УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа
2017.06.30

Ц.Цогзолмаа: Амьдралын хүндийг үүрч буй эхчүүдэд маш том дэмжлэг болно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.30/ Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа асуулт асуулаа. 

Уг хуулийн төсөл бол нийгэмд эрэлт хэрэгцээтэй, нийгмийн захиалгын үндсэн дээр батлагдах гэж байна. Улсын хэмжээнд 860 гаруй мянган өрх байгаагаас 156 мянган өрхийг эхчүүд толгойлж байна. Ялангуяа сүүлийн найман жилийн дотор нийгмийн өөрчлөлт нь гэр бүлийн харилцаанд сөрөг үр дагавар авчирч, өдөрт 40 гэр бүл шинээр бүртгүүлж байхад 10-15 гэр бүл цуцлуулж байна гэсэн харамсмаар статистик бий.

Тиймээс өрх толгойлсон эцэг/эхийн амьжиргааны баталгааг яаж хангах вэ гэдэгт МАН зүүний чиглэлийн нам болохын хувьд мөрийн хөтөлбөртөө “Цалинтай ээж” хөтөлбөр санаачлахаас эхлээд тэдний нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөг байх, орлогын эх үүсвэрийг бий болгох, амьжиргааны баталгаажих доод түвшинг нэмэгдүүлэх гээд шат дараалсан арга хэмжээ авч байна.

Өнөөдөр хэлэлцэж буй хуулийн төсөлд жирэмсэн эхэд тэтгэмж олгох, ихэр хүүхэдтэй, гурав ба түүнээс дээш хүүхэдтэй, ихэр хүүхэд дотроо гурваас дээш ихэр хүүхэдтэй гээд олон нөхцөлөөр амьдралын хүндийг нуруундаа үүрч буй эхчүүдэд маш том дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Тэтгэмжийн хэмжээг Засгийн газар тооцоо, судалгаанд үндэслэн оруулж ирсэн гэж найдаж байна. Тиймээс жил бүрийн улсын төсөвт шаардлагатай хөрөнгө мөнгө нь суух болно. Тэгвэл хуулийн төсөл хэзээнээс хүчин төгөлдөр мөрдөгдөх вэ?

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр:

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Уг хөтөлбөрийн гол зорилго нь хүн амын цонх үеийг хадгалах, төрөлтийг дэмжих юм. Учир ирэх жилүүдэд хүн амын 15-20 хувийг ахмад настан эзлэхээр байна. Тиймээс хүүхэд төрүүлсэн эхчүүдэд тодорхой хэмжээнд мөнгөн тэтгэмж олгох зохицуулалтыг оруулж ирсэн. Энэ нь олон улсын практиктай нийцэж байгаа. Энэ бол эхний үе шат. Цаашид эхчүүд, эмэгтэйчүүдийг эдийн засгийн чадамжтай болгох үүднээс хөдөлмөр эрхлэлт, татварын бодлогоор дэмжих юм.