Өмнөговьчууд М.Энхболдыг Монгол түмнээрээ дэмжиж сонгохыг уухайлан уриаллаа
2017.06.06

Өмнөговьчууд М.Энхболдыг Монгол түмнээрээ дэмжиж сонгохыг уухайлан уриаллаа

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын сонгуулийн сурталчилгааны нээлт Өмнөговь аймагт морин цагт ёслол төгөлдөр боллоо. Хөгжимт Жүжгийн Театрт болсон тус нээлтийн үйл ажиллагаанд:

- Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дарга, Засаг дарга Нанзадын Наранбаатар,

-УИХ-ын гишүүн Намсрайн Амарзаяа,

- Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн дарга Хүүхэндүүгийн Сугир,

 - Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дэд дарга Хархүүгийн Мандахбаяр,

- Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дэд дарга, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Сумьяаготовын Мөнхбаяр, 

- МУГТ, уулын спортын олон улсын хэмжээний мастер Готовдоржийн Өсөхбаяр,

- МУСТА, дуучин Төмөрийн Батсайхан,

- МУСТА, дэлхийн язгуур урлагийн их наадмын гранпри шагналт, хөөмийч Нэргүйн Наранбадрах,

- МУ-ын Боловсролын Тэргүүний ажилтан, Өмнөговь аймгийн Ахмад багш нарын холбооны тэргүүн, ахмад багш Цээнзэнгийн Амарсайхан,

- Оюутан залуусын төлөөлөл Алтансүхийн Хүдэрчулуун нарын зочид, төлөөлөгчид оролцож үг хэллээ.

Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дарга, Засаг дарга Нанзадын Наранбаатар: Говьчууд бидний хувьд Оюутолгой, Тавантолгойн томоохон төслүүдийг гацаадаг биш урагшлуулдаг Ерөнхийлөгч хэрэгтэй


 

МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын сонгуулийн сурталчилгааны нээлтийн ажиллагааг орон нутагтаа албан ёсоор нээж үг хэлэхдээ: “Ард түмнийхээ эв нэгдлийг илэрхийлэгч Монгол төрийн тэргүүнээ сонгох хариуцлагатай бөгөөд хамгийн чухал цаг мөч бидний өмнө ирээд байна.

МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын эрдэм боловсрол, эрхэлсэн ажлын туршлага, хэлсэн үгэндээ эзэн болж хийсэн ажлынхаа ард гардаг шаргуу хөдөлмөрч зан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн улс төрчийн зангараг, хувь хүний хүлээцтэй тулхтай чанар, эвийг эрхэмлэх холч ухаан, өнөөдрийн УИХ, ЗГ-тайгаа нягт хамтран ажиллах боломж нь Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллах цаг үеийн түүхэн тохироог бүрэлдүүлсэн гэж бид үзэж байна.

Говьчууд бидний хувьд Оюутолгой, Тавантолгойн томоохон төслүүдийг гацаадаг биш урагшлуулдаг Ерөнхийлөгч хэрэгтэй байна. Өнөөдөр дээрх төслүүдэд мянга мянган говьчууд маань ажиллаж, гэр бүл үр хүүхдээ тэжээж байна. Аймаг орон нутгийн төсөв бүрдүүлэхэд Оюутолгой, Тавантолгой, Нарийн сухайт зэрэг томоохон уурхайнуудын үүрэг оролцоо үлэмж хувийг эзэлж байна. Монгол улсын хөгжлийн үүц болсон байгалийн баялгийнхаа өгөөжөөр Өмнөговь аймагт зөвхөн 2016-2017 онд 60 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудлыг бид шийдвэрлээд байна. 

Говьчууд та бүхнийхээ итгэл, дэмжлэгээр 2016 оны шат шатны сонгуульд Өмнөговь аймгийн МАН үнэмлэхүй ялалт байгуулж, аймаг, сум, багийн түвшинд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх дүүрэн боломж бүрдсэн билээ. Бидний дэвшүүлэн тавьсан мөрийн хөтөлбөр бол өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд буй Миеэгомбын Энхболдын дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийн салшгүй нэг хэсэг билээ. Тиймээс нэгэн зорилготой, нэгдмэл бодлоготой бидний мөрийн хөтөлбөрийг бүтэн хэрэгжүүлэх боломжийг олгож, эрхэм сонгогчид та бүхнийг МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжихийг уриалж байна”.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа: 


 “УИХ-ын 76 гишүүн болох бидний ангийн дарга бол М.Энхболд дарга. Монгол Улсын хөгжлийн бодлогыг, төрийн бодлогын залгамж, гацаад байгаа аливаа ажлыг шийдүүлж улмаар түүнийг хөгжүүлэхийн төлөө зоримог, дайчин ажиллаж байгаа ангийн нөхрөө нэр дэвшиж байгаад би бахархаж байна.Монголынхоо хууль тогтоох байгууллагад  Л.Энхболд гишүүн бид хоёр Өмнөговь аймгаа төлөөлөн тохой нийлүүлэн зүтгэж байна. Одоо бид гурав дахь улс төрийн том сонголт болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэг намын бодлогыг тууштай дэмжиж Монгол Улсаа төдийгүй Өмнөговь нутгийнхаа хөгжил, нэр алдрыг цуурайтуулах эрхэм сонголт та бидний өмнө ирлээ. Иймд  төрөлх нутгийн ард түмэн та бүхэн маань санаа зорилго нэгтэйгээр Монгол улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа М.Энхболдыг дэмжиж сонгоно гэдэгт итгэж байна". 

