Ц.Даваасүрэн: Өр бол чинийх, өсөлт бол минийх гэж болохгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.29/ Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Уг тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өөрийн байр сууриа илэрхийлж, Үндэсний аудитын газраас асуулт асуув.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
Өр 7 их наяд төгрөгөөр өссөн гэж байна. 2016 оны улсын төсөв бол хоёр парламент дамнасан учраас АН-ын Засгийн газрын өр, МАН-ын Засгийн газрын өрийг ялгаж зааглах ёстой. Өр бол чинийх, өсөлт бол минийх гэж болохгүй. Төсвийн орлогын төлөвлөгөө 500 гаруй тэрбум төгрөгөөр давж биелсэн гэж гүйцэтгэлд дурджээ. Энэ нь төсвийн орлогоо буруу төлөвлөсөндөө холбоотой юу?
Тухайн үед төсөвт тодотгол хийх үеэр нүүрс, алтны дэлхийн зах зээл дэх үнэ өссөн байгаа учраас төсвийг тэгтлээ танах хэрэг байна уу гэж би удаа дараа хэлж байсан. Татварын байгууллага зориудаар төсвийн орлогыг бага төлөвлөдөг тал бий. Тэр төлөвлөгөө нь биелэхээр гавьяа байгуулсан мэтээр аашилдаг.
Гэхдээ нэг байгууллагын гавьяа гэхээсээ илүү эдийн засагт нөхөж баршгүй хор хохирол учирч байгаа юм. Тиймээс татварын орлогыг сайн төлөвлөхөд анхаарах хэрэгтэй. Төсвийн орлогоо багасгаж, төсвийн алдагдлаа нэмэгдээд байж болохгүй. Аль аль талыг харгалзан үзээд төсвийн орлого давуулан биелүүлсэн гэдэг нь гай юу, гавьяа юу гэдгийг Аудитын байгууллагаас тодруулмаар байна. Би бол гавьяа гэж бодохгүй байна.