Парисын хэлэлцээрт оруулах Монгол Улсын хувь нэмрийг тодорхойлохоор зорьж байна
2017.10.04

Парисын хэлэлцээрт оруулах Монгол Улсын хувь нэмрийг тодорхойлохоор зорьж байна

“Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэр” чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Энэ үеэр Монголын төрөөс хүлэмжийн хийг бууруулах, нүүрсхүчлийг шингээх чадавхаа сайжруулах талаар баримталж буй бодлого, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн.

БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол “Өнгөрсөн сард Ордос хотноо болсон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцийн Талуудын 13 дугаар хурлын үеэр, НҮБ-ын суурь 3 конвенцийн уялдаа холбоог хангах, тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаа санхүүжилт, түншлэлийн асуудлаас гадна ахиц дэвшлийг хянах үнэлгээний арга зүйг сайжруулах талаар онцгойлон дурдаж, эдгээр чиглэлээр бүх түвшинд хамтран ажиллахыг уриалсан. Энэ хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дэлхийн нийтийн зорилгод Монгол улсаас оруулах  хувь нэмрийг хэрэгжүүлэхэд онцгой чухал үүрэг бүхий түншлэл, хамтын ажиллагаа, санхүүжилтийн тухай хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байгаад талархаж байна.

Монгол Улс далай тэнгисээс алслагдмал, хуурай ширүүн уур амьсгалтай, газарзүйн өндөрлөг байршилтай, байгаль экологийн энэ байдлыг дагасан бэлчээрийн мал аж ахуй  зонхилон эрхэлдэг зэрэг онцлогоос хамааран  даян дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд  нэн эмзэг  орны тоонд багтдаг.

Зөвхөн өнөө жилийн  байдлыг аваад үзэхэд хур бороо оройтож,  ихэнхи нутгаар хуурайшилт, гантай байсны улмаас ойн түймэр их гарч, хортон шавжийн тархалт их, газар тариалангийн бүс нутгаар  ургац муутай байлаа. Нөгөөтэйгүүр, зарим нутгаар ширүүн бороо их орж,  зам гүүр эвдэж эдийн засгийн багагүй хохирол учрууллаа.  

Хэдийгээр даян дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд Монгол улсаас оруулж буй хувь нэмэр өчүүхэн бага ч энэ мэтээр уур амьсгалын өөрчлөлтөд өртөгдөх нь манай улсын байгаль экологи, нийгэм, эдийн засгийн амьдралд хүндээр тусч байгаа билээ.

Иймд  үндэсний хэмжээнд хүлэмжийн хийг бууруулах, нүүрсхүчлийг шингээх чадавхаа сайжруулах зэргээр дэлхий дахины зорилгод Монгол улсын хувь нэмрийг оруулах нь бидний хувьд чухал зорилт болоод байна” гэсэн юм.

Мөн тэрбээр Монгол Улсын Засгийн газар “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал” зэрэг үндэсний хөгжлийн тулгуур баримт бичгүүдэд тусган, тэдгээрийг хэрэгжүүлэх  арга хэмжээ авч байгааг танилцууллаа. Улмаар Монгол Улсын Засгийн газрын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тавиад буй  зорилго, зорилтыг үр дүнд хүргэхийн тулд  олон улсын туслалцаа, дэмжлэг маш хэрэгтэй байгааг уламжилсан.

Тиймээс энэ удаагийн чуулганд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр,  Уур амьсгалын ногоон сан,  Улс орнуудын хувь нэмрийн түншлэлийн байгууллага,  Азийн Хөгжлийн Банк, ХБНГУ, Япон улсын  Засгийн газар зэрэг олон талт болон хоёр талын хамтын ажиллагааны байгууллагууд, бусад банк  санхүүгийн байгууллагуудын төлөөлөл, дипломат төлөөлөгчийн байгууллагууд оролцож олон улсын шинж чанартай арга хэмжээ  болж байгааг БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгчийн зүгээс тодотгосон юм.

Дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийн эсрэг тэмцэхээр нэгдэж, Парисын хэлэлцээрээр тодорхой зорилт тавьсан. Улмаар 2015 -2030 хугацаанд шийдвэртэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр зорьж байгаа энэ цаг үед уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтын чухлыг Монгол Улсын Засгийн газар ч тууштай дэмжиж ирсэн. Уг асуудлыг шийдвэрлэхэд үндэсний хувь нэмрийг оруулах үүднээс бүх төвшний талуудыг хүчин чармайлтаа уялдуулан, нэгтгэхийг уриалж байгаа билээ. 

Энэ талаар БОАЖ-ын сайдын зөвлөх, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элч З.Батжаргал “Уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, зохицуулалт” илтгэлдээ дурдсан бол Парисын хэлэлцээрт оруулах Үндэсний хувь нэмрийг хэрэгжүүлэх олон улсын түншлэлийн улс хариуцсан захирал Жахан Чоудхари Парисын хэлэлцээрт оруулах Үндэсний хувь нэмрийг хэрэгжүүлэх олон улсын түншлэлийн талаар танилцуулсан юм. Түүнчлэн Уур амьсгалын ногоон сангийн  мэргэжилтэн Дайен МкФазиен Уур амьсгалын санхүүжилтийг асуудлыг хөндлөө.

Уг чуулган 2 өдөр үргэлжлэх бөгөөд үр дүнд нь “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад  Монгол Улсын  оруулах хувь нэмэр” хэмээх баримт бичгийн үндсэн санаа тодорхой болж, уур амьсгалын   өөрчлөлтөд дасан зохицох  гол арга зам, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах, нүүрс хүчлийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж, тэдгээрийн санхүүжилтийн механизмын талаар  хэрэгжүүлж болохуйц санал зөвлөмж гаргах юм.