2009.09.18

25 жилийн хаягдлыг эргүүлэн ашиглана

Шинэ технологи нэвтрүүлж дотоодын хэрэгцээгээ хангана

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл нар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй Хөтөлийн "Цемент шохойн" үйлдвэр болон тус үйлдвэрийг түшиглэн боссон үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Хөтөлийн "Цемент шохойн" үйлдвэрийг 1987 онд ашиглалтад оруулжээ. Тус үйлдвэрийн шохойн үйлдвэр 1984 онд, цементийн үйлдвэрийн нэгдүгээр шугам 1985 онд, үүнээс нэг жилийн дараа хоёрдугаар шугам нь ажиллаж эхэлсэн аж. Харин 1987 онд Хөтөлийн цогцолбор бүхэлдээ дэд бүтцийн хамт ашиглалтад оржээ. Энэ үйлдвэр жилд 65 мянган тонн шохой, 500 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрээс шохойгоо авч одоогоор -400, -500 маркийн портланд цемент үйлдвэрлэж байна.

Бидний буусан эхний зогсоол бол үйлдвэрийн дамжлагатай танилцсан явдал байв. Биднийг очиход төмөр бетон дэрний үйлдвэрийн ерөнхий инженер Ч.Түмэнбаяр албаны хүмүүстэй угтан үйлдвэрийнхээ үйл явцтай танилцуулсан юм. Тус үйлдвэрт одоогоор технологийн шинэчлэл чухал шаардлагатай байгаа аж. Ингэснээр бүтээгдэхүүний өртөг хямдрах юм байна. Одоогийн байдлаар тус үйлдвэрт цементийн технологийн хоёр шугам ажилладаг гэнэ.

Нэгдүгээр шугамыг горимын дагуу ажиллуулж, хоёрдугаар шугамыг хуурай аргын технологид шилжүүлснээр 480 мянган тонн чулуунцар, цементийн хагас бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоотой болох аж. Харин нойтон аргын технологийн шугамыг ажиллуулснаар жилд 250 мянган тонн цемент үйлдвэрлэх бололцоотой юм. Хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдвэл жил гаруйн дараа техникийн шинэчлэл явагдаж дуусна.

Ингэснээр жилд сая гаруй тонн цемент үйлдвэрлэх тооцоо гарчээ.

Энэ шинэчлэлт нь тус үйлдвэрт төдийгүй манай улсад ихээхэн ач холбогдолтой аж. Бүтээгдэхүүний тоо хэмжээ өссөнөөр өртөг, зардал багасч эцсийн бүтээгдэхүүн болон барилгын материалын өртөг хямдрах юм байна. Ингэснээр ажиллагсдын цалин нэмэгдэх сайн талтай. Үндсэн бааз бутлуур, дамжлага, уулын карьер зэрэг технологиуд горимоороо ажиллаж байгаа бөгөөд нэмэлт тоног төхөөрөмж суурилагдах аж. Цементийн үйлдвэрийн хамгийн гол технологийн процесс явагддаг эргэх зуух 150 метрийн урттай дөрвөн метрийн диаметртэй байдаг бол энэ зуухыг 60-70 метрийн урттай болгож тайрах аж. Ингэснээр түлшний хэмнэлт гарна. Одоогийн нойтон аргын технологиор хоёр дахин бага түлш зарцуулж цемент үйлдвэрлэх боломжтой юм байна. Энэ ажил болон дулаан солилцуулагч тоноглол хийх зураг төсөл бэлэн болсон байна.

Тус үйлдвэрийн төмөр бетон дэрний үйлдвэр 1997 онд байгуулагдсан. Жилд 216 мянган тонн төмөр бетон үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор хүчин чадлынхаа 30 хувийг ашигладаг байна. Байгуулагдсанаасаа хойш 500 км газар төмөр бетон дэртэй үе тавих ажил хийжээ. Энэ онд замын их засвараар 53 км замд төмөр бетон дэртэй засвар хийгдэх ёстой. Үүнийг 70-80 хувийг хийсэн аж. Тус үйлдвэр ирэх сарын 15-ны дотор шаардлагатай төмөр бетоныг нийлүүлэхээр гурван ээлжээр ажиллаж байна.

