2018.03.13
Энэ онд нийслэлийн 38 мянган хүүхдийг дархлаажуулна
Өчигдөр Эрүүл мэндийн сайд Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллаж, вакцинжуулалтын явцтай танилцжээ. Өнгөрсөн онд тус дүүрэгт хийгдсэн вакцин үр дүнтэй байгаа аж. Уушигны хатгаа өвчний тохиолдол 40 гаруй хувиар буурсан байна.
Агаарын бохирдлоос үүдэлтэйгээр амьсгалын замын өвчний тархалт жилээс жилд нэмэгдсээр байгаа юм. Ялангуяа 0-2 насны хүүхэд багачуудын томуу, томуу тус өвчин нь хүндэрч улмаар уушигны хатгаа болох тохиолдол их байдаг аж. Монгол Улсын Засгийн газар өнгөрөгч 2016 оноос эхлэн уушигны хатгаа өвчний эсрэг вакцинжуулалтыг зарим дүүрэгт хийж эхэлсний нэг нь Сүхбаатар дүүрэг юм. Өнгөрсөн хугацаанд тус дүүргийн 0-2 насны 9433 хүүхэд хамрагджээ. Ингэснээр 2017 онд уушигны хатгаа өвчнөөр 514 хүүхэд оношлогдсон нь өмнөх жилээс 40 гаруй хувиар буурсан үзүүлэлт юм байна.