М.Билэгт: Тухайн үед УИХ-ын гишүүд улсаа бодоод ОУВС-ын зарим нөхцлийг зөвшөөрсөн
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2018.01.30/ хуралдаан Улсын Их Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр баталсан “Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай”, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулиудын хэрэгжилтийн талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэж санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Билэгт "2012-2016 онд АН засаг барьж байхад тэдний алдаатай бодлогоос болж улс орон хямралд орж, иргэдийн бодит амьдралд хүнд нөлөөлсөн. Тиймээс ч ард түмэн дүнгээ тавьж 2016 онд МАН-ыг сонгосон. МАН-ын Засгийн газар байгуулагдах тэр үед улс орон дампуурахаас өөр аргагүй болчихсон байсан. Тиймээс ОУВС-ын хөтөлбөрт хамрагдах шийдвэр гаргасан. Тухайн үед хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй нөхцөлүүд байсан. Гишүүд хэдий дэмжихгүй байсан ч улсаа дампууруулахгүй тулд зөвшөөрсөн. Харин Засгийн газар эдийн засаг тодорхой хэмжээнд сэргэж ирэхээр татваруудаа эргэж харъя, одоо өөр алга гэж байсан" гэдгийг хэллээ.