Х.Нямбаатар: УИХ бол оны ялгаа гаргадаг цэргийн байгууллага биш
УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа. Тэрээр Хууль зүйн байнгын хорооны гишүүн.
Дөрвөн том хуулийн төслийг хэдхэн сарын дотор хэлэлцүүлэн батлуулсан Х.Нямбаатар гэх шинэхэн гишүүн сонгогдоод нэг намар, нэг хаврыг л үдэж байна. "Яаж амжуулав аа" хэмээн хүн бүхэн гайхаж буй энэ цагт түүнийг "Хурц өнцөг"-т урин ярилцлаа.
Ир нь мохоогүй залуу хүний дайчин чадвар түүнд байна. Ярьж байгаа нь ч, хийж байгаа нь ч үүнийг батлах биз.
"Дөрвөн том хууль хоорондоо яахын аргагүй уялдаатай байсан тул зэрэгцүүлж явахаас аргагүй байсан" гэх түүний ярилцлаган дотроос та өөрт хамаатайгаа авна биз ээ.
Энэхүү ярилцлагыг УНШИЖ, СОНСОЖ бас ҮЗЭЖ болно.
Та энэ олон хуулиудыг яаравчлан батлуулахын шаардлага нь чухам юу байсан юм бэ?
Өнгөрсөн хоёр удаагийн болон манай намын гээд нийт гурван удаагийн Засгийн газар дамнасан, дөрвөн хуулийн асуудал бий. Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулийг хянан шийдвэрлэх хууль, Зөрчил шалган шийдвэрлэх хууль. Энэ дөрвөн хуулийн эх, төслийн утга санаа нь гурван өөр засгийн үед хувирсан. Өнгөрсөн жил Ардчилсан нам засгийн эрхэнд байх үедээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, Зөрчлийг шалган шийдвэрлэх гэсэн хоёр процессын хуулийн эцсийн найруулгыг хийгээгүй, ёсчлоогүй орхисон. Гэтэл хуулиуд 2016 оны есдүгээр сарын 1-нээс үйлчилж эхлэх болсон. Тиймээс ээлжит бус чуулганаар дээрх хоёр хуулийн хэрэгжилтийг 2017 оны долоодугаар сарын 1-нээс болгож хойшлуулаад, бусад хоёр процессын хуулийг санаачлагчид нь буцаасан. Энгийнээр хэлвэл, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиуд нь энэ долоодугаар сарын 1-нээс хэрэгжих болтол түүнийг хэрэгжүүлэхэд ашиглах Зөрчил шалган шийдэрлэх, Эрүүгийн хуулийг шалган шийдэрлэх хуулиуд нь байхгүйн улмаас эрх зүйн салбарт доголдол үүсэх гээд байсан юм.
Таныг хүмүүс элдвээр шүүмжлээд байгаа шүү дээ?
Энэ бол мэдээлэлгүйтэй холбоотой. Мөн зохион байгуулалттайгаар шүүмжлэхийн тулд шүүмжилж байна. Гэхдээ энэ яахав, дараа болъё. Эхлээд бид Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон хоёр процессын хууль гарснаараа ямар дэвшил гарах вэ гэдгийг ярих ёстой. Нэгдүгээрт, энэ нь 240 хуульд байсан хариуцлагатай холбоотой заалтыг базаж Зөрчлийн тухай нэг хууль болгосон. Боловсролын тухай, эмийн тухай, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай гэх мэт хуулиудын “эдгээр хуулийг зөрчвөл.. ” гэсэн заалтууд нь багтсан гэсэн үг. Ингэснээр салбар бүрт өөрсдийнхөө хуулиар, хүний эрхийг дордуулсан шийдвэр гаргадаг, зөрчлөөр шалган шийдвэрлэдэг орчин үүссэнийг арилгах давуу талтай. Нэгхэн жишээ хэлье. Төрийн хянан шалгалт гэдэг том ойлголтын нэгээхэн хэсэг нь татварын хяналт шалгалт. Гэтэл Төрийн хянан шалгалтын тухай хуулиас давсан хяналт шалгалтыг Татварын хууль өөрийн багц хуулиараа хэрэгжүүлээд байсан. Энэ мэтээр 240 хуулиар, 240 өөр байдлаар хүний эрхэнд халдах процесс яваад байсан гэсэн үг. Тэгэхээр энийг больё. Зөрчил гэдгийг нэг хууль, нэг ойлголт болгоё л гэсэн.
