өширхөл, хонзогнолын үүдийг нээдэг, улмаар хүчирхийллийн дараагийн тойргийг бүрдүүлж байдаг юм.
-Ерөнхийлөгчийн зүгээс бага насны хүүхдийг хүчирхийлсэн бол гэдгийг тодотгоод байгаа шүү дээ?
-Ерөнхийлөгчийн цаазын ялыг дэмжих үндэслэлээ болгоод байгаа бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн 50 гаруй хувь нь гэр бүл, ураг төрлийн орчинд гардаг гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр миний дээр өгүүлсэнчлэн тухайн хүчирхийлэгчийг егүүтгэснээр асуудал дуусахгүй харин ч гэр бүл, ураг төрлийн хооронд зөрчил, өс, тэмцэл газар авна гэсэн үг.
Эсхүл үгсэн хуйвалдаж асуудлыг хав дарж гэмтнийг өөгшүүлэх, ял завшуулах, эсхүл гэмт хэргээ нуун дарахын тулд хүчирхийлэлд өртөгсдийг алах, гэрчүүдийг буюу түүнийг мэдсэн гэр бүлийнхээ гишүүдийг хамтад нь алах гээд хүчирхийллийн, аллагын тойргийг үүсгэнэ. Үүнээс л сэргийлж олон улс оронд эмэгтэйчүүд, хүүхэд, хүний эрхийн байгууллагууд цаазын ялыг халах талаар дуу хоолойгоо өргөсөөр ирсэн.
Цаазаар авах ялыг хамгийн ихээр хэрэглэдэг АНУ-ын Техас мужид 2007 онд бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдэд цаазын ял оноох нь зөв эсэх асуудал олон нийтийн дунд ихээхэн маргаан өрнүүлж, эцэстээ энэ ялыг оноох нь буруу гэсэн шийдэлд хүрсэн байдаг. Учир нь хохирогчийг хамгаалахаар гаргах цаазын ялыг сэргээх хууль нь эргээд хохирогчийг өөр эрсдэлд оруулах аюултайг харгалзан үзсэн байдаг. Чили улсад ч гэсэн мөн ийм түүх бий.
Монгол улсын хувьд цаазын ялыг ирээдүйд улс төрийн хэлмэгдүүлэлтийн зэвсэг бүү болоосой гэсэндээ, гэмгүй хүнийг ч хилсээр шийтгэчхээд байдаг шүүх тогтолцооноос хүнийг хамгаалах гэж, Монгол хүний амь насыг үнэ цэнэтэй болгох гэж халсан. Түүнээс биш хэн нэг гадны улс орон, харийнхны захиалгаар цаазын ялыг халаагүй.
Цаазаар авах ялыг халж байгаа нь гэмт хэргийг өршөөж байгаа хэрэг гэж хүмүүс ойлгоод байдаг. Тийм биш юм. Хүчингийн гэмт хэрэгтэн 10- 20 жил, бүх насаараа ч хоригдож төрийн хатуу цээрлэлийг хүртэнэ. Олон жил, бүр бүх насаараа нийгмээс тусгаарлагдана гэдэг бол тийм ч хүсэх амьдрал биш.
'ГЭМ БУРУУГҮЙ ХҮНД ГУРВАН УДАА ЦААЗААР АВАХ ЯЛ ӨГЧ БАЙСАН ГАШУУН ТҮҮХ БИЙ'
-Бид хэрэг хийгээгүй хүнд хоёр удаа цаазын ял өгч, дараа нь түүнийг цагаатгаж байсан. Цаазын ялыг сэргээж болохгүй байх шалтгаан олон бий. Хүний эрх талаас нь та тайлбарлавал?