Мөн сайд "Хөтөлийн занар" компанийн керамзитын үйлдвэртэй танилцлаа. Энэ нь аав, хүү хоёрын босгосон шинэхэн үйлдвэр бөгөөд барилгын тусгаарлагч материал, керамзит үйлдвэрлэх юм. Жилд 30м/куб керамзит үйлдвэрлэх хүчин чадалтай энэ үйлдвэр долоо хоногийн дараа ажлаа эхлэх аж. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор 60 гаруй хүнийг ажлын байраар хангах юм байна. Эднийх үйлдвэрийнхээ анхны бүтээгдэхүүнээр цементийн нэмэлт гарган авах гэнэ. Үүнийг үйлдвэрлэхдээ ч бусдаас онцлогтой ажиллах талаар ярив. Барилгын чанарыг сайжруулахын тулд цементэд эрдсийн идэвхид нэмэлт хийдэг. Үүнийг байгалийн эрдсээр хийдэг бол тус үйлдвэрийн мэргэжилтнүүд зохиомлоор хийх аргачлал судалж үйлдвэрлэлд нэвтрүүлэх гэнэ. Барилгын бетоны хөнгөн дүүргэгч, дулаан тусгаарлагч зэргийг хийхдээ ч хаягдал түүхий эд ашиглах аж. Одоо ашиглаж байгаа дулаан тусгаарлагчид үнсийг хэрэглэдэг нь үзэмж муутайн дээр бохирдол ихтэй байдаг аж.

Дулаан тусгаарлагчийг хийхэд цемент огт ашиглахгүй. Харин Хөтөлийн цемент шохойн үйлдвэрээс 25 жилийн турш ялгарсан шохойн чулууны хаягдлыг эргүүлэн шатааж ашиглах юм. Үндэсний хэмжээнд үйлдвэрлэж байгаа учраас чанарын тал дээр ярих юм байхгүй гэж аав, хүү хоёр ярьсан. Бусад цементийн үйлдвэрүүд дээрх материалуудыг үйлдвэрлэхдээ Дорноговь аймгаас нэг метр кубыг 65 мянган төгрөгөөр худалдан авдаг бол дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ тэд 40 мянган төгрөгөөр нийлүүлэхээр төлөвлөжээ.

Хүчин чадлаа бүрэн ашиглаж чадахгүй байна
Сэлэнгэ аймгийн Хөтөл үйлдвэрийн хот юм гэсэн сэтгэгдлийг өөрийн эрхгүй төрүүлж байв. Эндхийн ард иргэд үйлдвэрээ түшиглэн амьжиргаагаа залгуулдаг. Шинээр нээгдэж буй олон үйлдвэр нь иргэдийг ажлын байраар хангахаас гадна дотооддоо байгаагүй шинэ дэвшилт бүхнийг цогцлоохоор хүчин чармайж байгаа нь эндээс харагдаж байлаа.