Яагаад зөвхөн торгох шийтгэлтэй байсан Зөрчлийн тухай хууль баривчлах шийтгэлтэй Эрүүгийн хуультай адил болчихов?
Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль хэнд ч таалагдахгүй. Яагаад гэвэл дандаа эрх хязгаарлаж байгаа юм. Гэхдээ эдгээр хууль батлагдсанаар та, бид хамтдаа нийгэмд тайван амьдрах баталгаа болдог. Яагаад баривчилгааг оруулж ирсэн бэ гэдэг дээр ганцхан жишээгээр тайлбарлая. Өмнөх засгийн газрын оруулж ирсэн төсөлд баривчилгаа байхгүй, зөвхөн торгуулийн шийтгэлтэй байсан. Гэтэл тухайн үед зэрэгцүүлж баталсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль нь “баривчилна” гэдэг заалттай. Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд “согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол баривчилна” гэдэг. Тэгэхээр хоёр хуультайгаа зөрөлдсөн хуулиудыг УИХ зэрэгцүүлж батлаад байсан юм. Ийм учир үүнийг нэгтгэх ёстой. Хоёрдугаарт, гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд сууж байгаа нөхөр дээр эрх бүхий цагдаа очоод “таныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” зөрчсөн гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн дагуу торголоо. 100 мянган төгрөг өгнө үү” гэнгүүт агсарч хүний эрхэнд халдаж байсан хүн тийм найрсгаар хүлээж авах уу. Аягүй бол зуун мянган төгрөгөө манай цагдаагийн албан хаагчийн өмнөөс шидчихээд үргэлжлүүлээд хүчирхийллээ үйлдэх боломжийг нь нээж өгчихөөд байгаа юм. Тийм учир гэр бүлийн хүчирхийлэлтэй монгол төр тэмцье л гэж байгаа бол тэр хүнийг 7-30 хоног баривчилж, тэр хугацаандаа сургалтанд хамруулах ёстой.
Та өмгөөлөгч хүн хууль эрх зүйн хангалттай мэдлэгтэй. Хоёр хуулийн үзэл баримтлал холилдож болдог юм уу л гэж асуугаад байгаа юм?
Би нэг юм хэлье. Нийгэмд үзүүлэх хор аюулын хэмжээ нь их бол эрүүгийн гэмт хэрэг, бага бол зөрчил. Манай Монгол Улсын хууль эрх зүйн тогтолцоонд баривчлах шийтгэл хэдэн арван жил болсон тогтсон уламжлал. Би шинэ юм гаргаж ирээгүй. 1600 зөрчил байгаа. Үүнээс жижиг хулгай, танхайрах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн дөрөвхөн төрлийн зөрчил дээр баривчлах шийтгэл хүлээлгэнэ.
Х.Тэмүүжингийн үед энэ төсөлд “танхайрах гэдгийг хүний эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулвал, бүлэглэн үйлдвэл эрүүгийн хэрэгт тооцьё. Бусдаар агсам согтуу тавьж, цамнаж байгаа нөхрийг жижгээр танхайрсан гэж үзээд Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэнэ. Танхайрсан нөхөрт 100 мянган төгрөгөөр торгууль тавина” гэж заасан байсан. Танхайрах гэдэг зөрчлийн үндсэн шинж чанар нь нийгмийн, нийтээр тогтоосон дэг журам руу хамгийн ихээр халддаг, чиний миний эрх рүү шууд халддаг үйлдэл. Тэр нөхөр 100 мянган төгрөгөөр торгуулиад адал балмад үйлдлээ зогсоох уу? Зогсоохгүй. Залуусын дунд янз бүрийн ааш авир, хөрөнгө чинээтэй хүмүүс бий болсон. Бас л мөнгөө шиднэ биз дээ. Тиймээс баривчлах болгосон. Мөн жижгээр хулгай үйлдсэн бол баривчилна. Яагаад жижиг, том хулгай гэж ялгасан гэхээр гадны орнуудад байдаг жишиг. Одоо цалингийн доод түвшнээс буюу 240 мянгаас доош төгрөгийн хулгайд мөрдөн шалгах процесс байдаггүй. Тийм учир зөрчил шалган шийдвэрлэх хуулинд тусдаа бүлэг оруулаад гэм бурууг тогтоох, эд зүйлийг олж хайхтай холбоотой харилцааг оруулсан.
Хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон бол хувь хүн 2 сая, аж ахуйн нэгж 20 сая төгрөгийн торгууль хүлээхээр заасан. Хүний нэр төр гутаан доромжилсон эсэхийг цагдаа л шийдчих хэрэг үү?
Энэ бол уг нь зөрчлийн хэрэг биш. Зөрчил гэдэг дандаа тогтоосон журмуудыг зөрчсөнийг л хэлдэг. Та бидэнд эцэг, эхээс өгсөн ганцхан зүйл бол таны, миний нэр төр. Энэ бол хэн дуртай нь халдаж болдоггүй зүйл. Үүнийг хамгаалж бүх үеийн Эрүүгийн хуулинд гүтгэх, доромжлох гэдэг гэмт хэргийн тусгай зүйл байсан. Өмнөх Засгийн газруудын өргөн барьсан төслүүдээр Зөрчлийн тухай хуулинд орсон. Хэрвээ өөрчилсөн бол магадгүй, над руу бүгд дайрах байсан. Тиймээс энэ чигээр нь орхисон юм. Зөрчлийн тухай хуулинд байгаа энэ “гүтгэх” гэдэг заалтыг шалган тогтоох ажиллагаа явагдана. Та хэвлэл мэдээллийн байгууллага, би хувь хүн байлаа гэж бодъё. Миний нэр төрд халдсан, зориудын худал мэдээллийг нийтэллээ гэхэд би нэр төрөө сэргээлгэе гээд цагдаагийн байгууллагат хандана. Та буруугүй бол өөрийн чинь гэм буруутай эсэхийг шалган шийдвэрлэх ажиллагаа явагдана. Үүнийг одоо ч хийж байгаа, цаашид ч хийнэ. Шалгаад, материалыг цуглуулаад шүүхэд шилжүүлнэ. Шүүхээр орж байж энэ асуудал шийдэгдэнэ. Манай хэвлэл мэдээллийнхэн “биднийг цагдаагийн хар гарт аваачиж хаялаа” гэж буруу ойлгоод байгаа юм.
Би компанийн захирал байлаа гэхэд компаниа 20 сая төгрөгийн өрөнд унагааснаас, сэтгүүлчээ 2 саяд бариад өгчихсөн нь дээр гэдэг сонголт дээр буухгүй гэж үү?
Тэрийг чинь тогтоохын тулд л цагдаагийн байгууллагын бүхэл бүтэн аппарат ажиллаж байгаа биз дээ. Сэтгүүлч нь гэм буруутай байсан уу, байгууллага нь буруутай байсан уу гэдгийг тогтооно.
Зөрчлийн тухай хуульд "хууль тогтоомжоос үүдэлтэй иргэдийг хохироосон хууль сахиулах байгууллагуудын алдаа гажуудлуудыг засна" гэж заажээ. Яаж?
Одоо бол Байгаль орчны улсын байцаагч, мэргэжлийн хяналтын улсын байцаагч, цагдаагийн эрх бүхий ажилтан гэх мэтчилэн 28 байгууллагын 11300 субъект зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг өөр өөрийнхөө хуулиар дур дураараа хийгээд байгаа юм. Үүнийг нэг хуулинд оруулаад, шалгахын тулд нэг л процессор явна. Үүнээс өөр процесс зохиохгүй. Чи процесоо зөв явуулж байна уу, үгүй юу гэдгийг прокуророос хянана. Прокуророос улсын хэмжээнд нэгдсэн дугаар авна. Тэр дугаарынхаа дагуу 14-хөн хоногийн дотор зөрчлийг шалган шийдэж дуусна. Нөгөө хүн зөрчлөө хүлээн зөвшөөрч, газар дээр нь шийдүүлье гэж байгаа тохиолдолд тэр дор нь шийд. Эсвэл шийдвэрийг алдаатай гэж үзвэл Захиргааны хэргийн шүүхэд хандах боломжтой. Ингэж хуулийн этгээдийн үйл ажиллагаанд улсын байцаагч нар оролцож, хүний эрх зөрчдөг үйл ажиллагааг нэг хуулиар хяналт, шалгууртай явуулах гээд зориод байгаа юм. Энэ нь өөрөө хүний эрхийг дээдэлсэн хэлбэр болно. Тэгэхгүй бол мэргэжлийн хяналтын байцаагч очоод л дур зоргоороо хаалга лацдаад, зөрчлөөс нь давсан торгууль шийтгэл ноогдуулна гэж сүрдүүлээд байж болохгүй.
