УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
2017.06.09

М.Оюунчимэг: Боловсролын салбарыг санхүүгийн хувьд хүчирхэг болгох тал дээр анхаарч ажиллаарай

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.09/ эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох тухай саналыг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг бүх шатны боловсролын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, авч хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлохыг хүслээ. 

Олон жил боловсрол, шинжлэх ухааны салбарт ажилласан, “дан дээлтэй”, мэргэжлийн хүнийг БСШУС-ын сайдад нэр дэвшүүлж байгаад баяртай байна. Миний хувьд бага, дунд боловсролын хуулийн хэрэгжилт ямар байна, Боловсролын багц хууль бодит амьдралд яаж хүрч байгааг олон сургууль, сургуулийн багш нартай уулзаж, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр салбарын яам нь харьяа байгууллагуудын хоорондын уялдаа холбоог хангаж байгаа болохоос биш яаж боловсролын салбарыг хөгжүүлэх, багш, сурагчидтай хэрхэн ажиллах талын арга хэмжээ авалгүй орхигдуулсан байна.

Сургууль гэхээр хүүхдэд хичээл заах газар мэтээр ойлгодог. Гэтэл Монголын ирээдүйн энд хөгжиж байгаа гэдэг утгаар нь онцгой анхаарах хэрэгтэй. Ерөнхий боловсролдоо анхаардаггүйгээс их, дээд сургуулиудыг төгссөн ажилгүй иргэд нийт хүн амд зонхилж байна. Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийн хүрээнд УИХ-ын тогтоол гарах юм. Тиймээс та ажлаа уг тогтоолыг хэрэгжүүлэхээс эхлээрэй.

Уг тогтоолын гол агуулга нь багш нартай сайтар тулж ажиллаж, багш нарын нийгмийн асуудлыг шийдсэний үндсэн дээр боловсролын чанар сайжирна гэж үзсэн. Нөгөө талаас гадаадаас боловсролын салбарыг хөгжүүлэх хүрээнд олон төсөл хөтөлбөр хэрэгждэг боловч БСШУСЯ-нд уг асуудлыг хариуцсан газар хэлтэс байдаггүй юм байна. Тиймээс гадаадын төсөл, хөтөлбөр, зээл тусламжийг хариуцсан тусгай газар бий болгож, боловсролын салбарыг санхүүгийн хувьд хүчирхэг болгох тал дээр анхаарч ажиллаарай.

Бага, дунд боловсролынхон дээд сургуультайгаа цогц байдлаар нэг дэд бүтэц болж ажиллах сонирхолтой байна. Олон улсын сургалттай сургуулиуд олон төсөл, хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж байгаа ч салбар яам нь анхаардаггүй. Тиймээс энэ мэт шинэлэг зохицуулалт шаардлагатай байгаа талбарт анхаарч ажиллахыг хүсье. Мөн Үдийн цай хөтөлбөрийг Үдийн хоол болгох тал дээр судалж байна. Тогтоолд энэ тухайгаа ч тусгасан. Тиймээс ирэх намрын чуулганаар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр энэ асуудлыг оруулж ирээрэй.