Татварын нэмэгдлийг буцаах төслийг хэлэлцэх асуудлаар маргаан үүсэв
2018.02.01Дугаар : 50559
Өнөөдөр /2017.02.01/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас яаралтайгаар оруулж ирсэн ХХОАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн.
УИХ-аар дээрх хуулийг баталснаар 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн 1.5 сая төгрөгөөс дээших орлогод шатлалаар татвар ногдуулсныг буцааж, 10 хувийн татвар ногдуулахаар болж буй юм. Засгийн газар Олон улсын валютын сантай хэлэлцээр хийсний үндсэн дээр татварын энэхүү нэмэгдлийг буцаах тохиролцоонд хүрсэн юм.
Харин хэлэлцэх асуудлын дарааллын талаар ширүүхэн маргаан үүссэн юм. УИХ дахь Ардчилсан намын бүлэг Засгийн газрыг шийдвэрээсээ дахин дахин эргэж буцсан, тогтворгүй байдалтай байгааг шүүмжилж, хоёрхон татварыг биш 9 төрлийн татвараа бүгдийг нь эргэн харах нь зөв хэмээн шүүмжилж чуулган дээр лоозон барьж, жагсаал цуглаан зохион байгуулж буйгаа мэдэгдсэн юм.
УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭ: НЭРТЭЙГЭЭР НЬ МОНГОЛ ТӨРИЙНХӨӨ ТАМГЫГ ОУВС-ГИЙН ДАРГАД ШИЛЖҮҮЛЭЭД ӨГЧИХӨӨЧ
Эргэж буцсан, тогтворгүй бодлоготой төр удаан хол явахгүй. Зөвхөн ХАОАТ, нийгмийн даатгалын насны асуудал биш нэмэх гэж байгаа 9 төрлийн татвараа аль нь зөв, аль нь буруу гэдгийг нэг бүрчлэн ярьж, хэлэлцэх хэрэгтэй.
ОУВС гээд “хадны мангаа” урдаа барьчихаад, шаардлага гэсэн нэрийн дор яваад байна.
Энэ Монгол Улс төртэй улс юм уу, төргүй улс юм уу? Үндсэн хуультай, тусгаар тогтносон улс гэж ойлгож байна. Бид өнөөдөр ард түмнээс сонгогдоод, Монгол Улсын төрийн эрхийг бариад энд сууж байгаа парламентын засаглалтай улс. Гэтэл ОУВС гээд мөнгөтэй улсын байгуулсан олон улсын санхүүгийн байгууллагын дохио, заавраар хөдөлдөг байдлаа хэзээ болих юм бэ? Нэртэйгээр нь Монгол төрийнхөө тамгыг ОУВС-гийн даргад шилжүүлээд өгчихөөч. Тусгаар улс мөн юм бол бодлогоо бие дааж явуул, биш бол ОУВС-д эрхээ шилжүүл.
Өнөөдөр талбай дээр болж байгаа жагсаалыг Ардчилсан нам гэж битгий хараарай. Ард түмний төлөөлөл болсон үгээ хэлж байгаа ард түмний үгийг сонсож, тавьсан шаардлагыг хүлээж авч, биелүүлэхийг та бүхнээс шаардаж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛД: ТА НАР ЧУУЛГАНЫ ТАНХИМЫГ ХААЖ БОЛНО. АРД ТҮМНИЙ АМЫГ ХААЖ ЧАДАХГҮЙ
Та нарын ард түмнээс 65 суудлын санал авч, сонгуулийн хоосон амлалтаар хуурч хийсэн нь хүн болгоны нүдэн дээр ил байна. Ард түмний шаардлагыг Ардчилсан нам ард түмэнэйгээ нийлж илэрхийлэхээс өөр аргагүй байна.
60 тэрбумын үр дүнд 65 суудал авсан.
Үүний цаана ард түмнийг өдөр болгон хоосон амлалтаараа хуурч, өдөр болгон хийж байгаа алхам бүр нь ард түмнээр тоглосон ийм нөхцөл байдлыг бид хүлээн зөвшөөрч чадахгүй. Мафын бүлэглэл, дээрэмчид хүнээс мөнгө дээрэмдчихээд чамайг алаагүйн төлөө баярла гэдэг шиг МАН ард түний амьдралыг туйлдуулах, бизнес эрхлэгчдийг туйлдуулах, ард түмний халаасанд гараа шургуулах бүх алхамыг хийчихээд хагас алхам ухарснаа одоо татвар буурууллаа, цалин тэтгэвэрийг нэмлээ, тэтгэврийн насыг буурууллаа гээд улаан цайм худлаа ярьж байна.
Энэ бүх зүйл нийгмийг асар их бухимдал руу түлхэж байна. Үүнийхээ хариуг та бүхэн хүртэх ёстой. Ирэх долоо хоногт чуулганаа завсарлуулаад, сөрөг хүчний амыг таглаад дураараа дургина гэж бодож байгаа байх. Энэ бүх хугацаанд ард түмэн босох болно. Ард түмэн өөрийнхөө байр суурийг илэрхийлэх болно. Та нар чуулганы танхимыг хаагаад явж болно. Ард түмний амыг хааж чадахгүй.
Иргэдийг уриалж жагсах ёсзүйн эрх АН-ынханд байхгүй
2017.12.31Дугаар : 50566
Харин УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өнөөдрийн нөхцөл байдлыг АН өөрөө үүсгэсэн учраас ард түмнийг ингэж турхирах эрх байхгүй гэсэн байр суурьтай байсан юм.
