Монголын бизнесийн тэргүүлэгч нар чууллаа
Монголын Бизнесийн Зөвлөлийн 2 дугаар чуулган “Азийн бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо” сэдвийн дор Их Тэнгэр цогцолборын Хатан туул зочид буудалд боллоо.
МБЗ-ийн 2 дахь удаагийн Чуулга уулзалтаар бүс нутгийн хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн хөгжил, боломжуудын талаар төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчид дэлгэрэнгүй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Тус чуулганд оролцсоноор бизнесийн салбарынхан 10 улсаас ирсэн 200 гаруй бизнес болон улстөрийн тэргүүлэгч нартай харилцаа холбоо тогтоож, Азийн эдийн засгийн хандлагын талаар үнэн бодит мэдээлэл аван, өөрийн бизнесийн үйл ажиллагаагаа олонд танилцуулах боломж бүрдэх юм.
Чуулганыг нээж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлсэн. Тэрээр илтгэлдээ “Монгол Улсын зээлжих зэрэглэл буцаад тогтвортой гэсэн түвшиндээ хүрч, Монгол Улс хөрөнгө оруулагчдыг урин дуудаж байна. Хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг алдалгүй, хөрөнгө оруулалт, бизнесийн орчноо улам бүр сайжруулах болно” хэмээсэн юм.
Чуулганы үеэр 4 сэдвийн доор хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Эхний хэлэлцүүлэг болох “Бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо: Эдийн засгийн шаардлагаас улс төрийн бодлого руу” сэдэвт хэлэлцүүлгийг МБЗ-ийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан удирдаж, БНХАУ-ын Элчин сайд Шин Хайминг, БНСУ-ын Элчин сайд У Сун, Гадаад хэргийн яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд, Фосун группын гүйцэтгэх захирал Алекс Гонг, Эрдэнэс Монгол ХХК-ийн ерөнхий захирал Ц.Түмэнцогт, ОХУ-ын Элчин сайд Искандер Азизов, “Бридженс” компанийн гүйцэтгэх захирал Анастасия Набачикова нар оролцсон юм. Хэлэлцүүлгийн үеэр эдийн засгийн коридорыг хөгжүүлэх чиглэлээр 13 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт гаргаж, 32 салбарын төсөлд хөрөнгө оруулахаар ажиллаж байгаа тухай дурдсан юм. Ямар салбаруудад хөрөнгө оруулахыг одоогоор албан ёсоор шийдээгүй байгаа бөгөөд ложистик, эрчим хүч, байгалийн хий зэрэг салбарт хөрөнгө оруулах нь тодорхой гэж оролцогчид үзэж байна.
Хөрөнгө оруулагчид төслийн эдийн засгийн тогтвортой байдал, хөрөнгө оруулалт авах бодит хэрэгцээ болон хэмжээнээс хамаарч шийдвэрээ гаргадгийг сануулж байсан юм.
Хоёр дахь хэлэлцүүлэг “Зүүн хойд азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ” сэдвийн дор өрнөж, Францын Цахилгаан ХХК-ийн Шинэ Бизнес, стратеги, инновацийн газрын менежер Филипп Лиенхарт, “Софтбанк” корпорацын ахлах менежер Шигеки Мива, “Россети” ХХК-ийн технологийн дэвшил болон инновацийн газрын дарга Владимир Софин, Азийн хөгжлийн банкны Эрчим хүчний салбарын мэргэжилтэн Терухиса Ои, тэргүүтэй салбарын төлөөллүүд оролцлоо. Оролцогчид Азийн зах зээл Европынхоос 1.5 дахин их тул энэ салбарт хөрөнгө оруулах нь зөв гэдэгт санал нэгдэж байсан юм. Сэргээгдэх эрчим хүчний үнэ Энэтхэг, Японд хурдацтай буурч байгаа боловч дан ганц сэргээгдэх эрчим хүчээр дагнах нь эрсдэлтэй хэмээн тэд үзсэн юм.
Удаах хэлэлцүүлэг нь “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх нь” сэдвийн дор “Тогтвортой Хөгжлийн Санаачилга” хөтөлбөрийн захирал Э.Тэмүүлэн, Үндэсний хөгжлийн агентлагийн Судалгаа, шинжилгээний албаны дарга А.Мөнхболд, “Хэнгуян” групын Бизнесийн хэлтсийн ахлах менежер Шие Аихуа, Улаанбаатарын худалдааны танхимын УЗ-ийн гишүүн Л.Дулмаазул тэргүүтэй хүмүүс оролцлоо. Хэлэлцүүлэгт оролцогчид дэд бүтцийн хөрөнгө оруулалт газар газраас шалтгаалан өөрчлөгддөг хэмээн сануулж байсан бөгөөд цоо шинэ санхүүжилтийн дэд бүтэц хэрэгтэй байгаад санал нэгдэж байсан юм. 2016-2030 онд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтад нийт 26 их наяд ам.доллар хэрэгтэй аж.
Эцсийн хэлэлцүүлэг “Байгаль орчин, нийгэм, засаглал дахь бүс нутгийн бизнесийн чиг хандлага” сэдвийн дор Байгаль орчны яамны Ногоон хөгжлийн газрын дарга Т.Булган, “Эрдэнэ Ресурс” компанийн дэд захирал Жон Лионз, Хас банкны Эко банкны захирал Г.Туул, “Лхамур” брэндийн үүсгэн байгуулагч Д.Хулан нар оролцлоо. Энэ сард УИХ-аас баталсан Хог хаягдлын тухай хуулиар хоёрдогч түүхий эд үйлдвэрлэдэг бизнес эрхлэгчдийг дэмжиж, энэ чиглэлийн төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийх боломжтой хэмээн яамны төлөөлөгч хэлсэн юм.
Дөрвөн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, улстөр болон бизнесийн төлөөлөгч нарын байр суурийг сонссоны дараа МБЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүн Н.Баяр үг хэлж чуулганы үйл ажиллагааг хаасан юм.