Хэн нэгэн улсын байцаагч шалгалаа гэхэд “прокуророос авсан кодыг чинь шалгая” гэх нь ээ?
Зөрчлийн хэрэг үүсгүүлсэн дугаарыг нь нэхнэ. Улсын хэмжээний тоо баримтыг бас бүрдүүлэх гээд байгаа юм.
Прокурорын байгууллагын ачаалал хэт ихсэх юм биш үү?
Нэг программаар л зөрчлийн дугаарлалтын асуудал шийдэгдчихнэ. Улсын байцаагч нарын зөрчлийн хэрэг үүсгэдэг маягтанд автоматаар дугаарлалт олгогдоод явна. Хуулийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа. Гэхдээ үүнийг одоо ч өөр өөрийнхөө салбаруудаар прокурор хянаад явж байгаа. Би ерөөсөө цоо шинэ юм гаргаагүй.
Жижиг дунд бизнес эрхлэгчид татварын орлогоо нуун дарагдуулснаар шоронд хоригдох нөхцөл бүрдчихлээ гэдэг айдаст автсан байх шиг?
Ийм юм огт байхгүй. Аж ахуйн нэгж байгууллага, нийгмийн даатгалын тухай хуулиар болон татварын тухай хуулиар тайлангаа мэдүүлэх үүрэгтэй. Зарим тохиолдолд хугацаандаа татвараа төлөхгүй байх нь Эрүүгийн болоод Зөрчлийн тухай хуультай огт хамаагүй. Энэ нь татварын албатай хамаатай. Харин 50 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй буюу 500-1 тэрбум орчим төгрөгийн орлого олчихоод түүнийгээ нууж, данс баримтаа устгасан тохиолдолд эрүүгийн хэрэг үүснэ. Энэ бол ялгаатай ойлголт. Харин 50 саяас доош хохирол учруулж, зориуд нийгмийн даатгал, татвараа төлөлгүй нуун дарагдуулсан тохиолдолд зөрчлийн хэрэг болно. Торгуулийн шийтгэлтэй.
Л.Болд гишүүн “хүний эрхийн алхмуудаас ухралт хийсэн нь Х.Нямбаатар шүү” гэж хэлсэн. Мөн зарим гишүүн Эрүүгийн хуулийн өөрчлөлтөд Ц.Нямдорж гишүүн хүртэл оролцохгүй байхад жил болоогүй гишүүн том том хуулиудыг гаргах нь хэр зөв бэ, туршлага байна уу ч гэсэн?
Миний мэдлэг боловсрол, ажлын туршлагад хүмүүс эргэлзэж болно. Гэхдээ энэ дөрвөн хууль дээр надтай хамт ажилласан эрдэмтэн судлаач, шүүх, прокурор яамны шилдэг боловсон хүчнүүдийнхээ мэдлэг боловсрол туршлагад би огтоос эргэлзэхгүй. УИХ бол оны ялгаа гаргадаг цэргийн байгууллага биш. Бид адилхан ард түмнээсээ мандат авч сонгогдсон хүмүүс. УИХ-ын гишүүд дунд хов ярьдаг, нам сольдог, засгийн газар унагаахад идэвхийлэн оролцдог, өөрөө Засгийн газрын гишүүн болох асар их мөрөөдөл нь биелээгүй хүмүүс сонгогчиддоо амьд сэрүүн байгаагаа мэдрүүлэхийн тулд хэн нэгэн хүнийг гүжирдэн гүтгэдэг юм байна гэдгийг ойлголоо.
Зарим хүн арван жил болохдоо нэг ч хууль барьж аваагүй нь миний буруу биш. Тэр хүний өөрийнх нь буруу. Хүний эрхийг дээрдүүлсэн үү, дордуулсан уу гэдгийг цаг хугацаа л харуулна. Ардчилал бол анархизм биш. Би Л.Болд гишүүнийг хүүхэд байхаасаа маш их хүндэлдэг байсан. Гэтэл сүүлийн үед Ералаш киноны гол дүр шиг л санагдах болсон. Чуулган дээр Монгол Улс НҮБ-аас гаръя ч гэх шиг, Эрүүгийн хуульгүй болъё ч гэх шиг зүйлс ярих болсон. Өөрөө юмаа уншиж, тооцоо судалгаатай асуудалд хандах ёстой.
