УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
2017.07.05

М.Оюунчимэг: ОУВС-гийн хэлэлцээрээс гарч байгаа гэдэг үнэн үү?

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээс ОУВС-гийн “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил, гарсан үр дүнгийн талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонссон. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Ерөнхий сайдаас зарим зүйлийг тодруулсан юм. 

Засгийн газар сүүлийн хэдэн сар сайн ажиллажээ. Манай улсын гадаад худалдаа нүүрсний экспортоос ихээхэн хамааралтай байна. Энэ ч утгаараа нүүрсний экспорт нэмэгдсэнээр гадаад худалдаа сүүлийн арван сарын дотор 1 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Ингэж ажиллах амаргүй байсан. Учир нь өнгөрсөн дөрвөн жилд АН-ын компаниуд зөрчилдсөнөөс болж, нүүрсээ 25 ам.доллар болтлоо доош нь унагаж, эцэс сүүлдээ нүүрсний тээвэрлэлт зогсох дээрээ тулсан.

Харин нүүрсээ үнэд хүргэж, нүүрсний борлуулалтаараа дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүргэсэн нь Засгийн газар сайн ажиллажээ гэж дүгнэхэд хүргэв. Одоо эдийн засгийн сэргэлтийг иргэдийн амьдралд мэдрүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ гэж найдаж байна. УИХ-д ч бас эдийн засгаа сэргэхийн тулд хатуу бодлого баримталсан гэдэгтэй олон нийт санал нийлэх байх.

Бид 2012 онд АН 17 хувийн өсөлттэй эдийн засгийг хүлээлгэн өгсөн.

Харамсалтай нь 2015 он гэхэд 1 хувь хүртлээ буурч, эдийн засгийг сүйрүүлсэн. Энэ бол өмнөх парламентын алдаа байсан гэдгийг өнөөдрийн ажилгүйдэл, орлого бага байдал нүдэн дээр харагдаж байна.

Засгийн газар ОУВС-тай ам хэлээ олохоо байгаад хэлэлцээрээс гарах нь гэж жиргэж эхэллээ. Гэхдээ эдийн засгаар улс төр хийж болохгүй. Нөгөө талаас төсвийн мөнгийг шамшигдуулж, үргүй зарцуулсан, хариуцлага алдсан этгээдүүдийг УИХ-аас гарсан ажлын хэсгийнхэн олж илрүүлчихээд байхад яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ, хаана очоод гацаад байна гэдэг асуулт иргэдийн дунд байна. Үүнд Ерөнхий сайд хариулт өгөөч?

1,1 тэрбум ам.долларын хөрөнгөө оффшор бүсэд нуусан хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна гээд үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээлэл цацагдаж байна. Үүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд хариулт өгөөч?

Ж.Эрдэнэбат: ОУВС-гийн хөтөлбөрөөс гарч байна гэвэл худлаа

Ерөнхий сайд

Нэгд, бид боломжийг цаг алдалгүй ашиглах ёстой гэсэн зарчмаар ажиллаж байна. Үүнийг нүүрсний борлуулалттай холбон тайлбарлаж болно. Нүүрсний үнэ тодорхой хугацаанд өссөн. Одоо бол буурах хандлага руу орлоо. Өсөлтийн энэ хугацааг ашиглаж, хил, гаалийн хэлэлцээр хийж, хамтын ажиллагаа өрнүүлж манай талаас шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд нүүрсний борлуулалтын хэмжээ нэмэгдсэн юм.

Нүүрсний экспортын орлогоос улсын төсөвт төвлөрүүлснээс гадна, уул уурхайн компаниудын орлогыг нэмэгдүүлэх бодлого ч барьж байна. Энэ утгаараа тухайлбал, Тавантолгой компани нүүрсний борлуулалт хийхдээ нээлттэй дуудлага худалдаа зарлаж, хамгийн өндөр үнийн санал өгсөн компанид нүүрсээ борлуулж байх шаардлага тавьсан. Үүний үр дүнд таван жилийн өмнө төлж байсан татвараа эргээд төлдөг болсон.

Хоёрт, ОУВС-тай тохирохдоо макро эдийн засгийн үзүүлэлтийг тодорхой түвшинд хүргэнэ гэдэг. Энэ жил эдийн засгийн өсөлт -0,2 хувьтай байхаар байна гэж төсөөлсөн ч өнөөдөр эдийн засгийн өсөлт 4,2 хувьд хүрсэн. Тиймээс цаашид эдийн засгийн үзүүлэлтүүдээ улам сайжруулж, эдийн засгаа сэргээснээр ОУВС-гийн хөтөлбөрөөс 3 жил биш 2 жил, магадгүй 1,5 жилийн дараа гарч болно.

Мөн хөтөлбөрийн хүрээнд тавигдсан шаардлагуудыг биелүүлж байх явцдаа зарим нэг нийгмийн халамжийн бодлогоо хэрэгжүүлж, ажлын байр нэмэгдүүлэх бодлого барьж ажиллахад болохгүй зүйл байхгүй. Нийгмийн халамжийн бодлого хэрэгжүүлж, ОУВС-тай тохирсон тохирооноосоо буцаж байна гэвэл худлаа.