Ө.Энхтүвшин: Нийслэлийн сонгуулийг 30/15 гэсэн харьцаатайгаар явуулна
2012.04.26

Ө.Энхтүвшин: Нийслэлийн сонгуулийг 30/15 гэсэн харьцаатайгаар явуулна

МАН-ын бүлгийн ахлагч Ө.Энхтүвшинөөс өнөөдөр хуралдсан бүлгийн хуралдааны талаар цөөн асуултад хариулт авлаа.

-МАН АН-ын саналыг хүлээж авлаа. Гэхдээ аймгийн сонгуулийг тусад нь явуулах санал тавьсан. Энэ талаар бүлгийн гишүүд юу гэж ярилцсан бэ?

-АН манай саналыг ерөнхийдөө хүлээж авсан байна. Үүнийг бичгээр дөнгөж сая бидэнд мэдэгдлээ. Үүний дагуу манай намын бүлэг хуралдлаа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамт явуулахдаа УИХ-ын сонгуультай адил тогтолцоогоор буюу 76 гишүүний 48-ыг нь тойргоос, 28-ыг нь намын нэрсийн жагсаалтаар явуулахаар болсон. Энэ харьцааг бид удтал ярилцаад 30-15 гэж тогтлоо. АН-ын энэ саналыг бид хэлэлцээд хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.

-Техникийн шинжтэй саналуудыг нь хүлээж авах уу?

-Саналыг цахим хэлбэрээр тоолох, нэг хуудсан дээр санал бичих зэрэг саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн. Гэхдээ эдгээр зүйлийг ажлын хэсэг, байнгын хороон дээрээ илүү сайн гаргах нь зүйтэй. Манай бүлгийн зүгээс улс төрийн байр сууриа гаргалаа.

-Хоёр намын бүлэг харилцан тохиролцолд хүрсэн тул маргааш, нөгөөдөр Орон нутгийн сонгуулийн хуулийг нэгдсэн чуулганаар хэлэлцээд явах нь гэж ойлгож болох уу?

-Болно. Маргааш байнгын хорооны хурал болно. Үүний дараа нэгдсэн чуулган болно. Үүний өмнө тохирсон зарчмуудаа хуулийн төсөл болгон бэлтгэхээс эхлээд ажиллах зүйл их байна.

-МАН-ын бүлгээр Ц.Нямдорж сайдын асуудлыг хэзээ ярих вэ?

-Ярина. Одоогоор Засгийн газрын нэг гишүүний асуудлаас илүү сонгуулийн хууль нь чухал байна гэж үзэж байна. Энэ асуудлыг хуулийн хугацаанд нь хэлэлцэнэ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.