Онцгой байдлын алба хаагчид Цусаа хандивлалаа
2017.06.14

Онцгой байдлын алба хаагчид Цусаа хандивлалаа

Жил бүрийн 06 дугаар сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудад талархал илэрхийлэх, аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний талаарх ойлголтыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Цусны донорын дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

“Цусны донорын дэлхийн өдөр”- ийг энэ жил “Бусдын төлөө та юу хийж чадах вэ?, “Өнөөдрөөс эхлэн тогтмол хугацаанд цусаа бэлэглэцгээе” уриан дор тэмдэглэж байна.
Дэлхий нийтэд сүүлийн 10 жилийн хугацаанд гамшгийн улмаас жил бүр сая гаруй хүн амь насаа алдаж, 250 сая гаруй хүн санамсаргүй тохиолдлоор эрүүл мэндээрээ хохирч байна.
Газар хөдлөлт, үер, хүчтэй салхи шуурга зэрэг байгалийн гамшгийн үед хүн ам нэг дор олноор амь эрсдэх тохиолдол ч тулгардаг.
Манай орны хувьд ч байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, осол болон хувь хүний буруутай үйл ажиллагаа, санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан олон зуун өвчтөнд цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх шаардлага цаг тутамд гарч байна.
Цусны донорын дэлхийн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч тус бүр 400 гр буюу 10 гаруй литр цусаа хандивлалаа.
350 мл цусны цаана гурван хүнд амьдрал бэлэглэдэг сайн үйлсийн аяныг цаашид ч алба хаагчдын дунд өрнүүлэн ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.