Циркуляр эдийн засаг /circular economy/, түүнийг Монголд нутагшуулах асуудлууд
УИХ-ын гишүүн, эдийн засгийн ухааны доктор Б.Баттөмөрийн циркуляр эдийн засгийн тухай бичсэн нийтлэлийг хүргэж байна.
Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжээд 27 жил өнгөрч байгаа боловч төсвийн орлого бага, зарлага нь оновчгүй, эдийн засгийн боломжийг бүрэн дайчилж чадахгүй, төсвийн сахилга бат муу байгааг УИХ-ын индэр дээрээс хэлж буй гишүүдийн нэг юм. Б.Баттөмөр нь өнгөрсөн хугацааны алдаан дээрээс сургамж авч эдийн засгийн загвараа шинэчилж, шинэ эдийн засгийн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж үздэг.
Шинэ эдийн засгийн бодлогын хүрээнд маш олон асуудлыг дэвшүүлж байгаагийн нэг нь циркуляр эдийн засаг юм.
Циркуляр эдийн засгийн концепцийг анх Британийн эдийн засагч Дэвид Пирс, Керри Тернер нар боловсруулсан түүхтэй. Хөгжингүй орнууд, тэр дундаа Европын Холбоо, Англи, Австрали зэрэг орнууд энэхүү эдийн засагт шилжихэд онцгойлон анхаарч байна. Циркуляр эдийн засаг гэдгийг тойрог, эргэлтийн, шугаман бус эдийн засаг гэж орчуулж болох юм.
Бизнес эрхлэгчдийн хувьд циркуляр эдийн засаг нь илүү их ашиг, орлого авчрах боломжтой бөгөөд үндсэн санаа нь ашиглаж дууссан зүйлсийг дахин боловсруулах, дахин сэргээж эцэст нь тултал ашиглахыг дэмжихэд байгаа юм.Ингэснээр ажлын шинэ байрууд нэмэгдэнэ, түүхий эд, материал, эрчим хүчний хомсдол арилна, байгаль орчинд учруулах хор хохирол багасна. Үндсэндээ хог хаягдал гэж байхгүй болох ажээ.
Хамгийн гол нь ирээдүй хойчдоо аюулгүй, байгалийн бохирдолгүй, эрүүл саруул орчныг үлдээхэд циркуляр эдийн засаг маш чухал үүрэгтэй.
Циркуляр эдийн засагт шилжсэнээр баялгийн шинэ эх үүсвэрийг бий болгож, инновацийн шинэ загварууд аж үйлдвэр, хотууд, суурин газруудад нэвтэрч, тогтвортой нэмүү өртгийг бий болгож, бүтээгдхүүн борлуулахын оронд үйлчилгээг худалдаж, хог хаягдлаас мөнгө, баялаг үүсгэнэ.
Циркуляр эдийн засаг улс орнуудын өрсөлдөх чадварыг улам нэмэгдүүлж, нийгмийн гишүүн бүрт ашгаа өгнө. Аж үйлдвэрт дахин боловсруулсан материалыг ашиглах болно.
Өнгөрсөн хугацаанд хүн төрөлхтөн асар их баялгийг хуримтлуулсан бөгөөд үүний ихэнхийг байгалийн баялгийг ашиглан бүтээсэн байдаг. Байгалийн баялаг нэгэн цагт дуусах нь тодорхой. Байгалийн баялгийг ашиглаад хог хаягдал болгоод газарт булаад байвал цаашид юу болох вэ гэдэг нь ойлгомжтой. Үүнээс гарах гарц нь циркуляр эдийн засагт шилжих гэдэгт эрдэмтэд санал нэгдээд байна.
Судалгаанаас үзэхэд циркуляр эдийн засгийг хөгжүүлж, технологийн хувьсгал хийснээр байгалийн баялаг ашиглалтын бүтээмж, үр ашгийг гурав дахин нэмэгдүүлэх боломжтой ажээ.
Үндсэндээ хог хаягдал гарахааргүй байдлаар буюу задлаад өөр зүйлд ашиглахаар үйлдвэрлэхийн тулд үйлдвэрлэлийн дизайн, хийц, загварыг бүхэлд нь өөрчлөх хэрэгтэй болно. Бараа бүтээгдхүүний ашиглалтын хугацааг нэмэгдүүлэх, ашиглахаа больсон зүйлсийг буцаан худалдан авах систем нэвтрүүлэх, эдэлж хэрэглэж байсан зүйлсийг дахин борлуулах худалдааг нэмэгдүүлэх, загвар хийцийг нь бага зэрэг өөрчлөөд өөр зориулалтаар ашиглах зэрэг нь циркуляр эдийн засгийн нэг хэсэг нь юм.
