БОАЖЯ-ны сайд Д.Оюунхорол
2017.08.24

Хөвсгөлийн иргэд хотынхны хаясан хогийг цэвэрлэхэд дөрвөн сарын хугацаа зарцуулж байна

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол МҮОНРТ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт оролцож, улс төрийн өнөөгийн байдал болон салбарынхаа тулгамдсан асуудлаар илэн далангүй ярилцсаныг хүргэж байна. 

-Ярилцлагаа өнөөгийн улс төрийн нөхцөл байдлаас эхэлье. УИХ, Засгийн газрын гишүүний хувьд өнөөдрийн үйл явцыг хэрхэн харж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж дууссан. Улс төрийн намууд сонгууль үр дүнгийн талаар тодорхой дүгнэлтүүдээ гаргахыг оролдож байна. Гаргах нь ч зөв. Дараа дараачийн сонгуульд ялахын тулд энэ сонгуулиар гаргасан алдаа, оноо, ололт амжилт нь юу байсныг зөвөөр дүгнэж гаргах ёстой. МАН-ын хувьд Удирдах зөвлөлийн хурлаараа энэ асуудлыг авч хэлэлцсэн. Намын хяналтын хороо, ажлын хэсгийн гаргасан дүгнэлтийг намын Бага хурлаар оруулж хэлэлцүүлэхээр ажиллаж байна.

-МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн талаар зөрүүтэй мэдээллүүд явж байна. Та энэ талаар тодруулга хийхгүй юү?

-Энэ сарын 7-нд хуралдсан Удирдах зөвлөлийн хурлаар намын Бага хурлаа хуралдуулна, Бага хурлаас Их хурлаа зарлана гэдэг шийдвэр гаргасан. Харин намын шинэчлэлийн хөдөлгөөнөөс Бага хурлын товыг урагшлуулах асуудлыг тавьсан юм билээ. Энэ асуудал дээр тодорхой байр сууриа ярилцсан. Нам дотоод ардчилалтай байж, ний нуугүй асуудлаа ярилцсан л хурал болсон. Ер нь МАН Удирдах зөвлөл болон УИХ дахь бүлэг дээрээ асуудлаа олон талаас нь авч үзэж шийдвэрээ гаргадаг.

Олонхиороо гаргасан шийдвэрийг дагах нь улс төрийн соёлын дээд хэлбэр. Олонхидоо захирагдаж улс төрөө хийж сурна гэдэг бол улстөрчийн цагаан толгой гэж бодож байна. Тиймээс намын Бага хурлаа ирэх сард зохион байгуулна. Бага хурлаас Их хурлаа зарлах шийдвэрээ баталгаажуулсан. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр Засгийн газар, аймгийн удирдлагууд, агентлагийн дарга нартай хариуцлага тооцох асуудал байхгүй гэдгээ Удирдах зөвлөл шийдвэрлэсэн.

Гуравдугаарт, сонгуулийн үр дүн, алдаа оноог илтгэх нь намын даргын үүрэг. Энэ ажлаа сэтгэлийн хөдөлгөөнөөр, аль нэг хүний шахалт шаардлагаар бус томилогдсон ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийг Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлээд, Бага хурлаар оруулах нь зүйтэй. Урьд нь ч ийм уламжлалаар явж ирсэн. Энэ бол шинэ зүйл биш. Аливаа шийдвэртэй холбогдуулан хүмүүс өөр өөрийнхөөрөө байр сууриа илэрхийлдэг. Намын гал тогоонд яригддаг л асуудал. Үүнийг олон түмнийг хагалан бутаргах арга хэрэгсэл болгон ашиглах дэмий.

-Ерөнхийлөгчийн сонгууль болохоос өмнө МАН-ын дарга хэн болох вэ гэдэг асуулт олон нийтийн дунд ургасан. Одоо бүр эрчимтэй яригдаж байна. Энэ бол нэг намын дотоод асуудал байтал одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн чинээ асуудал боллоо. Шалгаан нь юу вэ?

