Ерөнхийлөгчийн сонгуульд 25 мянга гаруй төрийн албан хаагч ажилласан байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.07.10/ Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн эхэнд Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн сонгуулийн талаарх санал, дүгнэлтээ танилцууллаа.
Сонгуулийн Ерөнхий хороо хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийг амжилттай зохион байгууллаа гэж тус хорооны дарга Ч.Содномцэрэн мэдэгдлээ.
Сонгуулийг зохион байгуулахад аймаг, нийслэлийн 22 хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, гадаад улсад байгаа санал авах ажиллагааг зохион байгуулах төв болон салбар 46 комисс, 1983 хэсгийн санал авах байр, мэдээллийн технологийн 30 баг ажиллаж эдгээрт нийт 25 мянга гаруй төрийн албан хаагчид ажиллажээ.
Сонгогчийн нэрсийн жагсаалтыг үйлдэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлыг Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газар хуулиар хүлээсэн үүргийн дагуу хариуцан, нэгдсэн удирдлагаар хангасан байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд нам, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоож, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр нь Төсвийн тогтвортой байдлын тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуульд нийцсэн байдал болон хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн талаарх тооцоо судалгааг Үндэсний аудитын газар хянаж, хуулийн хугацаанд дүгнэлт гаргасан юм.
Цагдаа, онцгой байдлын албан хаагчид, тагнуулын байгууллагын ажилтнууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, аюулгүй байдлыг хангаж ажиллалаа гэж СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн дүгнэлтээ дурджээ. Энэ удаагийн сонгуулийг ажиглахаар гадаад, дотоодын олон байгууллага эрхээ авч ажилласан байна.