Нийслэлийн сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр боллоо
2012.04.30

Нийслэлийн сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр боллоо

УИХ-ын 2012 оны хаврын ээлжит чуулганы дөрөвдүгээр сарын 27-ны Баасан гарагийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын /НИТХ-ын /сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.Хуралдааны эхэнд уг хуулийг танилцуулах хууль санаачлагчийн илтгэл, түүний талаарх ТББХ-ны санал дүгнэлтийг сонссоны дараа гишүүд энэ асуудлаар нэлээд шүүмжлэл өрнүүлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг парламентад суудалтай намын бүлгүүд НИТХ-ын сонгуулийн хуулийн талаар зөвшилцөн уг хуулийг хэлэлцүүлэхээр оруулж ирж байгааг ерөнхийдөө дэмжиж байгаагаа илэрхийлээд "...Иргэдийн нийтийн хурлаар хорооны засаг даргыг сонгоход хороодын иргэдийн олонхи нь хамрагдаж чаддаггүйн дээр хороон дээр ажиллаж буй хүмүүс ихэвчлэн нэг намынхан байдаг болохоор парламентын гаднах намаас хороон дарга сонгогдвол засаг дарга нь хүлээж авахгүй иргэдээ үзэл бодлоор нь ангилж, хүний үндсэн эрхийг зөрчих явдал гардаг..." тул орон нутгийн удирдлагыг аль нэг намын нөлөөгүйгээр иргэдээсээ шууд сонгох асуудлыг зохицуулах ямар өөрчлөлт дээрх хуульд орж байгааг тодруулахыг хүслээ.

Хууль санаачлагчдын нэг, ТББХ-ны дарга Ж.Сүхбаатар энэ асуултанд хариулахдаа “НИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа уг төслийн үзэл баримтлалд тусгагдсаны дагуу одоо хүчин төгөлдөр мөрдөж буй УИХ-ын сонгуулийн тухай хуулийн ерөнхий зарчмыг баримталсан”-аа тэмдэглээд хорооны удирдлагыг сонгох үеэр яригддаг энэ мэт асуудлыг шийдэхийн тулд орон нутгийн удирдлагыг шууд ардчиллын зарчмаар сонгох, намын харьяалалгүй болгох талаар Үндсэн хуулийн 4-р бүлэгт нэмэлт өөрчлөлт оруулах хууулийн төсөл боловсруулсан ч цаг хугацааны эрхээр шийдэгдээгүй байгаа, гэхдээ нутгийн удирдлагын тогтолцооны шинэчлэл хийе гэдэг дээр хоёр намын тохиролцоо хэвээр үлдсэн, энэ талаар томоохон алхам хийх Н.Батбаяр нарын 48 гишүүний санаачилсан хуулийн төсөл явж байгаа.

Харин одоо УИХ-ын сонгуулийг НИТХ-ын сонгуультай хамт явуулахад чиглэсэн гол асуудлаа анхааран хэлэлцэх нь зүйтэй гэсэн юм.Мөн Ц.Батбаяр гишүүн энэ хуулиар нийслэлд улс төр - эдийн засгийн болон хууль эрхзүйн ямар эрх мэдэл олгох, хоёр янзын сонголт хийх саналын хуудсаа иргэд хэрхэн зааглаж ялгахыг асуугаад “Нийслэлд эрх мэдэл, бие даасан статус олгох гэж байгаа бол Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг эхлээд батлах хэрэгтэй. Энэ хуулийг оруулж ирээд 2 жил болж байхад одоо болтол хэлэлцэхгүй байна” хэмээн шүүмжиллээ.Хэлэлцэх гэж байгаа хуульд сэтгэл дундуур байгаагаа Я.Батсуурь гишүүн илэрхийлээд "Сонгуульд ихээхэн зардал гарч байна, 16 тэрбум төгрөг Монголд хэрэггүй мөнгө үү? Үүгээр хэчнээн эмнэлэг, сургууль барьж, хэчнээн ажлын байр бий болгон, хэчнээн км зам тавих боломжтой билээ! НИТХ-ын сонгуулийг УИХ-ынхтай цуг, харин аймгийнхыг тусад нь явуулахын цаана ямар улс төр явж байна вэ? НИТХ-ын сонгуулийг УИХ-ын cонгуультай цуг явуулахаар Үндсэн хууль зөрчихгүй, иргэд будилахгүй юм уу? Хууль эрхзүйн үндэслэлгүй, зүгээр л нэг шалтгаар энэ хоёр сонгуулийг хамтад нь явуулах гэж байна. Би энэ асуудлаар урьд нь цөөнх болсон, одоо ч хэвээр байгаа" гэсэн юм.