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АРД ТҮМНИЙГ УРИАЛЖ ЖАГСААЛ ЦУГЛААН ХИЙХ ЁСЗҮЙН ЭРХ АН-ЫНХАНД БАЙХГҮЙ
Өнөөдрийг хүртэл цөөнхийг дэмжих үедээ дэмжиж бас хамгаалж ирсэн. Энэ бол парламентын ардчилсан тогтолцоог хамгаалахын төлөө байсан. Гэхдээ өнөөдөр дэндэж байна.
Жагсаж цуглах бол Үндсэн хуулиар олгогдсон Монгол Улсын үндсэн эрх.
ГЭХДЭЭ АРД ТҮМНИЙГ УРИАЛЖ ЖАГСАХ ЁСЗҮЙН ЭРХТЭЙ ХҮМҮҮС БОЛ ТА НАР БИШ.
Эвдрэх дөхөж байгаа элсэн цаг чинь зогсох дөхөж байгааг ойлгож байна. Гэхдээ өнгөрсөн 25 жилд энэ бүх зүйлийг хийсэн та нар өнөөдөр ард иргэдийг ийм байдлаар, ийм олон гоё лоозонгоор уриалах ёсзүйн эрхтэй хүмүүс биш. Нийгэмд өнөөдөр гуравдахь хүчин үгүйлэгдэж байгааг ойлгож байна. Гэхдээ яав ч та нарын орон зай биш.
Их олон гоё лоозон тавьсан байна. Баялаг бүтээгчдийг дэмжье гэсэн байна. Та нар баялаг бүтээгчдийг дэмжсэн үү? 2012 онд эдийн засаг 17.5 хувьтай байсан ч 2016 онд 0 хувьтай болгоод, баялаг бүтээгчид бүгдээрээ хууль хяналтын өмнө өвдөг сөгдөж, бүгдээрээ шоронд орож байхад та нар хийхгүй яасан юм бэ?
Нийгмийн дундаж давхаргыг дэмжье гэж бичсэн байна. Чингис, Самурай бонд 1.5 сая долларыг гаргаад, үүнийгээ бүлэглэлийн зарчмаар хуваагаад, Хөгжлийн банкаар дамжуулаад, хувааж идсэн чинь дундаж давхаргыг дэмжиж байгаа бодлого байсан юм уу?
Шударга ёсыг тогтооё гэсэн байна. Та нарын үед Монгол Улсын хууль хяналтын байгууллага шатрын хүү мэт өмнө чинь өрөөстэй, түүгээрээ дамжуулж байлдаж тоглож байсныг чинь ард түмэн мартах болоогүй. Та нарын шаардаад байсан тэр асуудлыг чинь өнөөдөр хэлэлцэх гэж байхад чуулган дээр орж ирээд ийм увайгүй байдлаар улстөр хийх ёсзүйн эрх та нарт байхгүй.
Хаврын ээлжит чуулган өндөрлөх дөхөж байна. Энэ хугацаанд илүү ажил хэрэгч байх тал дээр та бүхнээс шаардах эрхтэй. Ард түмэн жагсах эрхтэй. Нийгэм хүнд байгааг ойлгож байна. Энэ нөхцөл байдалд хүргэсэн хүмүүс өнөөдөр ард иргэдийг буцааж, уриалж, авиргүй аашлах эрх байхгүй. Та бүхнийг ёсзүйтэй байхыг шаардаж байна. Хэлэлцэх асуудал руугаа шууд орох горимын саналтай байна.
УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ: ШҮҮМЖИЛЖ БАЙСАН АСУУДЛЫГ НЬ ХЭЛЭЛЦЭЖ БАЙХАД АН-ЫНХАН УУРЛААД БАЙГАА ШАЛТГААНЫГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА
ХХОАТ, тэтгэврийн настай холбоотой энэ чухал асуудлуудыг ингэж цаг алдалгүй шуухай оруулж ирж, хэлэлцэж байгаад талархалтай байна. Өргөдлийн байнгын хороонд татвар, тэтгэвэртэй холбоотой асуудлаар 6700-гаад хүний өргөдөл ирсэн. Иргэд өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудалд талархалтай хандаж байгаагаа илэрхийлж байна.
Тогтвортой бай гэж ярьж байна. Бид богино хугацаанд арга хэмжээ аваад, энэ хугацаандааа эдийн засгаа өсгөөд, валютын нөөцөө тэрбум болгоод явж байна. Тиймээс эдийн засгийн үр өгөөж бага байгаа ч гэсэн иргэд рүүгээ хандуулъя. Зохицуулалт хийх жаахан ч гэсэн боломж гарлаа гэдэг үүднээс асуудалд хандаж байна. Үүн дээр яагаад Ардчилсан намынхан уурлаад байгааг ойлгохгүй байна. Хэлэлцэх асуудал руугаа шууд орох саналтай байна.
Ийнхүү УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, М.Оюунчимэг нар хэлэлцэх асуудал руу шууд орох горимын санал гаргасан тул, санал хураасан. Хуралдаанд оролцогсдын 74.1 хувь нь уг саналыг дэмжсэн тул ХХОАТ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн юм.
Агаарын тээвэрт либералчлах цаг БОЛООГҮЙ
144хүн дэмжив
Агаарын тээвэрт либералчлах цаг БОЛСОН
54хүн дэмжив