УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн
2018.02.02
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Үндэсний ЭВ НЭГДЛИЙГ хангах тухай УРИАЛГА гаргалаа
Монголчууд бид ардчилал, чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжсэнээр 28 жил замнасан ч улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшин хүссэн хэмжээнд хүрэлгүй, ард иргэд өнөөдрийн нөхцөл байдалдаа сэтгэл хангалуун бус байна.
Засаг захиргааны анхан болон дунд шатны нэгж баг, хороо, сум, дүүрэг болон аж ахуйн нэгж, байгууллагын салаа мөчир бүрт бий болсон хэт улстөржилт, намчирхал, талцал, жижиг эрх ашигт тулгуурласан ухвар мөчид бодлого, үйл ажиллагаа зэрэг нь Монголчууд бидний алсын харааг халхалж, хөгжлийн замд чөдөр, тушаа болсоор байна. Улс төрийн намуудаас төрийн бүх шатны үйл ажиллагаанд ил болон далд хэлбэрээр шууд оролцож, төрийн дээр зайдагнасан нам төвтэй улс төрийн тогтолцоо бий болгосныг өнгөрсөн хугацаанд Та бид халж чадсангүй.
Хагарал талцал, улстөржилт, намчирхлын зам нь үндэсний эв нэгдлийг хангахгүй, шударга ёсыг тогтоохгүй, хариуцлагатай төрийг бий болгохгүй, Монгол Улсыг хөгжүүлэхгүй болохыг Та бид хамтдаа хангалттай мэдэж, мэдэрлээ. Энэ бүхэн нь Монгол төрийн тогтвортой байдал төдийгүй ард түмний язгуур эрх ашиг хохирохын үндэс болоод байна.
Иймд ард иргэдээ хагарал талцал, намчирхал, улстөржилтөөс ангид байлгах, ирээдүй хойч үеэ зөв хандлагатай, эрүүл нийгэмд өсгөж төлөвшүүлэх, төр засгаа эрүүлжүүлж бэхжүүлэх, төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх нь улс орны хөгжлийн бодлогын үндэс болохыг иш үндэс болгон Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос “Үндэсний эв нэгдлийг хангах тухай" хуулийн төслийг санаачлан боловсруулж хууль тогтоогчдод өргөн бариад байна.
“Үндэсний эв нэгдлийг хангах тухай" хууль болон Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд оруулахаар зорьж байгаа нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд бид Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн улс төрийн нам болон төрийн үйл ажиллагааны зохистой зааг, хүрээг тогтоож, дараахь асуудлуудыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Үүнд:
1. Анхан ба дунд шатны иргэдийн нийтийн болон төлөөлөгчдийн хурлын түвшинд улс төрийн намуудын оролцоог болиулж иргэд намын харьяалалгүй төлөөллийг сонгох, баг, хороо, сум дүүргийн засаг захиргааны нэгжид улс төрийн албан хаагчдыг төрийн жинхэнэ албан хаагч болгох замаар засаг захиргааны анхан шатны нэгж, төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагад бий болсон намчирхал, талцлыг зогсооно;
2. Монгол Улсын язгуур эрх ашиг, урт хугацааны хөгжлийн бодлого, эдийн засаг, үндэсний аюулгүй байдлын томоохон асуудлаар улс төрийн нам, эвсэл, иргэний нийгмийн байгууллагууд улстөржихгүй, нэгдмэл байр суурьтай байж, тавьсан зорилтоо тууштай хэрэгжүүлэх үндэсний зөвшилцлийн эрх зүйн орчин, ил тод шийдвэр гаргах зөвшилцлийн тогтолцоог бий болгоно. Улс орны хөгжлийн бодлогыг төрийн эрх барьж байгаа улс төрийн намын үзэл баримтлал, чиг хандлагын ялгааг үл харгалзан бүх Засгийн газар хэлбэрэлтгүй, тууштай хэрэгжүүлдэг байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ;
3. Төрийг бэхжүүлж, төрийн жинхэнэ албыг аливаа улс төрийн намаас хараат бус, намчирхал, улстөржилтөөс бүрэн ангид байлгах зорилтын хүрээнд улс төрийн нам төрийн захиргааны жинхэнэ албаны үйл ажиллагаа, томилгоонд шууд болон шууд бус байдлаар оролцох, улс төрийн намаар дамжиж төрийн жинхэнэ албанд орох, бэлтгэгдэх, тэдгээр нь намын ашиг сонирхлын төлөө нөлөөллийн үйл ажиллагаа явуулах зэргийг хатуу хориглоно;
4.Төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар улс төрийн намуудын оролцоо, нөлөөлөл, зарим үйл ажиллагааг хязгаарлах эрх зүйн орчныг боловсронгуй болгож, зөрчсөн тохиолдолд улс төрийн нам болон улс төрийн албан хаагчдад хүлээлгэх хариуцлагын тогголцоог бүрдүүлнэ.
Монголын ард түмний язгуур эрх ашиг, хөгжлийн бодлогын асуудлаар нэгдмэл байр суурьтай байж, хамтарч ажиллан, ирээдүй, хойч үеийнхээ хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулан, саналаа ирүүлэхийг нийт улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагууд болон ард иргэддээ уриалж байна.
Саруул ухаанаараа зөвшилцөн нэгдэж, сайхан Монгол орноо хөгжүүлцгээе!
НИЙГМИЙН АРДЧИЛАЛ МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО
УИХ-ын гишүүн, НАМЗХ-ы Ерөнхийлөгч Г.Тэмүүлэн