Үүний нэг нь "Хөтөл ган" компани юм. Эднийх тоног төхөөрөмжийн засвар, сэлбэгийн үйлдвэрлэл явуулдаг. Харин "Барилгын материалын болон үндэсний үйлдвэрийн гадаадаас орж ирдэг сэлбэг төхөөрөмжийг дотооддоо нийлүүлэх зорилготой байгуулагдсан. Цутгуурын болон механик боловсруулалтын цехтэй. Цутгуурын цехэд 1.5 тоннын цахилгаан нуман зууханд ган болон ширэм бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Цутгаад авсан хагас боловсруулсан бүтээгдэхүүнээ механик цехээр дамжуулан иж бүрнээр нь боловсруулдаг гэнэ. Дотоодын хэрэгцээгээ хангахаар эрэлт хэрэгцээнд тулгуурлан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна.
Жилдээ 2000 орчим тонн хаягдал төмрийг хайлж боловсруулах хүчин чадалтай. 60 гаруй ажилтантай. Одоогоор эдийн засгийн хямралаас үүдэн барилгын салбар зогсонги байдалд орсны улмаас хүчин чадлаа бүрэн ашиглаж чадахгүй байгаа аж. Түүнчлэн дотоодын үйлдвэрүүдийн захиалга 2008 оноос эрс багассан учир үйлдвэр зогсонги байдалд байна. Гэхдээ хүчин чадлаа бүрэн ашиглаж ажиллахын тулд эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Тус үйлдвэрийн ерөнхий захирал Ж.Нармандах "Үйлдвэр бараг сул зогсож байгаа ч эрэлт хэрэгцээ ихтэй ган бөмбөлөг, барилгын арматурын шугам үйлдвэрлэх боломжтой. Тиймээс урд хөршийн "Бугат"-ын төмөрлөгийн үйлдвэртэй хамтарсан үйлдвэр болгохоор ярилцаж байгаа. Хамтарсан үйлдвэр болбол ган бөмбөлгийг их хэмжээгээр үйлдвэрлэх болно. Ган бөмбөлөгийг "Эрдэнэт" хотын цементийн болон алтны үйлдвэр, дулааны цахилгаан станцуудын хэрэгцээнд нийлүүлнэ" гэв.

Борлуулалтад менежмент дутагдаж байна

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлээс зарим зүйлийг тодрууллаа.

-Үйлдвэрлэгчид ямар санал бодолтой байна вэ?

-Манай орны зах зээл Хятад улсынх шиг том байсан бол бидэнд өрсөлдөх боломж нээлттэй байх байлаа. Харамсалтай нь манайх бага учраас нэгж бүтээгдэхүүний өртөг өндөр гардаг. Энэ байдлыг төр засаг ойлгож дэмжлэг үзүүлэх ёстой. Бид бүгд үйлдвэрийн дамжлагатай танилцаж байдлыг нүдээр үзлээ шүү дээ. Манай мэргэжилтнүүд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулахыг хүсч байна. Гэхдээ үүнд менежмент дутагдаж байна. Үүнийг өөрчлөхийн тулд Хятадын үйлдвэрлэгчдээс дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалах хэрэгтэй. Ингэхийн тулд дэр, бетон болон цементийн үнэ тарифын хориг тавих ёстой. Төсвийн хөрөнгө оруулалтаар зөвхөн дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг авах ёстой. Ингэж байж гадны том үйлдвэрлэгчидтэй өрсөлдөнө. Үгүй бол бид үйлдвэрүүдээ бүгдийг нь зогсоохоос өөр ямар ч аргагүй.

-Энэ үйлдвэр хувьчлалд өртсөн байгаа. Энэ тал дээр таны байр суурь ямар байна?

-Хөтөл зэрэг улсын томоохон үйлдвэрүүдийг хувьчлалын жагсаалтаас гаргах хэрэгтэй талаар сайд ярьсан. Хувьчлалын жагсаалтад байвал Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Хөтөлийн үйлдвэрийг шинэчлэх боломжгүй болоод байна. Жишээ нь 2000-2004 онд Марубены үйлдвэр төслөөр орж ирээд 40 сая ам.долларын өртөгтэй хөрөнгө оруулалт хийхээр ярьж байсан. Гэтэл Засгийн газар гэнэт "Хөтөл"-ийг хувьчилна гэж ярьсан. Нэгэнт хувьчилж байгаа бол бид Засгийн газар хоорондын зээлийг хувийн компанид өгөх ямар ч арга байхгүй. Тэгэхээр энэ мэтчилэн Хөтөлийн үйлдвэрийн шинэчлэлт байнга зогсдог. Бид шинэчлэх шаардлагатай үйлдвэрүүдийг хувьчлалын жагсаалтаас гаргах хэрэгтэй. Засгийн газар хоорондын хэлэлцээрээр орж ирж байгаа хөрөнгө оруулалтаар техник технологийн шинэчлэлт хийх ёстой гэж үзэж байна.

