Ё.Баатарбилэг: Орон нутгийн иргэдийн ипотекийн зээлийн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлэл өгөөч?
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.08/ Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Монголбанкны төлөөллөөс ипотекийн зээлийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
Өнгөрсөн намрын чуулганаар шиг санагдаж байна. Банк санхүүгийн шалгалт хийж, зөрчил дутагдлыг илрүүлэн, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцооч гэж ярьж байсан гишүүд, хашир туршлагатай парламентчид өнөөдөр тэс өөр зүйл ярьж, сандралдаад байх юм. “Айсан хүнд аргал хөдөлнө” гэж үг бий. Юундаа айгаад, яагаад тогтоол гаргахаас эсэргүүцээд байгааг ойлгохгүй юм.
Тогтоолын төсөлд, хуулиар зөвшөөрөөгүй үйл ажиллагаа байвал зогсоох, Монголбанкинд хуримтлагдсан алдагдлыг шийдвэрлэх санал боловсруулж УИХ-д танилцуулах, 2012-2016 онд Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн гэм буруутай бол шалгуулах, хөтөлбөрийн хүрээнд зээлээ зориулалтын бусаар ашигласан ААН-үүдэд хариуцлага тооцох тухай заасан байна шүү дээ.
Энэ бол УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд хийж буй арга хэмжээ, тогтоол гэж ойлголоо. Гэтэл яагаад уг тогтоолыг гаргахыг эсэргүүцээд байгааг ойлгохгүй юм.
Монголбанк дампуурчихсан байсан. Шинэ удирдлагууд нь үйл ажиллагаанд өөр арга барил нэвтрүүлж байгаа эсэхийг сайн мэдэхгүй байна. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдтай уулзах үеэр иргэд орон нутагт ипотекийн зээл олгохгүй байна гэсэн гомдол ирүүлж байгааг хэлэхэд Монголбанкны Ерөнхийлөгч орон нутгаас ирсэн хүсэлтийг бүгдийг нь биелүүлж байгаа гэж мэдэгдсэн гэж байдаг. Орон нутгаас Улаанбаатар хотод орон сууц худалдан авах хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн хүсэлтийг биелүүлсэн байж болно.
Монголбанкнаас маш тодорхой журам гаргаж, ипотекийн зээл олгож байгаагийн 25 хувийг орон нутагт шилжүүл гэж байхад яагаад одоог хүртэл уг журмыг арилжааны банкууд биелүүлэхгүй байгаа юм бэ? Ямар шалтгаан нөхцөлтэй гэдэг дээр тайлбар өгнө үү.
Өнөөдрийн байдлаар орон нутгаас 25 хувь шилжүүлсэн банк бий юу? Хэдэн төгрөг аль аймаг руу шилжсэн бэ? Орон нутгаас орон сууцанд орох хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгж олон байна. Монголбанк өөрөө дампуурсан байдалтай байсаар өнөөдрийг хүрлээ.
Монголбанкны Ерөнхийлөгчийн багт орж шийдвэр гаргах төслийг бэлдэж байсан хүмүүст ямар хариуцлага хүлээлгэсэн бэ? Монголбанкны үйл ажиллагааг сайжруулахын тулд ямар арга хэмжээ авч байгаа хэнд ямар хариуцлага тооцсон талаараа бодитой мэдээлэл өгөх хэрэгтэй. Монголбанкны хуучин удирдлага хил гарсан гэх юм. Монгол Улсад төр гэж байгаа бол тэр хүнээ авчирч, шалгуулж, хариуцлага тооцооч.
Монголбанкны дэд Ерөнхийлөгч О.Эрдэнэбилэг:
2017 оны эхний таван сарын байдлаар ипотекийн зээлд зориулж 44 тэрум төгрөг зарцуулсан. Үүний 25 хувийг орон нутагт хуваарилсан. Энэ хугацаанд орон нутгийн зээлдэгчид 214 болж өссөн. Тухайлбал, Архангай аймгаас 110 сая төгрөгийн зээлийн хүсэлт ирсэн бөгөөд уг хүсэлтийн дагуу зээлийг шийдвэрлэсэн байна.
Тодруулга, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
Энэ оны эхний таван сард олгосон 44 тэрбум төгрөгийн 25 хувь нь аймаг орон нутгийн арилжааны банкны салбарт шилжсэн үү гэж асуугаад байна. Би орон нутагтаа орон сууц авах гэж байгаа иргэдийн тухай ярьж байна.