Төсвийн хэмнэлтийг эмч, сувилагч нараас эхлүүлж байгаад эгдүүцэж байна
-С.Ламбаа сайдын үед батлагдаж байсан 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн 123 тоот тушаалыг хүчингүй болгосон тушаал гарсан. Үүнийг хүчингүй болгоно гэдэг эмч, сувилагч нарын эрх ашгийг хөндөж, тэдний ар гэрийг бодож үзээгүй асуудал хэмээн үзэж байгаа.
Тиймээс бид ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбад гурван заалт бүхий албан бичиг шаардлагыг хүргүүлж байгаа юм. 123 тоот тушаал гол агуулга нь хортой нөхцөлд ажилладаг эмч нарт цалингийн нэмэгдэл олгох тухай юм.
Энэхүү нэмэгдлийг анх олгож эхлэхдээ үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх мөнгөн дүнг олгох ёстой гэсэн ч бодит амьдрал дээр 10-20 хувийг нь л олгодог байсан. Эрүүл мэндийн салбарт хамгийн хүнд, хүний нөөцийн хомсдолд орчихсон мэргэжилтнүүдийн цалингийн нэмэгдлийг хасах учиргүй. Эдгээр хүмүүс эрүүл мэнд, цаг хугацааны асар их хохирол амсдаг гэдгийг ойлгохгүй байна. Ер нь бол үндсэн цалингаас ямар нэгэн хасалт хийхгүй.
Гэхдээ хортой нөхцөлд ажилладаг, орон тооны хомсдолтой эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг төсвийн хэмнэлт нэрийдлээр олгохоо болино гэдэг нь эдгээр хүмүүсийн ар гэр, амьжиргааны төвшинг бодолцож үзэхгүйгээр шийдсэн хэрэг юм. Ер нь 123 тоот тушаалыг хүчингүй болгох 384 тоот тушаал цалин хөлсийг хүрсэн төвшнөөс бууруулахгүй байх тухай эрүүл мэнд спортын салбарын 2015-2016 оны хамтын хэлэлцээрийн 3.1 заалтыг зөрчиж байгаа юм шүү дээ.
Төсвийн хэмнэлтийг дээрээсээ бус дороосоо, тэр дундаа хамгийн хүнд нөхцөлд ажилладаг эмч сувилагч нараас эхлүүлж байгаад их эгдүүцэж байна. Уг нэмэлт цалинг хасах үндэслэл байхгүй. Зөвхөн төсвийн хэмнэлт хийх гэсэн үндэслэлээр олгохгүй гэж байгаа юм. Өнгөрсөн хавар “Улаан бурхан” өвчний дэгдэлт ихэссэн. Энэ үеэр тус төвийн бүх ажилчид нэмэлт цагаар ажилласан. Улаан бурхны дэгдэлтийг багасгахын тулд уртасгасан цагаар, нойр, хоолгүй шахам ажилласан эмч нарын илүү цагийн ажлын хөлсийг одоо болтол бүрэн олгоогүй байгаа юм.
Уг мөнгийг бүрэн олгооч гэдэг тэмцлийг дөрвөн сарын турш хүсэлт гаргаж байгаа. Үүнд өгдөг хариулт нь хуваарилагдсан төсөв хүрэлцэхгүй байна гэдэг тайлбар өгдөг. Тиймээс энэ асуудлаар ХӨСҮТ-ийн ҮЭ-ийн хорооноос салбар яаманд улаан бурхны өвчний үед хуваариласан 100 сая төгрөгийн зарцуулалтыг хэрхэн хийсэн талаар шалгалт хийх хүсэлт хүргүүлсэн.
Бидний хүсэлтийг холбогдох хүмүүс нь хүлээж авсан. Хүсэлтийн дагуу Салбар яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газраас хийсэн шалгалтаар удирдах албан тушаалтай гурван хүнд 10 сая төгрөгийг хуваарилсан болох нь нотлогдсон. Тиймээс захиргааны гурван дарга, албан тушаалтнуудад үндсэн цалингаас гадна сард 9.9 сая төгрөгийг үндэслэлгүй олгосонд ажилчид бухимдалтай байгаа юм.