-Гэхдээ зарим улс оронд цементийг стратегийн бүтээгдэхүүн гэж үзээд дотооддоо үйлдвэрлэн гаднаас оруулж ирэхийг хориглосон байдаг?

-Хятад улс руу бид цемент гаргая гэхээр авахгүй. Яагаад гэвэл өөрсдийнхөө цементийн үйлдвэрийг хамгаална. Тэгсэн хэрнээ манай улс руу чөлөөтэй оруулж ирдэг. Ийм байж болохгүй шүү дээ. Хятадын цементийг чөлөөтэй оруулж байгаа бол зөрүүлээд өөрсдийн бүтээгдэхүүнээ ч гэсэн чөлөөтэй гаргах хэрэгтэй. Тэгж байж бид үйлдвэрээ өрсөлдөх чадварт хүргэнэ. Үндэсний үйлдвэрлэл нурж унах бас нэгэн гол аюул бол мэргэжлийн боловсон хүчин удахгүй бүгд ганзагын наймаачид болно. Тэгэхээр бид яаж үндэсний үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын тухай ярих вэ.

Хэлсэн амласнаа биелүүлж ажиллахыг хүсэв

ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл нар үйлдвэрүүдтэй танилцсаны дараа ажилчидтай уулзлаа. Ажилчдын хувьд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж ажиллахыг тэднээс аминчлан хүсч байлаа. Уулзалтын явцад сайд Х.Баттулга "Бид өрсөлдөх чадвараа сайжруулах хэрэгтэй. Та бүгдийн энэ байдлыг бид ойлгоод төр засгаас анхаарах хэрэгтэйг харж байна. Би багадаа үйлдвэрт ажиллаж байсан учраас үйлдвэртэй холбоотой зовлон жаргалыг мэднэ. Бид зах зээлд өрсөлдөх хэрэгтэй. Хэрхэн өрсөлдөх талаар олон арга байна. Үүнээс л зөв гарцыг нь олох хэрэгтэй" гэв.

Үйлдвэрийн ажилчид техникийн шинэчлэлтийг хийж, хувьчлалаас нь хойшлуулж, улсын үйлдвэрээ цаашид дэмжин ажиллахыг хүссэн. Хэлсэн амласнаа биелүүлж ажиллаарай, бид хүлээж ажлаа сайн хийж байх болноо хэмээн амлав. Тэд үйлдвэртээ олон жил ажиллаж, ажлаа арван хуруу шигээ мэддэг болсон учраас бидний ирээдүйг баталгаажуулж өгөөрэй гэж хүсэв.

Уулзалтын дараа сайд Х.Баттулга сэтгүүлчидтэй уулзсан юм.

-Үйлдвэрлэлийг сэргээх боломж байна уу?

-Төр засгийн зүгээс технологийн өртгийг буулгах бүхий л төрлийн арга хэмжээг авах хэрэгтэй байна. Ийм том баазыг ахин барьж байгуулна гэдэг их хөрөнгө шаардах асуудал. Зөвхөн нийслэлчүүдийн 60-70 хувь нь гэр хороололд амьдардаг. Орон сууц гэдэг маань цемент гэсэн үг шүү дээ. Цементийн үйлдвэрийг 30-35 сая орчим ам.доллараар босгох боломж байна. Дотоодын банкууд ийм хэмжээний санхүүжилт хийж чадахгүй учраас гадаад эх үүсвэрт хандах хэрэгтэй болно. Мөн Засгийн газар тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх хоёр арга байна. Барилгын салбар хямралд өртөөд одоогоор борлуулалт байхгүй болчихсон. Энэ салбар 2004-2008 оны үе шиг сэргэж, Хөшигтийн хөндийд барих нисэх буудлын асуудал хөндөгдвөл шинээр төмөр зам тавихад дэр бетон нийлүүлэгдэх болно. Ингэснээр үйлдвэрлэл сэргэнэ.