-Монгол Улс олон намын тогтолцоотой. Монголчуудын олонхи нь хоёр намд итгэлээ өгч байна. Өнгөрсөн 2016 оны парламентын сонгуулиар Монголын ард түмэн МАН-д итгэл хүлээлгэж, УИХ-д 65 суудал өгсөн. Орон нутгийн сонгуулиар ч 80 хувийн итгэл хүлээлгээд байна. Бүх шатны сонгуулийг харахад, монголчууд гурав дахь сонгуульд тэнцвэржүүлэх бодлого барьдаг гэх бичигдээгүй хууль үйлчиллээ.

Хоёрдугаарт, улс төрийн намуудад хүлээлгэсэн  ард түмний итгэлийг даах, ёс зүйгээ зөв эрэмбэлэх, улс төрд шинэ жишиг тогтоох шаардлагатай гэдэг нь баталгаажлаа. Хамгийн их эв нэгдэл ярьдаг хүмүүс бол улстөрчид. Гэтэл амьдрал дээрээ хамгийн их талцуулах, хуваах кампанит ажлыг өөрсдөө гардан зохион байгуулдаг болсныг харж байна. Тиймээс хий хоосон эв нэгдлийн тухай ярих бус Монгол Улсын тусгаар тогтнолыг бүрэн авч явъя гэвэл бодит эв нэгдлийн талаар ярих цаг нь болсон.

-Мэргэжилтүүдийн зүгээс -1.3 хувийн бууралттай байсан эдийн засгийг +5.3 хувиар өсгөлөө. Энэ Засгийн газар ажил хийх гэж чармайж байгаа талаар үнэлэлт өгч байна. Гэтэл танай намын зарим нөхөд юун эв нэгдэл Засгийн газраа унагаах акци зохион байгуулаад явах юм.

-Үүнийг хоёр талаас нь харах хэрэгтэй. Монголын төр тогтвортой байснаар эдийн засаг сэргэж, олон улстай ойлголцож чадна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газар сайн ажилласан. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг залуу хүн Засгийн газрыг яаж удирдах бол гэсэн хүлээлт олон нийтийн дунд байсан нь үнэн. Тэгвэл хүлээлт нь эерэг дүнтэй гарч байна. Парламентын сонгуулийн дараа дампуурлаа зарлахад бэлэн эдийн засгийг хүлээж авсан. Өнөөдөр -1.3 хувийн бууралттай байсан эдийн засгийн үзүүлэлтийг +5.3 хувьд хүргэлээ. Доголдож байсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа тогтворжиж, гадаадын хөрөнгө оруулалт сайжирсан.

Ийм эерэг дүн гаргахад нэг жил гэдэг бол асар богино хугацаа. Энэ нөхцөлд ажил хийгээгүй гэдэг дүн тавих нь буруу, Монголын төрөөр тоглох нь хэнд  ч ашиггүй. Эцсийн ялагдагч нь жирийн иргэд байдаг. Бид ямар нэг хэмжээгээр дүнгээ тавиулах хэрэгтэй байх. Үнэхээр ажлаа хийж чадахгүй, эдийн засгаа улам сөхрүүлж, ард түмний амьдрал өмнөхөөсөө доройтсон бол хариуцлага хүлээхэд ямар ч асуудал байхгүй. Ийм улс  төрийн соёл Монголд тогтсон гэж бодож байна.

-Энэ асуудал МАН-ын хоёр лидерийн хооронд өрнөж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх гэдэг хоёр хүн намын даргын төлөө бие биенээ олон өнгөөр будаад байх шиг?

