Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 11 дүгээр зөвлөлдөх уулзалтад оролцов
УИХ-ын гишүүн, УИХ дахь Европын парламенттай харилцах бүлгийн дарга Н.Оюундарь, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг нар Брюссель хотноо 12 дугаар сарын 7-ны өдөр болсон Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 11 дүгээр зөвлөлдөх уулзалтад оролцов.
Төлөөлөгчдийг Европын Парламентын Төв Ази, Монгол Улстай харилцах бүлгийн дарга Ивета Григуле хүлээн авч уулзав. Уг уулзалтын үеэр хоёр талын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, парламент хоорондын 10 дугаар уулзалтаас хойш гарсан өөрчлөлт болон цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, аюулгүй байдал, бүс нутгийн асуудлуудаар санал солилцов.
Монгол Улсад болсон УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгууль манай улсын ардчилсан тогтолцоо иргэний идэвхтэй нийгэмтэйгээ нягтран бэхжсэнийг харуулсан болохыг Европын Парламентын зүгээс тэмдэглэв.
Мөн Европын Холбоо манай эдийн засгийн бүтцийн шинэчлэлийн үйл явцад санхүүгийн дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлэхээ амласан. Түүнчлэн өнгөрсөн хоёр жилд хоёр талын харилцаанд томоохон үйл явдлууд тохиож Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр (ТХАХ) 11 дүгээр сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсныг хоёр тал сайшаан тэмдэглээд энэхүү хэлэлцээр нь хоёр талын одоогийн харилцааг цаашид улам бэхжүүлж, сайн засаглал, хүний эрх, тогтвортой хөгжлийн нийтлэг зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.
Мөн Улаанбаатар хотод Европын Холбооны Төлөөлөгчийн газар нээгдсэн нь дээрх хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажил нь харилцааны тэргүүлэх чиглэл болсныг хоёр тал тэмдэглэлээ.
Түүнчлэн Европын холбооноос гаргасан татварын тааламжгүй орчин бүхий улсуудын жагсаалтад Монгол Улсын нэрийг оруулсанд харамсч байгаагаа УИХ-ын гишүүн Н.Оюундарь тэмдэглээд дараагийн жагсаалтаас Монгол Улсын нэрийг хасуулах чиглэлээр хамтран ажиллахыг санал болгов.
Монгол Улсын Их Хурал дахь Европын Парламенттай харилцах бүлэг болон Европын Парламентын Монгол Улс, Төв Азитай харилцах бүлэг хамтын ажиллагааны нэгэнт тогтсон хэлбэрүүдийг улам бэхжүүлж, цаашид хоёр орны ард түмний тусын тулд харилцан ашигтай харилцааг гүнзгийрүүлэн төрөлжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлж, уулзалтын дүнгээр хамтарсан мэдэгдэл гаргасан болно.
Мөн Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулсан ТХАХ хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан талууд Монгол Улсын Их Хурал, Европын Парламентын хооронд Парламентын хамтын ажиллагааны Хороо байгуулахаар тохиролцов. Уулзалтын үеэр УИХ-ын төлөөлөгчид Европын Парламентын байранд залах "Алтан гэрэгэ" гардуулсан байна. "Алтан гэрэгэ" нь Нью-Йорк дахь НҮБ-ын төв байр болон Вена дахь төвийн гол танхимд залагдсан байдаг гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.