Дөрвийн дөрвөн том хуулийг ийм богино хугацаанд гаргах чадамж бодит байдалд байж болдог юм уу. Ц.Нямдорж гуай хүртэл хойшоо суухад хүрсэн юм биш үү?
Долдугаар сарын 1-нээс эхлээд хууль эрх зүйн салбарт доголдол үүсэх гээд байгаа учир үүнийг засч залруулахын тулд бид олон сар, олон цаг сууж ажилласан гэж дээр хэлсэн. Энэ дөрвөн хууль чинь хоорондоо салшгүй уялдаатай. Би Ц.Нямдорж гуайд маш олон удаа “Та санал байвал хэлээч” гэж хэлсэн. Өөрөө бараг санал хэлээгүй.
Яагаад?
“Би энэ хуулийн үзэл баримтлалыг анхнаасаа дэмжээгүй учир оролцмооргүй байна” л гэж хэлсэн. Бид аль болох боломжийнхоо түвшинд эмхэлж цэгцэлж гаргая гэж хэдэн сар ажиллалаа. Энэ хуулиудыг тохируулж уялдуулах технологийн асуудал бий. Дахиад хэлэхэд, миний боловсрол мэдлэг, туршлагад эргэлзэж болно оо. Надтай цуг ажилласан 40 орчим хүнийг тэгж хэлж болохгүй.
Оффшорын талаарх хуулин дээр чинь гэхэд хамрах хүрээ гэхээр 300-400 хүнийг шалгах болчихоод байдаг. Арай л дэгэсдүүлсэн хэрэг биш үү?
Анхнаасаа л тэгээд батлагдчихсан шүү дээ. 2012 онд ингээд батлагдсанаас хойш таван жилийн хугацаанд мөрдөөд л яж байгаа. Бид энэ дээр зөвхөн “төрийн албан хаагч гадаадад оффшор данстай байхыг хориглоно” гэдэг заалтыг л нэмсэн.
О.Баасанхүү гишүүн “эх орноосоо урвах гэдэг заалтыг устгачихлаа гээд бараг л Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдах хэмжээнд аваачлаа. Энэ юу болоод өнгөрөв?
Энэ хуулийг чинь О.Баасанхүү гишүүн өөрөө баталсан шд. Гэнэт 2,6 жилийн дараа санаж сэрж байгаа юм болов уу. Энэ хооронд уншаагүй байж байгаад гэнэт уншив уу. Хуучин Эрүүгийн хуулийн 79-р зүйлд эх орноосоо урвах гэсэн гэмт хэрэг гурван үндсэн үйлдэлтэй байсан. Нэгдүгээрт, дайн болон дайн бүхий үед дайсагнагч талд элсэн орох. Хоёрдугаарт, гадаадын тагнуулын байгууллагат Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдалд аюул занал учруулахуйц мэдээ мэдээллийг хүлээлгэж өгөх.
Гуравдугаарт, экстремисст үйл ажиллагаа явуулдаг байгууллагат элсэн орох гэсэн гурван үндсэн үйлдлийн аль нэг нь үйлдэгдсэн тохиолдолд эх орноосоо урвасан гэж үзэж цаазаар авах ял оноодог байсан. Үүнийг өөрчлөхдөө энэ гурван үйлдлийг тус бүрт нь бие даасан гэмт хэрэгт болгож хуульчилсан. Эдгээр гурван гэмт хэрэгт бүх насаар нь хорих хүртэл ялтай. Жишээ нь, экстремисст байгууллага буюу ISIS исламын улс бүлэглэлд Монгол Улсын нэг иргэн гишүүнээр элссэн тохиолдолд энэ зүйл ангиар шийтгэгдэнэ гэх мэт. Гурван бие даасан үйлдлийг гурван бие даасан гэмт хэрэг болгож зүйлчилсэн. Түүнээс өөр эргэлзэж тээнэгэлзээд байх зүйлгүй.
Хууль зүйн байнгын хороогоор хуралдуулаад чуулган руу явуулах ёстой байтал таныг тавхан минутанд байнгын хороогоо хуралдуулдаг гэх мэтээр та асуудлыг урьд хожид байгаагүйгээр хурдтай явуулж байгаа нь хүмүүсийн анхаарлыг татаад байгаа хэрэг байх л даа. Та ийм хүчийг бий болгосон юм уу, таны ард ийм хүч байгаа юм уу?
