Улсын нөөцийн “Объект №03” салбарын үйл ажиллагаатай танилцав
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал Улаанбаатар хот дахь Улсын нөөцийн “Объект №03” салбарын өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдал, үйл ажиллагаатай танилцан нийт бие бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өгч ажиллалаа.
Улсын нөөцийн “Объект №03” салбар улс, эх оронд үүссэн гамшиг, осол, ган зуд, гал түймэр, үер ус, хүн малын гоц халдварт өвчин гарсан тохиолдолд гамшгийн хохирлыг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Онцгой комиссын шийдвэрээр шаардлагатай бараа материалыг ард иргэдэд богино хугацаанд хүргүүлэх үүргийг гүйцэтгэж ирсэн.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 34.1 тэрбум төгрөгний эрчим хүчний тоног төхөөрөмж , автомашин, техник хэрэгсэл, иж бүрэн гэр, ажлын дулаан хувцас, эсгий гутал, ажлын гутал, өвс, тэжээл зэргийг гамшгийн болон хойшлуушгүй сэргээн босгох арга хэмжээнд зориулан гаргасан байна.
Мөн 2000 онд БНХАУ-ын Сычуанд болсон газар хөдлөлт, 2011 онд Япон улсад болсон цунами, 2015 онд Балбын вант улсад болсон газар хөдлөлт, 2016 онд БНАСАУ-д болсон цунамид хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд оролцсон байна.
Тус улсын нөөцийн салбар нь үүсч байгуулагдсаны 30 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд ойг угтан байгууллагын хэмжээнд бүтээн байгуулалтын олон ажлуудыг санаачлан хийснээ ОБЕГ-ын даргад танилцуулсан.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тус салбарын 30 жилийн ойг тохиолдуулан нийт алба хаагч, тэдний гэр бүлд баярын мэндчилгээг дэвшүүллээ.
Мөн Онцгой байдлын албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа хоёр алба хаагчид цол олгож, хоёр алба хаагчийг төрийн тусгай алба хаагч болгохоор шийдвэрлэн, нэг албан хаагчид иж бүрэн гэр өгч алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэлээ.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, 2017 онд улсын нөөцөд хүлээж авах өвс, тэжээл, бараа материалын бүрдүүлэлтийг 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрдүүлж дуусгах үүрэг өгөв. Мөн 2018 онд ISO2009 стандартыг нэвтрүүлэх, байгууллагыг иж бүрэн камержуулах, өвсний агуулахыг усны гидранттай болгох, галын аюулгүй байдлын талаар анхаарч ажиллах, өвс, тэжээлийн хорогдол тооцох журмыг шинэчилж дахин боловсруулж батлуулах зэрэг үүргүүдийг өглөө.
Мөн тус салбарын ажилчдын болон нөөцийн бараа материал тээвэрлэх унааны асуудлыг шийдвэрлэж өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.