-Би тэгж харахгүй байгаа. Энэ хоёр залуутай 2000 оноос эхлээд хамт улс төр хийсэн. Өнөөдөр нэг кабинетад хамт ажиллаж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх хоёрыг нэг Засгийн газарт багтахгүй болтлоо муудалцана гэдэгт итгэхгүй байгаа. Харин дундуур нь хөндлөнгийн хар, бор муурнууд гүйж хагалах бутаргах ажил хийгээд байна уу гэж харж байна. Иймэрхүү маягаар улс төр битгий хийгээсэй. Үүнийг дэвэргэж, МАН-ын үнэт зүйл рүү өөр намын гишүүд хүртэл оролцож байгааг харахад харамсалтай байна. Энэ хоёр хүнд тийм айхтар зөрчил байхгүй. Шадар сайд У.Хүрэлсүх намын Удирдах зөвлөлийн хурал дээр “Ерөнхий сайд намайг танаж чагнасан гэж огт бодохгүй байна” гэж хэлсэн. Харин зохиомлоор энэ хоёрыг зөрчилдүүлсэн болгож харагдуулах гээд байгаа нь зарим нэг хүний үйл ажиллагаа байх. Иймхэн зүйлд битгий автаасай.

-Бас нэг олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудал бол 60 тэрбум. Засгийн газарт ажиллаж буй хүн бүр 60 тэрбумыг босголцсон гэж ойлгогдох боллоо. Үүнтэй холбоотойгоор таныг АТГ-аас байцааж шалгасан асуудал байгаа юу?

-Би таван удаа УИХ-д нэр дэвшиж, хоёр ч удаа сайд болсон. Жижиг тойрогт  голдуу эрчүүдтэй өрсөлдөж УИХ-ын гишүүн болж байсан түүхтэй. Төрийн хүнийг бэлтгэнэ гэдэг маш үнэт зүйл. Биднийг тэр олон жил улс төрд бэлтгэчихээд сайдын албан тушаалыг тэрбумаар худалдана гээд сууж байдаг улстөрч манай намд байхгүй. Тийм яриа өрнөж байсан удаагүй. Би УИХ, Засгийн газрын гишүүн болохын төлөө нэг ч төгрөг төлж үзээгүй. Сайдын албан тушаал хүлээж авснаасаа хойш нэг ч газар, хэлтсийн даргаас таваг хоол авч үзээгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье.

Намын болон Бага хурлын гишүүнийхээ татварыг төлдөг. Дээр нь УИХ-ын гишүүний суудлынхаа мөнгийг намдаа өгдөг. Өөр эдийн засгийн хариуцлага хүлээдэггүй. Тиймээс Ардын намын гишүүдийн нэр хүндэд халдаж, мөнгө өгчихсөн авчихсан юм шиг үлгэр зохиох хэрэггүй. Ийм аргаар Монголын ард түмнийг хувааж, талцуулах нь зохимжгүй юм. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгаад бидний нэр төрийг бүтэн болгож өгөөсөй гэж хүсэж байна. Миний хувьд хоёр ч удаа АТГ-т очиж энэ талаар мэдүүлэг өгсөн.

-Ер нь улстөрч хүн ямар байх ёстой юм бэ? Улстөрч гэхээрээ бүхнийг мэддэг болж хувирах юм. Энэ нь олон нийтийг савлуулах гол хөшүүрэг болох боллоо.  

-Миний хувьд улстөрч байхын тулд “Би”-гээр өвчилдөггүй байх хэрэгтэй гэдэг зарчмыг баримталдаг. Үг, үйлдэл хоёр нь зөрдөггүй байхыг улстөрч гэнэ. Гэхдээ цаг хугацаа хэн нь хэн бэ гэдгийг харуулаад ард түмний мэргэн ухаан дүнгээ тавьдаг юм.

-Таны талаарх  таагүй мэдээлэл цахим ертөнцөд нэг хэсэг шуугисан. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хурал бүр дээр унтдаг гэх мэтээр. Та энэ талаар юу хэлэх үү?

-Цахим ертөнц гэдэг бол өнөөгийн нийгмийн бас нэг шинэ үзэгдэл. Хүн бүр л энэ ертөнцөд ямар нэгэн хэлбэрээр оршин тогтнож байна. Тэр ч утгаараа энэ “зэвсгийг” ашиглаж, хүний нэр хүндэд халдагсад зохион байгуулалтад орчихсон байна. Би ийм л үйл ажиллагааны хохирогч нь болчихоод байгаа улстөрчдийн нэг.