Нэгдүгээрт, ажил хийсэн хүн дандаа шүүмжлүүлдэг. Хамгийн амархан ажил бол өөрөө юу ч хийхгүй хүн шүүмжлэх. Хоёрдугаарт, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг би тавдугаар сарын 10-ны өдөр өргөн барьсан. Миний цахим хуудсыг ухаж үзээрэй. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар хоёрдугаар сард олон нийтэд танилцуулсан. Ингээд 40 гаруй хоног байршуулсан. Үүний дараа Хууль зүйн үндэсний хүрээлэнд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Дараа нь 10-аад яамнаас өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаагаа илэрхийлж санал ирүүлсэн.
Ингээд энэ хуулиар зөрчилдөж байгаа хуулиудыг яаралтай тохируулахын тулд заавал Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шиг 45-60 хоног хүлээж, санал авалгүйгээр явах боломжийг нээж өгсөн. Жишээ нь төсөв мэдүүлэх нь өөрөө хуультай атлаа Монгол Улсын төсвийг батлахын тулд дахиад 30 хоног олон нийтийн сүлжээнд байршуулаад, хэлэлцүүлэг зохион байгуулаад, санал дүгнэлт авсны дараа нь оруулна. Одоо ийм ойлголт байхгүй, төсвийн тухай хуулиараа л явна. Бас нэг жишээ хэлье.
Дайны байдал зарлах тухай УИХ-ын шийдвэр гарах боллоо гэж бодъё. Тэгвэл Хууль тогтоомжийн хуулиар дахиад 60 хоног хүлээнэ. Гадаад улстай дипломат харилцаа тогтоохын тулд “бид танайхтай харилцаа тогтоохын тулд олон нийтийн сүлжээнд танай улстай дипломат харилцаа тогтоох талаараа 30 хоног байршуулаад, дараа нь хэлэлцүүлэг зохион байгуулаад, дараа нь ирсэн саналуудыг нэгтгээд, тэгээд Засгийн газарт өргөн бариад, 6 аргачлал боловсруулаад, тандалт судалгаа хийж байгаад тэгээд танайхтай дипломат харилцаа тогтооё” гэдэг байдал бий болчихоод байгаа юм. Үүнийг л өөрчилье гэсэн. Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэгдээгүй нэг ч төсөл байхгүй. Дэгийн тухай хуулийг ч зөрчөөгүй.
Хэдэн жилийн дараа эргээд хартал таны батлуулсан хуулиас болж олон хүн хохирсон байх вий гэж та боддог уу?
Бодолгүй яахав. Хамгийн ноцтой асуудал шүү. Эрүүгийн хууль дээр миний санаа зовж байгаа зүйл бий. Би нэг түүх ярья. 1986 оны Эрүүгийн хууль 1993 онд шинэчлэн найруулагдсан юм. Яагаад гэхээр, социалист өмчийн эсрэг гэмт хэрэг, дамын наймаа хийх зэрэг өөр нийгмийн хэм хэмжээг өөрчлөх шаардлага гарсан. Энэ хуулиуд хэрэгжих явцад хөдөө орон нутагт шүүх яг адилхан хэргүүдийг ялгамжтай шийдээд байна гэдэг асуудал тавигдсан. Ингээд 2002 оны Эрүүгийн хууль төрөх нөхцөл бүрдсэн юм.
2002 оны Эрүүгийн хуулиар ялын дээд, доод хязгаарыг ойртуулж, сонгох ялыг цөөлөөд, энэ хуульд зааснаас хөнгөн ял оногдуулах боломжийг нь хумисан. Энэ нь хатуудаад шоронгийн ачаалал нэмэгдээд ирэнгүүт энэ хооронд гурван удаа Өршөөлийн тухай хууль батлагдсан. Бас 55-ын штрих гэдэг заалтаар 2008 оны хоёрдугаар сард 2002 оны хуулийн 40 орчим хувийг өөрчилсөн. Харин энэ удаагийн хууль батлагдах болсон шалтгаан нь дээд доод ялын хязгаар ойрхон, ялын сонголт багатай тул хатуудаад байна гэдэг асуудал байнга яригдсаар байгаа юм.
