УИХ-ын гишүүн С.Чинзориг
2017.06.09

С.Чинзориг: Хүүхдийг зөв хүн болгон төлөвшүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.09/ эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох тухай саналыг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг хүүхдийг хөгжүүлэх, төлөвшүүлэх тал дээр анхаарах хэрэгтэйг санууллаа.

Үе үеийн УИХ-ын сонгуулийн өмнө МАН-ын мөрийн хөтөлбөрийг боловсруулахад хамтран ажиллаж байсан туршлагатай хүн БСШУС-ын сайдад нэр дэвшиж байгаад баяртай байна. Боловсролын тогтолцоо, төсөл, хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлэх асуудал чухал байна. Гэтэл боловсролын салбарын бодлого тогтворгүй байснаас болж хүүхэд, залуус хохирч, нэг үе нь анги алгассан, нэг үе нь англи хэл үзэж байхад нөгөө үе нь уйгуржин монгол хэл үзэж байх жишээтэй. Тиймээс боловсролын тогтолцоо, орчин, бодлогыг маш тогтвортой байж хөгжлийн үндэс хангагдана.

Ний нуугүй хэлэхэд, хэт нэг талыг барьж, хүүхдийг эрдэм номтой болгоход анхаарсан. Гэтэл хүүхдийн төлөвшүүлэх, зөв хүн болгон хүмүүжүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. Энэ тал дээр эцэг эхчүүдийн оролцоо ч хангалтгүй байна. Хүүхдийнхээ ирээдүй, хувь заяаг багшид даатгадаг. Тиймээс хүүхдийн зөв, эрдэм боловсролтой хүн болгон төлөвшүүлэхэд эцэг, эхчүүдийн оролцоог өндөрсгөхөд бодлогоор анхаарах нь зүйтэй.

Их, дээд сургуулиудын санхүүжилтийн асуудлыг өөрчлөх хэрэгтэй. Төрийн өмчийн оролцоотой их, дээд сургуулиудын санхүүжилт зөвхөн оюутны сургалтын төлбөрт суурилдаг тогтолцоо үйлчилж байна. Цаашид уг санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгохгүй бол хөдөө орон нутгийн иргэдэд сургалтын төлбөртэй холбоотой санхүүгийн дарамт үүсч байгааг ойлгох хэрэгтэй.

Өөр нэг асуудал бол боловсролын зээлийн сангийн хүртээмж маш муу байна. Угтаа бол тухайн оюутан их, дээд сургуульдаа суралцаж байгаа нь зээлийн баталгаа болно гэж ойлгон сангийн журмыг боловсруулж баталсан. Гэтэл бодит байдалд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэхээр эцэг, эхчүүд зайлшгүй ажилтай байх, банкны зээлгүй байх ёстой гэх зэргээр тухайн оюутантай хамаарал бүхий этгээдээс санхүүгийн баталгаа, барьцаа хөрөнгө шаардаж байна. Тиймээс оюутан өөрөө зээлийн баталгаа болгох тухай зохицуулалтыг Боловсролын зээлийн сангийн журамд оруулах нь зүйтэй гэж бодож байна.

Их, дээд сургуулиа төгсөж буй оюутнууд, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг яаж зохицуулах вэ? Хөдөлмөрийн насны хүн амын ихэнх нь дээд боловсролтой ажилгүйчүүд байна гэж олон жил ярилаа. Энэ тал дээр ахиц өөрчлөлт гараарай.