Хов жив бүрийн араас хөөцөлдөөд явах цаг зав Засгийн газрын гишүүнд байдаггүй юм. Унтах завгүй ажлаа хийгээд явж байгаа нь бодит үнэн. Асар их хуримтлагдсан асуудалтай байгаль орчны салбарын сайдаар ажиллаж байгаа хүн унтаад байна гэж юу байхав дээ. Иймэрхүү баримжаагүй мэдээлэл их байгаа. Иргэд маань мэдээллийн урсгал дундаас үнэн, худлыг нь дэнслэхтэйгээ байгаа гэж бодож байна.

-Засгийн газар ажлаа аваад нэг жил болж байна. Өнгөрсөн хугацаанд Байгаль орчин, аялал жуучлаллын яам ямар дорвитой ажил хийсэн бэ. Энэ талаар олон нийтэд тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Уур амьсгалын хүчтэй өөрчлөлтийн нөлөөгөөр байгалийн тэнцвэр алдагдаж буй энэ цаг үед олон зүйлийг хийх шаардлагатай байна. Тиймээс байгаль экологийн асуудалд бодитой дүгнэлт өгөх цаг болсон. Энэ чиглэлээр тодорхой ажлуудыг хийж байна. Тухайлбал, Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг батлуулсан. Агаарын бохирдлыг зөвхөн өвөл ярьдаг биш жилийн дөрвөн улиралд шат дараатай арга хэмжээ авдаг байхаар тусгасан. Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ дэлхийн дунджаас өндөр байгаа. Ийм нөхцөлд түүхий нүүрсний хэрэглээгээ хэрхэн бууруулах вэ гэдгийг Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт маш дэлгэрэнгүй тусгаж өгсөн.

Түүхий нүүрсний хэрэглээг 2021 он гэхэд 80 хувиар бууруулна гэж үзэж байгаа. Энэ бол маш том зорилт. Зорилгоо хангахын олон үе шаттай арга хэмжээ авахаар төлөвлөсөн. Зөвхөн энэ жил л гэхэд нийслэлд буй 70 нам даралтын зуухыг төвийн шугаманд холбох ажлыг хийж байна. Мөн айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг тэглэх шийдвэр өнгөрсөн долоодугаар сард гарсан. Тиймээс аравдугаар сараас өмнө цахилгаан халаагуураа авах бэлтгэл ажлыг хангах үүргийг иргэд хүлээж байгаа.

Иргэн хүн миний хэрэглэж байгаа түүхий нүүрс бусдын эрх ашиг, үр хүүхдийнхээ эрүүл мэндийг хохироож байна гэдгээ ухамсарлах шаардлагатай байгаа юм. Мөн иргэдийн зүгээс цахилгаан халаагуур худалдаж авах эдийн засгийн хөшүүрэг байдаггүй гэх асуудлыг тавьдаг. Энэ асуудлыг шийдвэрлэхээр арилжааны банкуудтай хамтран “Ногоон зээлийн сан”-г байгуулахаар ажиллаж байна.

-“Ногоон зээлийн сан”-гаас ямар хугацаатай, хэдэн хувийн хүүтэй зээл олгох юм бол?

-“Ногоон зээлийн сан”-г төсвийн мөнгөөр бус олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас татсан хөрөнгөөр санхүүжүүлэх юм. Ингэснээр бага хүүтэй зээлийн эх үүсвэр бий болно гэж харж байгаа. Арилжааны банкуудаар дамжих учраас тухайн айл өөрөө хугацаагаа сонгож, зах зээлийн хамгийн хямд хүү санал болгоно.

-Түймрийн сурвалжлагаар явж байхад их хэмжээний ой хортон шавьжид идүүлсэн байна лээ.  Хортон шавьж устгах, ойн тооллогын асуудал ямар төвшинд явж байгаа вэ?   