МУ-ын Боловсролын Тэргүүний ажилтан, ахмад багш Ц.Амарсайхан:  Боловсрол мэдлэг,  ажлын агуу туршлагаараа үлгэрлэж яваа М.Энхболдыг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшсэнд талархаж байна


“Өрх гэрээс өнөр садан, өнөр садангаас улс үндэстэн бий болж оршин тогтнодог ёсон байдгийг хүн бүхэн санаж үр хүүхэд, залуу хойч үеэ зөв иргэн болгон төлөвшүүлэхэд тогтвортой боловсрол чухал. Эцэг дээдэс, эрдэмтэн мэргэдийнхээ үйл хэргийг сайн мэддэг, уламжлалт зан заншил, түүх соёлоо өвлөн үргэлжлүүлж байгаа М.Энхболдыг ерөнхийлөгчөөрөө сонгох нь зүйтэй гэж ахмадууд бид үзэж байна. Өөрийн боловсрол мэдлэг,  ажлын агуу туршлагаараа үлгэрлэж яваа М.Энхболдыг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшсэнд талархан хүлээж авч дэмжиж байна". 

Оюутан залуусын төлөөлөл А.Хүдэрчулуун: Ах, эгч, эмээ, өвөө, үе тэнгийн залуусаа сонголтоо зөв хийж, бидэнд оюунлаг ирээдүйг бэлэглээч


 "Би аль нэг намын гишүүн биш. Гэхдээ би Монгол Улсын иргэн, сонгуулиа өгөх насанд хүрсэн залуу хүн. Өнөөдөр бидний үеийн залуус Монголдоо төдийгүй дэлхийд мэдлэг боловсролоороо гайхагдаж байна. Ганцхан хоногийн өмнө Монгол залуучууд өөрсдийн мэдлэгээ дайчлан сансарт хиймэл дагуулаа хөөргөлөө. Мөн дэлхийн оюун ухааны долоон дээд амжилтыг Монгол залуус эзэгнэж байна. Энэ танхимд сууж байгаа хүмүүсийн хүүхэд, ач, зээ нар нь аль нэг их дээд сургуульд боловсролын төлөө суралцаж байгаа.  

Эцэг эх нь  үр хүүхдээ боловсролтой, мэдлэгтэй хүн болгохын тулд сургалтын төлбөрийг нь банкнаас зээлж хуруу хумсаа хугалан өнөөдөр хөдөлмөрлөж байна. Саарал биш гэгээлэг ирээдүйг сонгох сонголт зургаадугаар сарын 26-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн саналаар шийдэгдэнэ гэдэгт  итгэлтэй байна. Иймээс би нэр дэвшигчдээс хамгийн мэдлэг боловсролтой нь болох М.Энхболдыг сонгоно гэж шийдсэн. Эзэмшсэн боловсрол нь үнэн, хэлсэн үгэндээ эзэн, сэтгэл нь гэгээлэг болохоор энэ сонголтыг хийсэн юм.  Ах, эгч, эмээ, өвөө, үе тэнгийн залуусаа сонголтоо зөв хийж, бидэнд оюунлаг ирээдүйг бэлэглээч". 

МУГТ, уулын спортын олон улсын хэмжээний мастер Г.Өсөхбаяр: Монгол Улсын Ерөнхийлөгч хэмээх албан тушаалыг "Эверэстийн оргил" гэж зүйрлэдэг

 "Монгол Улсын Ерөнхийлөгч хэмээх албан тушаалыг би өөрийнхөө спортоор "Эверэстийн оргил" гэж зүйрлэдэг. Үүнд хүрэхийн тулд маш их цаг хугацаа, хөдөлмөр зүтгэл  шаардагддаг. М.Энхболд даргыг өнгөрсөн хугацаанд их туршлага хуримтлуулж өдгөө Монгол Улсынхаа төлөө зүтгэхэд бэлтгэгдсэн хүн яах аргагүй мөн  гэж боддог. Өмнөговьчуудын маань сонголт нь мэргэн байх болтугай". 


 Ийнхүү нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг Монгол түмнээрээ дэмжиж сонгохыг Өмнөговь аймгийн МАН-ын гишүүд, дэмжигчид уухайлан уриаллаа. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 26-нд болно. Улс төрийн ууган хүчин МАН "Эвтэй Монгол, Ээлтэй төр" уриатай энэ жилийн сонгуульд оролцож байгаа юм.

Монгол Ардын Намын Сонгуулийн штаб