Б.Баттөмөр: Ирэх онд өмч хувьчлалаар 100 тэрбумыг төвлөрүүлнэ
УИХ-ын гишүүн, 2018 оны төсвийн төсөлийн ажлын хэсгийн гишүүн Б.Баттөмөртай ярилцлаа.
-Ирэх оны төсөв хэр зэрэг бодитой төсөв болж байна вэ?
-Ирэх жилийн төсөв 7.2 их наяд төгрөгийн орлоготой, 9.6 их наядын зарлагатай. Төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний найман хувьтай тэнцэж байгаа. Алдагдал их байгаа гэсэн үг. Монгол Улсын төсөв их хялбархан ш дээ.
Ирэх жилийн хувьд 6.2 их наяд төгрөг нь татвараар, үлдсэн нэг их наяд нь татварын бус орлогоор төвлөрнө. Зарлагын 1.7 их наяд нь цалинд, 1.8 их наяд нь тэтгэвэр тэтгэмжид, 1.1 их наяд нь зээлийн үйлчилгээний төлбөрт, 625 тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалт, үлдэж байгаа хоёр их наяд нь урсгал зардал.
Ийм л жижигхэн төсөв. Гэтэл хэлэлцэн батлахдаа хугацаа их алдаж байна. Ер нь цаашдаа төсвийн орлогыг нэмэгдүүлж, зарлагыг бууруулж төсвийн реформ хийх хэрэгтэй.
-Хөрөнгө оруулалтын зардал нэг тэрбум төгрөг ч хүрэхгүй байна. Энэ мөнгөөр ихэвчлэн ямар бүтээн байгуулалт хийнэ гэж төлөвлөж байгаа юм бэ?
-Ирэх жилийн гол зорилго бол гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг хоёр ээлжтэй болгох. Тэгэхээр хөрөнгө оруулалтын зардлын дийлэнх хэсэг нь үүнд зарцуулагдана. Ер нь цаашлаад 2020 он гэхэд бүх хүүхдийг цэцэрлэгт зорилттой байгаа. Тиймээс ирэх онд болон 2020 он хүртэл Монгол Улсын хэмжээнд нэлээд олон сургууль, цэцэрлэг баригдана.
-Өмнөх жилүүдтэй харьцуулахад хөрөнгө оруулалтын зардал бага байгаа нь ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлж байгаатай холбоотой юу. Өмнө нь бол гишүүд тойрогтоо бүтээн байгуулалт хийхийн тулд маш их санал гаргаж хөрөнгө оруулалтын зардлыг нэмдэг байсан?
-Ингэж ойлгож болно. Яагаад гэвэл, гишүүд хөрөнгө оруулалтын зардлыг хүссэн хэмжээгээрээ нэмэхийг ОУВС зөвшөөрөхгүй шүү дээ. Ер нь цаашдаа ОУВС ингэж хязгаар тавиагүй байсан ч гэсэн Засгийн газрын оруулж ирсэн төсвийн төслийг УИХ дээр өөрчилдгийг зогсоох хэрэгтэй. Товчхондоо төсвийн сахилга батыг сайжруулна гэсэн үг.
-Татварын бус орлого гэдэгт нь өмч хувьчлалаас хэдэн төгрөг орж ирнэ гэж төлөвлөсөн бэ?
-Өмч хувьчлалаас 100 орчим тэрбум төгрөг орж ирнэ гэж төлөвлөсөн. Үүнээс 75 тэрбум төгрөг нь Төрийн банкны хувьчлалаас орж ирэх ёстой. Үлдсэн нь жижиг объектуудын хувьчлалаас орж ирнэ.
-2017 оны төсөвт ч Төрийн банкийг хувьчлахаар тусгаж байсан. Гэвч хувьчилж чадсангүй. Ирэх онд хувьчлах бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм уу?
-Ямартай ч Төрийн банкийг хувьчилна гэчихсэн байгаа. Үүн дээр олон санал гардаг. Би хувьдаа Төрийн банкийг 100 хувь хувьчилж болохгүй гэж боддог. Төрийн банк хувьцаа гаргах замаар тодорхой хэсгээ хувьчилж болно. Тодорхой хэсэг нь төрд байх ёстой. Үүний давуу тал их. Төрийн эзэмшлийн банкаараа дамжуулж ипотекийн зээлээ олгох хэрэгтэй. Гадаадаас бага хүүтэй, урт хугацаатай зээл аваад ипотекийн зээлийг найм биш зургаан хувийн хүүтэй болгож болно. Ипотекийн зээлийг төрийн эзэмшлийн банкаараа олгохын давуу тал нь энэ шүү дээ.
Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийг төрийн эзэмшлийн банкаараа дамжуулан хүү багатай олгодог байх нь зүйтэй. Тийм учраас Төрийн банкны хувьчлал дээр болгоомжтой хандах хэрэгтэй.
-Төсөвт үр дүн багатай зарлага их багтсан гэсэн мэдээлэл бий. Тухайлбал, УИХ-ын Тамгын газарт тоног төхөөрөмж авахад 800 сая, Ерөнхийлөгчийн өрөөг тохижуулахад 500 сая гэх мэт зардал нь анхаарал татаж байна. Энэ талаар юу хэлэх вэ?
-Оновчгүй зардал их бий. Мөн хөрөнгө оруулалтын зардлын зөрүү их ажиглагдсан. Улаанбаатар хот болон орон нутагт барьж байгаа 150 хүүхдийн ортой цэцэрлэг гэхэд л нэг тэрбум төгрөгийн зөрүүтэй байх жишээтэй. Баян-Өлгий аймагт барьж байгаа 10 ортой эмнэлгийг 120 сая, Төв аймгийн Заамар суманд барьж байгаа 10 ортой эмнэлгийн барилга 1.5 тэрбум төгрөг байна. Тиймээс төсвийн хяналтыг сайжруулах зайлшгүй шаардлага бий.
-Тусгай зөвшөөрлөө шилжүүлэхэд 10-30 хувийн татвар төлдөг болох нь гэсэн шүүмжлэл гарсан. Энэ нь ямар учиртай юм бэ. Уг нь анх төсөв өргөн барихад татвар нэмэх санал нэг ч байхгүй гэж байсан?
-ОУВС-тай тохирсон ёсоор архи, тамхины онцгой албан татварыг нэмсэн. Энэ бол дэлхийн хандлага. Иргэдийн хувьд өндөр орлоготой бол өндөр татвар төлнө. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ нэмэгдэж байгаа.
Энэ бол өнгөрсөн хавар Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө батлагдсан. ОУВС-гийн шаардлагын дагуу нэмэгдсэн эдгээр татвар зохицуулалт ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
Харин одоо төсөвтэй хамт ямар нэгэн татвар нэмэх шийдвэр гарахгүй. “Засгийн газар тусгай зөвшөөрлийн эрх шилжүүлэхэд 10-30 хувийн татвартай болгох санал оруулж ирсэн. Түүнийг нь төсвийн ажлын хэсэг, Төсвийн байнгын хороо дэмжсэн” гээд байх юм. Энэ бол ташаа ойлголт. Тийм зүйл огт байхгүй. Угаасаа газар, болон ашигт малтмалын лиценз шилжүүлэх, эсвэл компаниа зарах тохиолдолд 30 хувийн татвар төлөх хуультай. Үүнийг харин ч бууруулж байгаа юм.
Иргэн хувийн газар, тусгай зөвшөөрөл бүхий үл хөдлөх хөрөнгөө зарахаар бол 10 хувийн татвар төлнө. Харин аж ахуйн нэгж газар болон, лицензээ зарахаар бол 30 хувийн татвар төлдөг хэвээрээ. Хууль бус газрын наймааг таслан зогсоох зорилгоор ийм зохицуулалт хийж байгаа юм. 30 хувийн татварыг нь 10 хувь болгочихвол зугтахгүйгээр төлнө гэж тооцсон юм билээ. Энэ зохицуулалт төсөвтэй хамт батлагдсантай холбоотойгоор Засгийн газар Татварын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл УИХ-д оруулж ирэх ёстой. Үүнийг Засгийн газарт анхааруулсан. Сангийн сайд ч ойрын хугацаанд төслөө оруулж ирнэ гэднээ хэлсэн. Ингэхгүй бол аж ахуйн нэгжүүдүүд 30 хувийн татвараас зугтаж хувь хүн рүү шилжих эрсдэлтэй.