-Монгол Улс өнгөрсөн жил анх удаагаа ойн сангаа тоолсон. Олон улсын төвшинд хийсэн уг судалгааны үр дүнд ойг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай гэдэг дүгнэлт гарсан. Ойн сан ерөнхийдөө хөгширч, хаягдал их болсон. Энэ нь зуны улиралд түймэр гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоосон.

Тиймээс ойн цэвэрлэгээ хийх талбайг аймгуудад хуваарилж өгсөн. Нөгөө талаар ой хүр хорхойд идэгдэх болсон асуудал үүсч, холбогдох арга хэмжээг авч байгаа. Засгийн газраас 6.6 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор оруулж, хүр эрвээхэйтэй тэмцэх ажилд зориулах шийдвэрийг гаргасан.

-Өнгөрсөн зунаас авахуулаад гол ус олноор ширгэж байгаа асуудал гарах болсон. Энэ чиглэлээр салбарын яам ямар ажил хийж байгаа вэ?

-Одоогийн байдлаар улсын хэмжээнд усны тооллого хийж байна. Маш олон гол горхи хатаж ширгэсэн байгаа. Энэ нь хариуцлагагүй уул уурхай, хүний буруутай үйл ажиллагаа болон уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой. Жишээлбэл, 720 гаруй гол горхи хатаж ширгэсэн байгаагийн олонхи нь байгалийн хуурайшилттай холбоотой болохыг тогтоосон. Зарим нөхцөлд малын тоо толгой хэт өссөнөөс нуур, цөөрөм ширгэх тохиолдол гарч байна. Үүнээс тухайн орон нутгийн удирдлагууд сэргийлэх ёстой.

Өнөөдөр байгалийн нөөц түүнээс олж буй дөрвөн төрлийн орлогын 35-50 хүртэлх хувийг байгаль хамгаалах үйлсэд зориулах ёстой. Энэ зардлаа зориулалтаар нь ашиглаж чадахгүй төсвийн нөхөөс болгодог учир байгаль хамгаалах ажилд санхүүжилтгүй шахам болчихоод байгаа юм. Дээрх мөнгийг зориулалтынх нь дагуу ашиглаж чадвал байгаль орчны чиглэлийн хуулиуд амь орох нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа. Олон сайхан хууль гаргаад хэрэгжүүлж чадахгүй бол хууль гаргах хэрэг байхгүй.

-Хөвсгөлийн байгаль хамгаалагчдын асуудал хүнд байгаа талаар дархан цаазат газрын дарга ярьсан. Байгаль хамгаалагчид хог түүсээр байгаад таардаг. Хууль дүрэм танилцуулах үндсэн ажлаа хийж чаддаггүй. Байцаагчдынх нь тоо хүрэлцдэггүй гэх мэт асуудлыг хөндсөн. Энэ асуудлыг яаж шийдвэрлэх ёстой вэ?

-Дотоод, гадаадын аялагчдын аль аль нь Хөвсгөл далайг үзэх сонирхолтой байдаг. Гэтэл Хөвсгөл далай орчмын аялал жуучлалын компаниудын нөөц бололцоо хүрдэггүй. Энэ нь байгалийн тэнцвэрийг алдагдуулж байгаа. Хөвсгөл орчимд аялал жуучлалын бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг тоолоход 40 нь хууль бус буюу ямар нэг хариуцлага хүлээлгүй үйл ажиллагаа явуулж байсан.

Аялагчдын ухамсрын төвшин ч өөр өөр байна. Би өвөл нэгдүгээр сард Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзахад хотынхны хаясан хогийг цэвэрлэхэд дөрвөн сарын хугацаа зарцуулж байна гэсэн. Үүнээс харахад, бидэнд экологийн боловсрол дутагтаж байна. Байгаль эх дэлхийгээ хамгаалах ажил бол зөвхөн байгаль хамгаалагч, цагдаа, эсвэл төрийн албан хаагчийн хийдэг зүйл биш.

