2017.06.20

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа тойрогтоо ажиллаж байна

Тэрээр одоогоор Өмнөговь аймгийн Хүрмэн, Даланзадгад, Баяндалай сумын иргэдтэй уулзаж, тэдэнд тулгамдсан асуудал, шийдвэрлэх боломжийн талаар харилцан санал солилцсон юм.

Хүрмэн сум нь Улаанбаатар хотоос 612 км, аймгийн төвөөс 58 км зайд оршдог. Засаг захиргааны гурван багтай бөгөөд сумын хэмжээнд зургаан төсөвт байгууллага болон хувийн хэвшлүүд ажиллаж байна. 7,4 га талбайд төмс, хүнсний тогоо тарьж, жилд дунджаар 63 тн урган хураан авснаас гадна малын үүлдэр угсааг сайжруулах зорилгоор Сүхбаатар, Хэнтий аймгаас цагаан ухна, азарга, хуц үржүүлж байгаа юм. Тус суманд Дэлхийн банкны Тогтвортой амьжиргаа төсөл, НҮБ-ын Хүүхдийн эрхийг хамгаалах төсөл, Японы Өвсний үндэс зэрэг төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Хүрмэн суманд ажиллах үеэр эдийн засгийн өнөөгийн байдал, бүтээн байгуулалтын ажлын явц, орон нутгийн төрийн байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, иргэд малчидтай уулзав. Иргэд төрийн үйлчилгээ тэр дундаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хүртээмж муутай, хүнд суртал ихтэй байна гээд сумын сургууль, дотуур байранд засвар хийх хэрэгтэй байгааг хэллээ.

Мөн сумаас 30 км зайд нутаглах Тулга багийн Ар улаан толгойн Их аргалантын малчин өрхүүдтэй уулзахад бэлчээрийн хомсдол, сумын хилийн заагийг тогтоох, худаг ус шинээр гаргах, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх, эрүүл мэндийн байгууллагын хүнд суртлыг арилгах, боловсон хүчний дутмаг байдал зэрэг тулгамдаж буй олон асуудлыг дэвшүүлж, зохих хариултыг авчээ.

Өмнөговь аймаг, БНСУ-ын Кёнсанбуг аймгуудын хамтын ажиллагааны хүрээнд эхний ээлжинд Даланзадгад суманд хүлэмжний аж ахуйг байгуулж, төрөл бүрийн хүнсний ногоо, жимс ургуулах ажлыг эхлүүлээд байгаа билээ. УИХ-ын гишүүн Н.Амарзаяа ажлын явцтай танилцан, бүх сумдын ногоочдод зориулсан хоёр дахь удаагийн сургалтын үйл ажиллгаанд оролцож, тэдэнд баяр хүргэн үг хэлжээ. Тэрээр: “Миний бие санаачлан хоёр аймгийн хамтын ажиллагааны эхлэлийг саяхан тавьж байсан бол өнөөдөр бодит ажил болон хүнсний ногооны тарилалат жигдэрч, Өмнөговьчууд тун удахгүй нутгийнхаа хөрсөнд ургасан гүзээлзгэнэ, жимс ногоог амтархан идэх боломж бүрдэж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Цаашид энэ ажлыг улам өргөжүүлэн, уул уурхай компаниудад нийлүүлэх өргөн боломжийг ашиглах хэрэгтэй” хэмээжээ.

Харин Гурвантэс сумын иргэдтэй уулзалт хийхэд багш нарын орон сууц байхгүйгээс тогтвор суурьшилтай ажиллахгүй байна, гадаад хэл, дуу хөгжмийн багш дутагдалтай, сургууль цэцэрлэгийн багшийн илүү цагийн нэмэгдлийг хассан, шинээр байгуулагдаж байгаа уул уурхайн компаний ажлыг зогсоож, малчдын бэлчээрийг үлдээж өгөөч, шүүх прокурорын байгууллагыг шалгах үйл ажиллагааг чангатгах, уул уурхайн компаниудтай ажиллахад хүндрэл их байна, өмгөөлөгч авч ажиллахад төсөв санхүү их хэрэгтэй байна гэх зэрэг асуудлуудыг тавьж байлаа. УИХ болон аймаг орон нутгийн түвшинд эдгээр тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн Овоотын цэргийн ангийн тангаргын баярт оролцож, “МАК” ХХК-ний удирдлагуудтай уулзлаа. Уулзалтын үеэр тус сумын малчид, хөдөлмөрчид цөлжилт, худаг усны хүрэлцээгүй байдал болон бэлчээрийн хомсдол хурцадмал байдал үүсгээд байгааг онцлоод үүл буудан хур бороо оруулах, отрын бүс нутаг бий болгох зэрэг асуудлуудыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа дурдсан юм. Үүнтэй холбоотойгоор аймаг, орон нутгийн зүгээс баруун сумдад гүн өрмийн худаг барихаар төлөвлөж, хөрөнгийг төсөвт суулган ажиллаж байгаагаа илэрхийллээ.

Үүний зэрэгцээ Гурвантэс сумын малчид, хөдөлмөрчид залуу малчдыг дэмжих, малын даатгалын хуульд өөрчлөлт оруулах , тэмээний амьдын үнэлэмжийг сайжруулах, ноосны үнийг 5000 төгрөгөөс дээш үнээр үнэлэх, сумын ИТХ-г өөрсдөө шийдвэр гаргадаг болгох зэрэг тулгамдаад байгаа асуудлуудыг хөндөн шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа уламжилсан юм.