-Завхан аймгийн иргэн Э-гийн хэрэг бол Монгол улсад цаазаар авах ял сонсоод эрхээ хамгаалж чадсан цорын ганц тохиолдол. Түүнд анхан шатны шүүхээс цаазаар авах ял гурван удаа оногдуулж, гарт нь гавтай, хөлд нь дөнгөтэй нийт 7 жил хорьсон байдаг. Хэдийгээр Монголын төр уучлал гуйн нөхөн төлбөр төлсөн боловч хоригдож байхдаа алдсан амьдралын цаг хугацаа, эрүүл биеийг нөхөн төлж өгч чадахгүй шүү дээ.
Эрүүдэн шүүгдсэн, хорихын хүнд нөхцөлд олон жил байсан амьд гэрчийн хувьд тэр хүн яагаад энэ ял хэрэггүйг нүдэнд харагдтал ярьж өгдөг юм. Миний хувьд түүний ярьсан нэг түүх санаанаас огт гардаггүй. Э-г хоригдож байхад нь эхнэрээ уурын зууханд шатааж алсан цаазын ялтай нэг залуу хамт хоригдсон гэдэг. Тэр эхнэрээ яаж алснаа, хэрхэн шатсаныг нь нэг бүрчлэн ярьж, баясан инээдэг байжээ.
Гэвч хийсэн нүгэл өөрийг нь идэж, хэдэн жил ч бололгүй хамаг нүх сүвээр нь идээ бээр гоожиж, өт хорхой шиг эвхрэн үйлээ үзэж үхсэн гэдэг. “Хүн алчхаад анх инээж орж ирсэн ч, тартагтаа тулаад өнгөрсөн. Гэтэл би түүнээс ч олон жил хоригдсон. Хэргийн үнэн мөн олдоно гэдэгт итгэж байсан учраас би өнөөдөр өдий зэрэгтэй байна” гэж надад хэлж билээ. Хэн нэг этгээд хэрэг хийсэн бол хийсэн хэрэгтээ тохирсон ялаа эдлэх ёстой. Тэгж байж сая нийгэмд шударга ёс тогтоно. Ял хатуу чанга байснаараа гэмт хэргээс сэргийлдэггүй.
-Цаазаар авах ялыг сэргээснээр улс төрийн хэлмэгдүүлэлт бий болох вий гэсэн болгоомжлол маш их байна. Гэхдээ сүүлийн үед насанд хүрээгүй бага насны хүүхдийг хүчирхийлсэн, нийгмийг сэрдхийлгэсэн үйлдлүүд их гарах болсон?
-Зөвхөн хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэгт цаазаар авах ялыг сэргээнэ гэж байгаа ч цаашдаа хэдэн ч хэрэгт сэргээхээр оролдохыг хэлэх аргагүй. Гэхдээ ямар ч тохиолдолд Монгол улсын тухайд цаазаар авах ялыг сэргээх боломжгүй. Монголын намууд хоорондоо, бүр дотроо хүртэл хагаралдан эрх мэдэл булаацалдаж, иргэд шүүхийн шударга эсэхэд эргэлзсэн энэ үед цаазаар авах ялыг сэргээвэл хилсээр хэрэглэхгүй гэсэн баталгаа байхгүй.
Мөн охид эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн олон байгууллага цаазаар авах ялыг сэргээснээр бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэл улам далд хэлбэрт орох аюултай гэдгийг ч ярьсаар, хэлсээр байгаа. Хэрхэн яаж хүчирхийлэгчийг бий болгохгүй байх вэ, ямар боловсрол олгох вэ, яаж ажилтай, тогтвортой амьдралтай, архины хамааралгүй болгох вэ, хүүхдүүдийг ясли цэцэрлэг гээд хараа хяналттай болгох вэ гэдэг ярианаас хөндийрүүлж, хүчирхийлэлд өртөөд хүүхэд хохирчихсон хойно нь цаазална гэж иргэдийг талцуулснаараа Ерөнхийлөгчийн энэ санал өөрөө бага насны хүүхдүүдийг хамгийн ихээр хэлмэгдүүлэх зүйл юм.
-Иргэний болон улс төрийн тухай олон улсын пактын II нэмэлт протокол нь өөрөө гарах заалтгүй протокол гэсэн. Хэрэв гарах заалтгүй протоколоо зөрчвөл Монголд ямар сөрөг үр дагавар үүсэх вэ?