Хүн бүрийн гар оролцож байж унаган байгалиа хадгалж үлдэнэ гэдгийг ойлгомоор байна.  Нөгөө талаар Хөвсгөлийн байгалийн цогцолбор газарт нэвтрэхэд 1000 төгрөг авдаг. Энэ бол үзэж харж буй зүйлтэй нь харьцуулахад дэндүү бага үнэлгээ. Хураамжийг нэмэгдүүлээч гэдэг асуудлыг тусгай хамгаалалттай газар нутгийнхны зүгээс тавьж байгаа. УИХ дээр энэ асуудлыг ярьж байна. Энэ бол татвар татаас биш байгаль хамгаалах үйлсэд оруулах буй хөрөнгө оруулалт болох ёстой. 

-Манай аялал жуучлалын салбарт асар их нөөц бололцоо байгааг бүгд хүлээн зөвшөөрдөг. Олон төрлийн аялал жуучлалын салбараас гол орлогоо олдог улсууд байна. Манай улсын хувьд ямар төрлийн аялал жуучлалыг түлхүү хөгжүүлэхийг зорьж байгаа  вэ?

-Монголыг зорих жуулчид нэгдүгээрт байгалийг нь үзэх гэж, хоёрдугаарт Чингис хааны түүх соёл, Азийн ардчилсан оронтой танилцах зорлигоор ирж байна. Дэлхийн 108 гаруй орны иргэдийн дунд аль улсад очиж үзэхийг хүсч байна вэ гэдэг асуулга явуулахад Монгол Улс долоодугаар байрт орсон. Өөрөөр хэлбэл, бидэнд гаднынхны сонирхлыг татаж буй үнэт зүйл байна. Үүнийг бид баллуурдаж болохгүй.

-Таниас хүн бүрийн асуухыг хүсч буй зүйл бол уул уурхайн асуудал. Хариуцлагагүй уул уурхай Орхон гол, Сэлэнгэ мөрөн тэргүүтэй Монгол орны гол горхины эко системд сөргөөр нөлөөлөх боллоо. Тэгэхээр хууль бусаар болон хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй компаниудыг цаашид яах вэ?

-УИХ-аас урт нэртэй хууль баталсны дараа  аж ахуйн нэгжүүд тодорхой хэмжээнд эмх цэгцэнд орсон. Өнгөрсөн дөрвөн жилд аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийн дагуу хуульд өөрчлөлт оруулсан. Компаниуд энэ өөрчлөлтийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах ёстой. Харамсалтай нь, тэгж чадахгүй байна. Цаашид хуулийн хүрээнд ажиллаж чадахгүй компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлахаас өөр аргагүй. Нийтийн эрх ашгийн төлөө Монголын төр ийм шийдвэр гаргах ёстой. Хариуцлагатай уул уурхай эрхэлдэг олон аж ахуйн нэгжүүд бий.

Тухайн газарт хүний гар хүрээгүй мэт мод тариад нөхөн сэргээлт хийсэн тохиолдол олон байдаг. Үүнийг ялгаж салгамаар байна. Орхон голын сав газарт үйл ажиллагаа явуулж байсан 14 компани ямар ч хариуцлагагүй ажиллаж байсан. Манай яам, уул уурхайн яам, МХЕГ, ЦЕГ тэргүүтэй байгууллагууд хамтран газар дээр нь ажиллаж бүх зөрчил дутагдлаа арилгах хүртэл нь үйл ажиллагааг нь зогсоосон. Энэ жил зөрчлөө арилгасан.

Хэнтий аймгийн Гутайн даваа, Завхан аймгийн Дооно баг, Ерөө голын орчимд үйл ажиллагаа явуулахдаа ноцтой зөрчил гаргасан гурван компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Ийм байдлаар хууль зөрчиж байгаа компаниудын хаалгыг хаах ёстой. Цаашид нийтийн эрх ашгийн төлөө тууштай тэмцэнэ.