Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа
2017.07.06

Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа

Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.07.06) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газраас өнгөрсөн сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаархи Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа танилцуулсан юм.

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо энэ сарын 05-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын нэгдсэн  төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах” тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, тогтоолын төслийг хэлэлцсэн талаар Байнгын хороодоос ирүүлсэн санал, дүгнэлтийг хэлэлцэж дэмжжээ. Байнгын хороодоос ирүүлсэн санал, дүгнэлтэд “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах” тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг дэмжсэн бөгөөд зарчмын зөрүүтэй санал ирүүлээгүй аж.

Байнгын хороодын хуралдааны явцад тогтоолын төсөлтэй холбогдуулан төсвийн орлого буурсан байхад зарлагыг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлсэн, зарим яамд болон төрийн байгууллагуудын төсвийн зардал хэтэрсэн, төсвийн хүрээний мэдэгдэл болон төсвийн төсөөллийг байн байн өөрчилдөг байдалд дүгнэлт хийж, цаашид аудитын байгууллагын дүгнэлтийг тодорхой болгож алдаа дутагдлыг засуулж хариуцлага тооцох, мөн аудитын зөвлөмжийг заавал хэрэгжүүлдэг байх саналууд гаргажээ. Түүнчлэн Засгийн газрын нийт өр, төлбөрийн хэмжээ нэмэгдсэнд дүгнэлт хийж тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэн байна.

Энэ үүднээс “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 3 заалт бүхий тогтоолын төсөл санаачлан боловсруулж, Засгийн газар тодорхой чиглэл өгөх нь зүйтэй гэж үзсэнийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжжээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа тогтоолын төсөлд “Үндэсний аудитын газраас Монгол Улсын нэгдсэн  төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд төсвийн ерөнхийлөн захирагчдын авлага, төсвийн орлогын гүйцэтгэл, эргэлтийн хөрөнгө, төрийн сангийн богино хугацааны өр төлбөр, урт хугацааны өр төлбөрт нарийвчилсан задаргаа, шинжилгээ хийж, дүгнэлт гаргах шаардлагатай” гэсэн горимын саналыг гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн байна.

Дэд хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 93.2 хувийн саналаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдлаа. Мөн уг тогтоол батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 82.6 хувь нь дэмжив.