-Монгол улс 2012 онд энэ протоколд сайн дураараа нэгдэн орсон. Нэгдэн орсон гэрээнээсээ гарсан тохиолдол дэлхий дахинд байхгүй. Тэгээд ч өөрийн чинь хэлснээр энэ протоколоос гарах тухай заалт байдаггүй. Тэгэхээр ямар сөрөг үр дагавар үүсдэгийг хэлэх боломжгүй. Олон улсын гэрээ гэдэг бол дуртай цагтаа гүйж ороод дургүйгээ хүрэхээр гараад байдаг зүйл биш.
Бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын тулд энэ ялыг сэргээх гэж байгаа, тиймээс гэрээнээс гарна гэдэг бол үндэслэлтэй тайлбар биш юм. Яагаад гэвэл маш олон судалгаагаар цаазаар авах ял гэмт хэргийн гаралт бууралтад ямар ч нөлөөгүй гэдэг нь харагддаг.
Хэрвээ та бүхэн интернетээс НҮБ-ын статистик мэдээлэл рүү орж бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүчингийн хэргийн талаарх улс орнуудын тоон мэдээллийг харвал цаазын ял оноодог орнуудад ч хүчингийн хэргийн гаралт өндөр байгааг харж болно. Харин ч эсрэгээр цаазын ялгүй байсан орнуудад гарсан хүчингийн хэрэг, хүн амины гэмт хэргийн гаралт харьцангуй бага байгааг харж болно.
-Монгол Улсын парламент өөрөө цаазаар авах ялыг бүр мөсөн халсан. Одоо эргээд төр өөрийнхөө гаргасан шийдвэрийн эсрэг энэ асуудлыг хөндөж байгааг та юу гэж харж байна?
-Сэргээх санаачилгыг Ерөнхийлөгч гаргаж зөвлөхүүд нь танилцуулсан, Ерөнхийлөгч өөрөө УИХ-д танилцуулсан болохоос Монголын Парламент үүнд огт хамаагүй. 76 хүний толгой яавч нэг хүний толгойноос илүү гэдэг нь ойлгомжтой. Монгол улсын Засгийн газрын зүгээс ч ийм гоомой зүйл хийхгүй байх.
Яагаад гэвэл энэ асуудлыг практикт хариуцан хийж байгаа мэргэжлийн байгууллагууд нь байгаа. Монгол улсын Ерөнхийлөгч хуулийн төслөө өргөн барьж болох ч эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Тийм болохоор УИХ-ын гишүүд олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтдаа хариуцлага хүлээж, сэтгэлийн хөөрлөөр биш, хууль тогтоогчийн байр сууринаас нухацтай хандана гэдэгт итгэлтэй байна.
-Цаазаар авах ялыг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилсныг та юу гэж харж байна вэ?
-Бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох гэж Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд оролдож байгаа нь сайшаалтай, гэхдээ шийдлээ зөв олсонгүй. “Би баригдвал ийм ял авна” гэж бодож гэмт хэрэг үйлддэг хүн байдаггүй, харин “би баригдахгүй” гэж бодоод л хийдэг.
Гэмт хэрэг үйлдэж байх үеийн сэтгэлзүйд, уурласан, догширсон, өширсөн, шунахайрсан, шүлэнгэтсэн байх үед Эрүүгийн хуульд ямар ял байх нь огт хамаагүй. Тиймээс цаазын ялаар сүрдүүлж, гэмт хэргээс сэргийлнэ гэдэг нь өөрөө ташаа ойлголт. Ерөнхийлөгч хүүхдийн эсрэг хүчирхийлэлд анхаарал тавьж байгаа нь сайн ч, шийдэл нь маш буруу. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох гэгч болох гээд байгаа учраас энэ чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудаас Ерөнхийлөгчид хандан захидал хүргүүлсэн.
