УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
2017.05.19

Ё.Баатарбилэг: Төрийн албан хаагчид энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд хэр холбогдож байна?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.19/ УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, таслан зогсоох чиглэлд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна. 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг төрийн албан хаагчид энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд хэр холбогдож байгаа талаар лавлаж, цаашид УИХ, асуудал хариуцсан төрийн байгууллагаас ямар арга хэмжээ авч ажиллахыг асуулаа.

Ё.Баатарбилэг: Өнгөрсөн хугацаанд төрийн албан хаагчид хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд хэр холбогдож байв? Тэр дундаа төрийн тусгай албан хаагчидтай холбоотой гэмт хэрэг хэд гарав? Эдгээр гэмт хэрэг, зөрчлийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

Өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдаанаар батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдлаа. Уг хуулиар Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг сэргээх шаардлагагүй гэж үзсэн. Гэтэл төрийн нэрийн өмнөөс үүрэг гүйцэтгэж буй прокурор хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон бол уг алба мөрдөн шалгах ёстой байсан. Энэ бол хүндрүүлэх нөхцөл шүү дээ.

Одоо бол цагдаа, прокурор хар тамхины гэмт хэрэгт холбогдлоо гэхэд энгийн иргэдтэй адилхан нөхцлөөр ял шийтгэл ногдуулах болчихоод байна. Энэ тал дээр ямар бодолтой байна? Ямар тоо баримтыг хэлж болохоор байна? УИХ энэ асуудлаар ямар арга хэмжээ аваасай гэж хүсч байна? Хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлага байна уу? УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хүрээнд хуулийн хэрэгжилттэй холбоотой ямар ажлууд хийх нь зүйтэй гэж үзэж байна?

Нөгөө талаас болгоомжлуулах тусам сонирхдог хандлага бий. Тиймээс ОНМХ-ээр цацагдаж буй мэдээлэл, сурталчилгааны агуулгад анхаарал хандуулах нь зүйтэй болов уу. Сөрөг сурталчилгаа эргээд хүмүүст сэдэл өгөх эрсдэлтэй байдгийг санах хэрэгтэй.

ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр: Сүүлийн 10 жилд 388 хэрэгт 1112 хүн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, Эрүүгийн хуульд заасан холбогдох ял шийтгэлийг амссан. Төрийн албан хаагчдаас сүүлийн гурван жилд таван хүн холбогдож шалгагдсан. 2016 онд прокурортой холбоотой хэрэг гарч, шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн.

Олон улсад хар тамхитай тэмцэх нэгдсэн арга аргачлал гэж үгүй. Тухайн улс өөрийн үндэсний онцлогоос хамаарч тэмцдэг. Урд, хойд хөрш бол хар тамхитай нилээд хатуу аргаар тэмцэж байна. Гэхдээ статистикийг үзүүлэлтийг нь харахаар хар тамхины хэрэглээ буурахгүй байгаа.  Манай улсын тухайд хар тамхитай тэмцэх тэмцлийг гэр бүлээс эхлэх хэрэгтэй. Нөгөө талаас нийгмийн сэтгэлгээнд хар тамхи бол огт хэрэггүй зүйл юм гэдгийг суулгаж өгөх хэрэгтэй, энэ чиглэлээр бүх хүн дуугардаг байх ёстой.

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд тархалт нэмэгдлээ гэж ярьж байгаа бөгөөд хөдөө, орон нутагт өргөн тархаагүй. Дархан, Эрдэнэт хотуудад болон хилийн боомттой ойролцоо аймаг, сумдад мэр сэр гарч байна. Сүүлийн гурван жилд тархалт нэмэгдэх хандлагатай байгаа учраас зайлшгүй тэмцэх хэрэгтэй.

Төрийн үйлчилгээний тухайд аваад үзвэл хар тамхинд донтсон этгэдийг эрүүлжүүлдэг тусгай мэргэшлийн эмчилгээний байгууллага зайлшгүй байх ёстой. Мөн хар тамхи, мансууруулах бодис мөн болохыг илрүүлдэг шинжилгээний төвтэй болох хэрэгтэй.