Ази, Номхон далайн бүсийн Жембори Улаанбаатар хотод болно
Засгийн газрын ээлжит хуралдаан 2017.06.14-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Ази, Номхон далайн бүсийн 31 дүгээр Жемборид шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо.
Дөрвөн жил тутам зохион байгуулдаг Жембори нь скаут болон скаутын хөдөлгөөнийг сонирхогч 11-17 насны хүүхдүүдийн майхант цугларалт юм. Манай улс 2012 онд Бангладеш Улсад болсон Бүсийн их хурлаас 31 дүгээр Жембориг зохион байгуулах эрхээ авсан байна.
Ирэх сарын 27-ноос наймдугаар сарын хоёрны өдрүүдэд “Найрамдал” цогцолборт болох Жемборид гадаадын 50 гаруй орны 2000, манай 4000 орчим хүүхэд, 1600 орчим насанд хүрэгч, сайн дурынхан оролцох юм.
Жемборийн үеэр үндэсний онцлог, нүүдэлчин соёл, ахуйг харуулсан хөтөлбөр, хүүхэд, залуучуудын адал явдалт уралдаан, тэмцээн, урлаг, соёлын арга хэмжээ болохоос гадна хүүхдүүд харилцан мэдээлэл, туршлагаа солилцож, анд нөхөд болно.
Товч мэдээ
- БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь-ийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.
- Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны институтийг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хэлэлцээд холбогдох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
- Инновацийн үйл ажиллагааг судлах, турших, хөгжүүлэх, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхэд Засгийн газрын тусгай сангаар дамжуулан гарааны бизнесийг дэмжих талаар УИХ-ын гишүүн Н.Учрал хуулийн төсөл санаачилсан байна. Төслийг хэлэлцээд хэд хэдэн саналыг уламжлахаар тогтов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.