О.Баасанхүү: Хувь хүнд хариуцлага тооцох тухай л яриад байх юм
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.08/ Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэлсэн юм.
Байнгын хорооны дүгнэлтийг сонсож байхад уг тогтоолын төслийн гол зорилго нь хувь хүнд хариуцлага тооцох юм шиг ойлгогдлоо. Монголд төрийн өндөр албан тушаалтан олон бий. Тэдгээр хүмүүс төрийн өндөр алба хашиж байх хугацаандаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан бол заавал УИХ-ын тогтоол гаргахгүйгээр шийдэх учиртай.
Шүүх засаглал бол миний ойлгож байгаагаар хараат бус, бие даасан байх бөгөөд хөндлөнгөөс нөлөөлж болохгүй. УИХ-ын тогтоолын төсөл бол хууль.Тэгэхээр хувь хүнд хариуцлага тооцох ёстой бол заавал УИХ-ын тогтоолын төсөл гаргах нь зөв үү?
Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулж 3 их наяд төгрөгийн асуудал сөхөгдөж байна. Үүнд Эрдэнэт үйлдвэрийн 160 тэрбум төгрөг багтсан уу? Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын төр эзэмшилдээ шилжүүлэхдээ Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцож, хэлцэл хийнэ гэж Эрдэнэт үйлдвэртэй холбоотой тогтоолд дурдсан байдаг. Эрдэнэт үйлдвэртэй холбоотой 160 тэрбум төгрөгийг уг 3 их наядад оруулан тооцсон уу, эсвэл?
Монголбанкинд хийсэн шалгалттай холбоотой зарим авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд угтаа бол хууль тогтоомж, тогтолцоог боловсронгуй болгох, Монголбанкны дүрэм журмыг өөрчлөх, банкны алдагдлыг санхүүжүүлэх талаар тусгах учиртай. Гэтэл хувь хүнд хариуцлага хүлээлгэх асуудал туссан байна.
Хэнд ч 3 их наяд төгрөг байхгүй. Буруутай этгээдээр төлбөр гаргуулъя, эд хөрөнгийг хураая гэж бодлоо. Хийсэн хэргийнхээ төлөө хуулийн хариуцлага хүлээж, ял шийтгэл авах байх. Гэхдээ Монголбанкны алдагдлыг ямар аргаар нөхөх талаар арга хэмжээг уг тогтоолын төсөлд тусгахгүй гэж үү?
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
Төв банкны тухай хуулиар УИХ нь Монголбанкны үйл ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж ажилладаг. Тиймээс УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гарч ажилласан. Төвбанкны тухай хуульд мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, мөнгөний бодлого боловсруулж хэрэгжүүлэх, Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх, банкны үйл ажиллагаанд хяналт тавих, банк хоорондын төлбөр тооцоог зохион байгуулах, гадаад валютын нөөцийг эзэмшиж удирдах зэргээр Монголбанкны үйл ажиллагааны чиглэлийг заасан байдаг.
Гэтэл 2012-2016 онд Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал нь зөвшөөрөгдсөн үйл ажиллагааг давуулсан буюу хуульд заагдаагүй чиг үүргийг хэрэгжүүлсэн. Хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас Монголбанкинд их хэмжээний алдагдал хуримтлагдсан.
Төвбанкны тухай хуулийн 23 дугаар зүйлд Монголбанкны үйл ажиллагаанд хориглох зүйлийг заасан байдаг. Зээлийн үйл ажиллагаа эрхлэх, хуулийн этгээд, иргэний эдийн засгийн буюу арилжааны үйл ажиллагааг дэмжсэн аливаа гүйлгээ хийх зэргийг хориглосон байдаг боловч хуулиар хориглосон эдгээр үйл ажиллагааг эрхэлсэн.
Монголбанкны үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгахад хууль тогтоомжийг ноцтой зөрчиж, улсад их хэмжээний хохирол учруулсан нь төсөвт дарамт учруулж байгаа учраас хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзсэн.
Эрдэнэттэй холбоотой асуудал уг хуримтлагдсан алдагдал орсон уу гэвэл ороогүй. Учир энэ нь зардал биш. Тогтоолын төслийг тагнуулын байгууллагад хүргүүлэхэд Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн гурван бүсэд хамарч байгаа учраас асуудлыг хаалттай хэлэлцэж байна.
Гэсэн хэдий ч тогтоолын төсөлд хувь хүний хариуцлага алдсантай холбоотой үйлдлийг шалгуулах санал гаргасан. Тухайлбал, эрдэнэсийн сангийн үйл ажиллагаа, банкны активыг чанаргүйжүүлэх эрсдлийг хамгаалах үүднээс Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал нь эрх мэдлээ урвуулан ашигласан эсэхийг тогтоохоор ажиллаж байна.
Монголбанкны алдагдлыг хэрхэн бууруулах талаар хөтөлбөр боловсруулж, УИХ-д танилцуулахыг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханд даалгасан. Улсын төсвийн 50 хувийг эзэлж буй 3 их наяд төгрөгийн асуудлыг яаралтай хэлэлцэх хэрэгтэй. Алдагдлыг арилгах олон арга хэлбэр байна.
Үүний нэг хэсэг нь Н.Золжаргалд хариуцлага тооцож, хохирлоо барагдуулахыг шаардаж байгаа. Хариуцлага хаана, хаанаа алдагдсан. Тиймээс Монголын төр хариуцлагын тогтолцоог яаж нэвтрүүлдэг болсноор жишиг тогтох юм.
Улсад их хэмжээний хохирол учруулсан атлаа өөрөө ямар ч хариуцлага хүлээлгүй гадаад улс руу зугтааж байна. Зөвхөн Н.Золжаргал биш Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд ноцтой асуудал үүсгэсэн компаниудад ч хариуцлага хүлээлгэх ёстой.