“Тогтвортой аялал жуулчлал - хөгжлийн түлхүүр”
Аялал жуулчлалын салбар нь өнөөдөр дэлхий дахинд химийн үйлдвэрлэл, газрын тосны дараагаар 3 дахь том экспортын үйлдвэрлэл болон хөгжиж, олон улс орнуудын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн түлхүүр болжээ.
Өнгөрсөн 2017 онд дэлхий дахинд 1,2 тэрбум хүн аялан, жуулчилсан бол 2030 он гэхэд олон улсын жуулчдын тоо 1,8 тэрбумд хүрэх төлөвтэй байна.
НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас 1977 онд 9 дүгээр сарын 27-ны өдрийг “Дэлхийн аялал жуулчлалын өдөр” болгон анх зарласнаас хойш жил бүр энэхүү өдрийг тодорхой зорилгын дор тэмдэглэж ирсэн.
Энэ жилийн хувьд НҮБ-аас 2017 оныг “Hөгжлийн төлөөх тогтвортой аялал жуулчлалын жил” болгон зарласан бөгөөд:
- Эдийн засгийг төрөлжүүлэх,
- ажлын байрыг бий болгон, иргэдийн амжиргааг дээшлүүлэх замаар нийгмийн хөгжлийг хангах,
- байгалийн баялгийг зохистой ашиглах замаар хүрээлэн буй орчны тэнцвэртэй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох,
- өөр хоорондоо ялгаатай соёл, уламжлал, зан заншлыг түгээх, таниулах, соёлын өвийг хамгаалах,
- дэлхий дахинд энх тайвныг цогцлоох зэрэг үйлсэд аялал жуулчлалын салбараас оруулж буй хувь нэмэр өндөр байгааг анхааран үзэж, энэхүү өдрийг “Тогтвортой аялал жуулчлал – Хөгжлийн түлхүүр” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна.
Монгол Улсын хувьд аялал жуулчлал нь шинээр хөгжиж буй салбар хэдий ч ДНБ-ий 5,4 хувийг бүрдүүлж, 54 мянган ажлын байрыг бий болгож, дотоодын эдийн засагт жилд дунджаар 310 сая гаруй ам.долларын орлогыг төвлөрүүлж байгаа бөгөөд 2017 оны эхний хагас жилд Монгол Улсад ирж буй гадаадын жуулчдын тоо 19,5 хувиар өсчээ.
Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх ажлын хүрээнд Хэнтий аймгийн Дадал сумын нутагт “Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан” түүхэн аялал жуулчлалын цогцолбор байгуулах, Хөвсгөл нуурын БЦГ-т “Нутгийн иргэдийн ажиргааг дээшлүүлэх, орчны доройтлыг бууруулах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх”, “Ганга, Өгий нуурийн экосистемийг хамгалаах-Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх”, аялал жуулчлалын гол зам, чиглэлийн дагуу түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборууд байгуулах, Улаанбааатар хотод албан, бизнес аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг олон ажлуудыг эхлүүлээд байна.
Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд дан ганц төрийн байгууллагууд төдийгүй салбарын мэргэжлийн байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, их дээд сургуулиуд, иргэдийн оролцоо чухал ач холбогдолтой билээ.
Иймд Та бүхэнд “Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-ийн мэнд хүргэхийн ялдамд аялах, жуулчлахдаа хүрээлэн буй орчин, орон нутгийн иргэдийн зан заншил, соёлыг хүндэтгэж, “Хариуцлагатай аялагч” байхыг уриалж байна.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Д.ОЮУНХОРОЛ