-Хятад улсын нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр манайд байгуулагдах нь гэж ажилчид бухимдангуй байна. Энэ нь хэр бодитой мэдээлэл вэ?

-Энэ бол Өвөрмонголд байдаг үйлдвэр. Манайд салбараа нээе, ингэхийн тулд Монголын 0зах зээл рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулна гэсэн зүйл ярьсан. Дотоодод үйлдвэрлэл явагдах нь гэдэг утгаар яамны зүгээс дэмжсэн. Гэхдээ 51 хувь нь Монголын талд байна шүү гэдэг саналыг тавьж байгаа.

Үйлдвэрлэл эрхлээгүй ч худалдан авах санал ирж байна

Үүний дараагаар "Хөх ган" үйлдвэрийн явцтай танилцахаар "Эрдэнэт" хот руу хөдөллөө. Үйлдвэрлэлийн бүс нутаг гэж хэлж болохоор энэ хотод өндөр байшин, үйлдвэрийн яндан онцгойрон харагдаж байв. Тус хотод нээгдэж буй "Хөх ган" нь Монголд нээгдэж байгаа төмөрлөгийн үйлдвэр аж.

Тус үйлдвэр тун удахгүй үйл ажиллагаагаа эхлэнэ. "Эрдэнэт" хотод байгаа ажилгүй залуусын 30 хувийг ажлын байраар хангах аж. Төмрийн баяжмалыг ангижруулан хэлбэрт оруулан гаргадаг юм байна. Харин баяжмал нь хүчилтөрөгчгүй учраас соронзон чанаргүй, ангижраад ирэхээрээ соронзон чанартай болдог аж. Ингээд төмөр бий болдог байна.

Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр болон бусад газарт шарик нийлүүлэх юм. Ингэснээр импортын метал шарикийг дотооддоо хангаж үндэсний үйлдвэрээ дэмжин ажиллах зорилготой. Одоо үйлдвэрлэл явуулахад бэлэн болсон бөгөөд үйлдвэрийн галлагаа эхэлснээс хойш 30-45 хоногийн дараа эхний бүтээгдэхүүн гарах аж. Эрдэнэт хотод Монголын анхны төмөр, гангийн үйлдвэрийн суурь ийнхүү тавигдлаа.

"Хятадын компаниуд Сэлэнгийн Төмөртийн орд болон бусад ордоос зөвхөн төмрийн баяжмал ачиж байна. Харин бид төмөр гаргаад нэмүү өртгөө нэмээд зарж байгаа нь худалдан авагчдад ашигтай юм. Дотоодынхоо төмрийн хэрэгцээг өөрсдөө хангана. Сингапурын хувь нийлүүлсэн компани болон Солонгос улсаас бүтээгдэхүүн худалдан авах санал ч цөөнгүй ирж байгаа" гэв. Томоохон үйлдвэрийн суурь тавигдаж байгаа энэ хотын залуус ч шинэ үйлдвэрийн ачаар ажлын байраар хангагдаж байна. Одоогоор тус үйлдвэр нэг шугамаараа ажиллаж байгаа ч хоёр дахь шугам ашиглалтад орвол 300 гаруй хүн ажилтай болох нь.

Үйлдвэрүүдийн үйл явцтай танилцах явцад тэндэхийн ажилтнуудаар бахархах сэтгэл төрж байлаа. Дэмжлэг туслалцаа хүлээсэн тэд, үйлдвэрээ зогсоочихгүйн тулд өдөр шөнөгүй зүтгэж байгаа аж.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.