Сүрьеэ өвчний талаарх олон улсын сайд нарын бага хуралд оролцож байна
2017.11.17

Сүрьеэ өвчний талаарх олон улсын сайд нарын бага хуралд оролцож байна

“Тогтвортой хөгжлийн эрин үед сүрьеэ өвчнийг устгахад салбар хоорондын хариу арга хэмжээ олон улсын сайд нарын бага хурал 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Оросын Холбооны Улсын Москва хотноо эхэллээ. Энэ удаагийн бага хуралд ДЭМБ-ын 114 гишүүн орны төлөөлөл, 75 Эрүүл мэндийн сайд, Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар болон 279 хамтран ажиллагч түнш байгууллагын төлөөлөл оролцож байна.

Бага хурлыг нээж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, ОХУ-ын Эрүүлийг хамгаалахын сайд Вероника Скворцова, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос Гебрейсус, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мухамед болон бусад олон улсын байгууллагын өндөр түвшний хүмүүс үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв.

Сүрьеэ нь эмчлэгддэг өвчин боловч уг өвчний улмаас жилд 1.7 сая хүн нас барж, 10 сая хүн өвчилж, халдварт өвчний нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж байгаа тул дэлхий нийт болон улс орнуудын түвшинд сүрьеэтэй тэмцэх үйл ажиллагаа, арга хэмжээг эрчимжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд сүрьеэгийн эрт илрүүлэлт, салбар хоорондын хамтын ажиллагаа, оношилгоо эмчилгээний дэвшилтэт аргууд чухал болохыг онцлон тэмдэглэв.

Энэ удаагийн бага хурлын зорилго нь тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд сүрьеэг устгах стратегийн хэрэгжилтийг эрчимжүүлж онд зохион байгуулагдах НҮБ-ын Сүрьеэгийн асуудлаархи Дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангах явдал юм.

Бага хурлын 2 дахь өдөр сайд нарын салбар хуралдаанууд зохион байгуулагдах бөгөөд Тогтвортой хөгжлийн зорилтуудын явцын хяналт шинжилгээ, үнэлгээ сэдвийн дор зохион байгуулагдах салбар хуралдаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцож, үг хэлнэ. Бага хурал үргэлжилж байна.

Сүрьеэ өвчлөлийн талаарх хурлын талаарх мэдээлэл