Одоо миний айж байгаа зүйл нь, шүүгч нар энд тэнд ял оноохдоо ялгамжтай хандах вий. Гэхдээ үүнээс гарах нэг гарц бий. Улсын дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл хамтран шийдэлд хүрч ялын хүснэгттэй болох хэрэгтэй. Гадны олон оронд хэрэгждэг. Жишээ нь, “хулгайн энэ зэргийн гэмт хэрэгт ийм л ял онооно” гээд заачихсан байдаг туршлагыг хэрэгжүүлэх хэрэгтэй.
Хоёр дахь айж байгаа зүйл нь Зөрчлийн тухай хууль онолын их маргаан дагуулсан. Эрх зүйн маргаан, зөрчил гэж хоёр өөр зүйл л дээ. Жишээ нь өөрөө татвар төлөгч, би татварын байцаагч. Өөрөө татварынхаа хувь хэмжээг багаар бодоод байгааг татварын байцаагч шалгаад “чи татварын хэмжээгээ багаар тооцоод байна” гээд та хоёрын хооронд үүсэх зүйлийг эрх зүйн маргаан гэнэ.
Энэ тохиолдолд та хоёр маргаанаа Захиргааны хэргийн шүүхэд шийдүүлнэ. Харин татвар төлөгч нь татварынхаа баримтуудыг устгаж байгаад баригдах юм бол татварын зөрчил болно. Энэ тохиолдолд зөрчлийг шалган шийдээд өөрт чинь шийдвэрээ ногдуулна. Миний шийдвэр таалагдахгүй бол дахиад Захиргааны шүүхэд очно. Тэгэхээр миний айж байгаа зүйл бол маргаан, зөрчил хоёрын зааг ялгааг сайн гаргахгүй байх вий. Бүгдийг зөрчил гэж үзэж болохгүй. Хуулиа сайн судлаасай.
Гурав дахь айж байгаа зүйл нь, цаг хугацааны хайчинд энэ том салбарын хуулиуд ганцхан сарын сургалттай алхан орох гэж байна. Эрүүгийн хуулийг шалган шийдвэрлэх гэж байгаа 44 мянган хүн бий. Энэ хүмүүст ганцхан сарын сургалтын боломж олголоо шүү. Одоо “танай манай нам, буруу зөв” гэж ярих биш сургалтуудаа сайн явуулж хууль хэрэгжиж эхэлснээс хойш ч үргэлжлүүлэх хэрэгтэй.
Дөрөвдүгээрт, надад нэг санал байгаа юм. Энэ хуулиудын хэрэгжилтийн араас эрдэмтэн судлаачдын багаар ажиллан хянаж, мониторинг хиймээр байна. Гаднаас авдаг олон төслүүддээ энэ ажлыг багтаамаар байна. Хүний эрхийн зөрчил дутагдлыг заавал туйлд нь хүргэх биш, ер нь гажиж эхлэх нь байна гэдэгт хяналт тавиад эргээд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хөндөх ёстой. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн ажлын хэсэгт би орж ажилласан. Тэгээд сая хорооны цагдаа нартай уулзаж гажуудал хэр гарч байгааг асуулаа.
Тэмцэл бол чангарсан, ахуйн хүрээнд гэртээ эхнэртэйгээ багахан маргах төдийд л эхнэрүүд дуудлага өгч хүний эрхийн гажуудал гарч байна гэж байна. Гэхдээ анхны төсөл нь одоо хэрэгжиж байгаагаас ч чанга, эхний үйлдэл бүрээр нь эрүү үүсгэдэг байсан. Өөрөөр хэлбэл, маргаад нэгнийгээ түлхсэн, цохисон, догшин авирласан болгон эрүүжих гээд байсан юм.
Монгол төрийн эцсийн зорилго нь гэр бүлийн бүрэн бүтэн байдлыг л хадгалж үлдэх, тиймээс эхний үйлдлүүд дээр сануулах ёстой. Энэ үйлдлээ гурваас дээш удаа давтаад байвал эрүүгийн хэрэг үүсгэе гэдэг саналыг би тавьсан. Зөрчлийн хэргээр шийдэж сургалт явуулаад, нөгөө хүнтэйгээ ажиллая л даа. Хүүхдээ загнаж зандардаггүй ээж, аав гэж байхгүй. Үүнийг хүчирхийллээс ялгаж ойлгох шаардлагатай гэх мэтээр Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн хэрэгжилт дээр ч мониторинг хийх ёстой.
Баярлалаа.