“ШИНЭ ЭРҮҮГИЙН ХУУЛЬ ӨМНӨХ ХУУЛИАСАА ДЭВШИЛТТЭЙ”
-Магадгүй хуульд өөрчлөлт орвол ямар эрсдэл бий болох вий, бидэнд?
-Юуны түрүүн нөгөө таслан зогсоох гээд байгаа хүүхдийн эсрэг хүчирхийлэл далд хэлбэрт орж, наанаа тоо баримт буурсан мэт харагдах ч бодит байдалд гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн хүчирхийллийн гэмт хэргийн тоо өсч, хохирогч олшрох, айдас түгээж асуудлыг шийдэх гэсэн буруу хандлага газар авч хүчирхийлэл улам гаарах магадлалтай.
Үнэхээр л хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсоох гэж байгаа бол мэдээлэлгүйн улмаас цаазаар авах ял хэрэглэхийг шаардаж байгаа нэгнийг дэмжин түр зуур аргацаасан шийдвэр гаргах бус бодит мэдээлэлд тулгуурлан анхан шатны нэгжээс нь эхлэн хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, хүүхдийн эрхийн чиглэлээр ажиллаж байгаа төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудыг бүх талаар дэмжин, дүүрэг хороодын нийгмийн ажилтнуудыг хүртээмжтэй байлгах, чадавхжуулах зэргээр хүүхэд хамгааллыг бэхжүүлэн хүчирхийллээс хамгаалах зөв гарцыг олж хэрэгжүүлэх хэрэгтэй.
-Цаазаар авах ялаас өөр гэсгээн шийтгэх ял гэж байдаг уу. Одоогийн хүчин төгөлдөр хуулиар бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амь насыг нь хохироосон гэмт этгээдэд оноох ял оновчтой гэж та бодож байна уу?
-Одоогийн Эрүүгийн хуулиар бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэлд бүх насаар нь хорих ялыг сонголттой оногдуулахаар заасан. Энэ бол өмнөх Эрүүгийн хуулиасаа илүү дэвшилттэй болсон. Мэдээж иргэний нийгмийн байгууллагуудын идэвхтэн, энэ чиглэлээр мэргэшсэн ажилтнуудын дуу хоолойг бүрэн тусгаагүйгээс, магадгүй тусган оруулсан ч УИХ дээр болсон хэлэлцүүлгийн үеэр зарим нэг заалт суларсан, өргөн барьсан анхны үзэл баримтлалаасаа ухарсан заалт бий. Үүнийгээ засчихвал заавал цаазын ялыг сэргээх шаардлага огт байхгүй.
-Дэлхий дээр цөөхөн улс орон цаазын ялыг хэрэгжүүлдэг. Цаазын ялыг халаад, сэргээсэн улс орон байдаг уу. Сэргээснээр эрсдэл гарсан улс орны жишээ бий юу?
-Өнөөдөр дэлхийн улс орнуудын гуравны хоёроос илүү нь буюу 142 улс цаазаар авах ялыг халсан бол хадгалж үлдсэн 56 улс байгаа. Дайн мөргөлдөөний байдалд байгаа зарим нэг улс орон цаазаар авах ялыг эргэн сэргээж байгаа тохиолдол, эсхүл сэргээхээр оролдож байгаа тохиолдол их биш ч нэг, хоёр байна.
Сэргээж байгаа зорилго нь сөрөг хүчин, үндэсний цөөнхөө хоморголон дарах, өөрсдийн хийсэн гэмт үйлдлээ Олон улсын эрүүгийн шүүхээс бултуулж ял завших. Гэвч шударга үнэний шүүхээс хэн ч бултаж чадахгүй нь ойлгомжтой. Магад эрх барьж байгаа хэсэгхэн цаг хугацаанд сүр үзүүлж болох ч түүхийн урт хугацаандаа үнэнд гүйцэгдэнэ. Дур зоргоор аашилсан маш олон удирдагчид хожмоо олон улсын шүүхэд дуудагдсан цөөнгүй жишээ байдаг.