Цалин нэмэхийг шаардаж буй эмч нарын төлөөллийг хүлээн авч санал солилцлоо
2017.09.26

Цалин нэмэхийг шаардаж буй эмч нарын төлөөллийг хүлээн авч санал солилцлоо

Багш нар цалингаа нэмэгдүүлэхээр тэмцэж эхлэхтэй зэрэгцэн эрүүл мэндийн салбарынхан мөн хөдөлгөөн эхлүүлээд байна. Өнөөдөр 500 мянган төгрөгөөр амьдрах аргагүй болсон учир тал хувиар нь тооцож цалин нэмэхийг шаардаж байгаа юм. Эмч нарын төлөөллийг УИХ-ын НББШУ-ны байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хүлээн авч уулзлаа. 

Эрүүл мэндийн салбарт ажиллаж төсвөөс цалинжиж байгаа 30 орчим мянган хүн байна. Тэдний нэг жилийн цалингийн фонд 350 тэрбум төгрөг болдог байна. Эмч нарын шаардлагын дагуу цалинг 50 хувиар нэмбэл дахин төсвөөс 155 тэрбум төгрөг шаардагдах юмаа. Энэ мөнгийг ирэх оны төсөвт суулгаж өгөхийг эмч нар шаардаж байна. Гэтэл бодит байдал дээр төсвийн боломж хомс байгаа юм. Энэ асуудлыг шийдэх арга замын талаар тус байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан эмч нарын төлөөлөлтэй уулзаж, санал солилцсон байна. 

Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан

"2018 оны төсөвт ийм чадамж, бололцоо байхгүй байгаа. Үүнээс өөрөөр хэрхэн шийдэх боломж байна вэ? Эрүүл мэндийн салбарт нэгдүгээрт улсын төсөв, хоёрдугаар эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө байгаа. Бид саяхан л энэ санг бие даалгалаа. Ингэхдээ томоохон ачаалал үүсгэж  байгаа тарифыг санхүүжүүлье гэж байгаа. Үүнийг санхүүжүүлээд эхэлбэл бас цалин мөнгөө үе шаттай нэмэх боломж гарах  байх гэж харж байна" гэв. Мөн эмч эмнэлгийн ажилчдын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг ярилцлаа.