Д.Хаянхярваа гишүүний хувьд “Энэ хоёр сонгуулийг хамт явуулахыг би дэмждэггүй. Энэ хуулиар ямар нэг алдаа мадаггүй явуулах нөхцөл бүрдэнэ л гэж найдъя. УИХ-ын сонгууль бол төрийн сонгууль, харин Орорн нутгийн хурлын сонгууль бол нутгийн өөрөө удирдах ёсны сонгууль. Нийслэлийн хурлын сонгуулийн хуулийг тусад нь баталснаар энэ 6 сараас хойш хотод ямар ч ажил явуулах боломжийг хааж орхих нь ээ. Бодит амьдрал дээр бөөн хэл ам гараад ажил нь урагшлахгүй байх вий. Нэлээд нухацтай үзэхгүй бол улс орныхоо хөгжлийг хойш нь татах, ард иргэдийнхээ амьдралд буруугаар туссан хууль гарах вий!" хэмээн болгоомжилж байв.

Ерөнхийдөө гишүүд энэ хуулийг боловсруулахдаа нийслэлийн удирдлага, иргэдээс саналыг нь хэр авсан, НИТХ-ын сонгуулийн тойргуудыг хэрхэн зохион байгуулах, орон нутгийн хурлын сонгууль гэдэг нэг зүйлийг хоёр хуваагаад нийслэлийнхээр нь тусдаа хууль гаргах гэж байгаа бол аймаг, дүүргийнхийг хамтад нь цогцоор хийж болоогүй юм уу зэрэг асуулт тавьж УИХ-ын болон НИТХ-ын сонгуулийг хамт явуулах нь Үндсэн хуулийн цэц дээр асуудал үүсгэж болзошгүй хэмээн болгоомжилж байв. Харин Ж.Сүхбаатар гишүүн энэ талаар "Нийслэл гэдэг бол тусгай чиг үүрэг гүйцэтгэдэг хот бөгөөд улсын тал нь юм гэж үзвэл төрийн илүү хүчтэй зохицуулалт байх шаардлагатай учраас Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулиас онцлон, тусгайд нь ялган авч үзэж байна. Бодлогын хувьд нэгэнт ойлголцсон асуудлаар бид НИТХ-ын сонгуулийн хуулийг тусдаа гаргаж байгаа. Энд ямар нэгэн гажуудал, хуульзүйн хувьд нийцэхгүй гэсэн зүйл байхгүй" хэмээн тайлбарлаад Үндсэн хуультай нийцэхгүй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хандах эрх нь нээлттэй болохыг санууллаа.Нэгдсэн хуралдааны үеэр хүчтэй яригдсан нэг асуудал бол сонгуулийн үеэр төрийн албан хаагчдыг тойргийн хороодод ажиллуулахтай холбоотой асуудал байсан бөгөөд Л.Гүндалай, П.Алтангэрэл нарын гишүүд энэ сонгуулийг будлиангүйгээр явуулах ямар арга хэмжээ авч байгаа, сонгуулийн хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар СЕХ-ноос асуугаад “Төрийн албан хаагчид гэдэг нэрийн дор намын харьяаллаасааа түр түдгэлзсэн хүмүүс л байгаа.

Төрийн албан хаагчдыг намын харьяалалгүй байлгана гэсэн хууль гараагүй болохоор тэд ямар нэгэн байдлаар түдгэлзсэн намдаа л үйлчилнэ” гэж үзэж байгаагаа хэлээд хоёр намын бүлэг төрийн албан хаагчдыг намын харьяааллаас нь татгалзуулах тухай хуулийн төсөл өргөн барих нь зүйтэй гэсэн асуудал дэвшүүлсэн юм.Энэ саналыг УИХ-ын дэд дарга Г.Батхүү дэмжиж “Сонгууль болохоос өмнө хийх нэг ажил бол төрийн албан хаагчдыг улс төрийн намаас бүрэн татгалзуулах хууль өргөн барих явдал. Ингэснээр сонгууль будлиангүй болно гэж найдаж байна” гэсэн бол Э.Мөнх-Очир гишүүн тэднийг эрс буруушаан “Төрд ганц ч өдөр ажиллаж үзээгүй хүмүүс төрийн албыг гутааж, төрийн ажилтнуудыг доромжилж байна. Төрийн албан хаагчдыг намын харьяаллаар ажиллаж байна гэж хэлж буй хүмүүс ямар хариуцлагагүй юм ярьж байна вэ!” хэмээн зэмлэлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр өмнө нь хэлэлцсэн энэ асуудлаар гишүүд удтал ярилцсаны эцэст НИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн тус хорооны саналаар нийт гишүүдийн дунд санал хураалт явуулж 85,4 хувийн саналаар уг хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм. Тиймээс уг хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлгэхээр ТББХ-нд асуудлыг шилжүүллээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.