Манай улсын хувьд циркуляр эдийн засагт шилжихийн тулд эхлээд хог хаягдлыг ангилж, дахин боловсруулахад анхаарах хэрэгтэй байгаа юм. Өнөөдөр цахилгаан болон электрон багаж хэрэгслийг хаяхдаа ашигтай металл эд анги болон хортой элемент агуулсан эд ангийг салгахгүйгээр шууд хогийн цэгт аваачиж, газарт булснаар байгаль орчин, газар, усыг бохирдуулж байна.
Гар утас, зөөврийн хэрэгсэл, компьютерийн хард драйв нь мөнгө, зэс зэрэг үнэ хүрэх металл эд ангиас гадна хар тугалга, мөнгө ус, кадми зэрэг хортой химийн бодисыг мөн агуулдаг.
Бусад улсад ашиглагдахаа больсон, утаа тортог ихээр ялгаруулдаг хуучин машин, техникийг импортоор оруулж байгааг татварын бодлогоор хааж, өөрсдөө машин үйлдвэрлэх, угсарч болох боломж байна.
Нүүрс хүчлийн хийг хязгаарлах, сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглах нь шинэ эдийн засагт шилжих хоёрдахь үндсэн алхам болно. Нар салхи, усны эрчим хүчийг ашиглах явдлыг бодлогоор дэмжиж, хөрөнгө оруулалтыг чиглүүлснээр агаарын бохирдлоос салахад тустай.
Түүнчлэн бараа нийлүүлэлтийн сүлжээнд олон компаниуд хамтран ажиллаж, дахин дахин нэмүү өртөг үйлдвэрлэж болно. Байгалийн баялгийг үр ашигтай, зүй зохистой ашиглахад нийлүүлэгчид сүлжээ болон онлайн платформ, технологи, тоон технологийг өргөнөөр ашиглана. Ингэснээр виртуал орчинд нэмүү өртгийг бий болгож, 3D принтер ашиглан хэвлэж өгөх, онлайн байдлаар харуулах, хэрэглэгчидтэй виртуал орчинд холбогдож, хамтран ашгаа нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
Циркуляр эдийн засагт шилжсэнээр бизнесийн шинэ загварыг бий болгож, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэн, шинэ шинэ ажлын байр болгох боломжтой юм. Үүнтэй холбогдуулан бизнесийн циркуляр загвар гэсэн ойлголт гарч ирээд байна. Барааг үйлдвэрлэхээс өмнө хаягдал болсны дараа хэрхэн ашиглахаа бодож байж үйлдвэрлэхийг бизнесийн циркуляр загвар гэж нэрлээд байгаа юм.
Үндсэндээ циркуляр эдийн засагт шилжихэд бизнесийн загвар бүхлээрээ өөрчлөгдөж ашиглахаа больсон ч гэсэн үйлдвэрлэлийн явцад бий болсон өртөг хадгалагдсаар байх юм. Ингэхлээр барааны үнэнд ашиглахын өмнөх үнэ, ашиглалтын үнэ, ашигласны дараах үнэ шингэнэ гэсэн үг. Барааны эдэлгээний хугацаа уртасхаар түүнийг ашиглах хэд хэдэн хэрэглэгч бий болж, циркуляр түншүүд болон тэдний хамтын ажиллагаа циркуляр үнийн сүлжээг үүсгэнэ.
Циркуляр эдийн засаг нь дизайны хувьд дахин сэргээх, дахин боловсруулагдаж ашиглагдах систем бөгөөд бараа бүтээгдхүүн, эд анги, материалыг дээд зэргээр ашиглаж, хэрэглээний шат тутамд нэмүү өртөг бий болгоно.
Циркуляр эдийн засаг өртгийг дахин дахин бий болгох механизмтай бөгөөд материалыг эцэст нь тултал дахин сэргээж, дахин боловсруулж, дахин дахин ашиглана.Энэ эдийн засгийн ачаар шинэ ажлын байр боловсруулах, засвар үйлчилгээ хийх, түрээслэх болон шинэ технологи, инновацийн салбарт ажлын шинэ байрууд ихээр нэмэгдэж, хүн бүрт ажилтай орлоготой байх боломжтой болно. Монгол Улс циркуляр эдийн засагт хэрхэн шилжих талаар стратеги боловсруулах шаардлага гарч ирж байна.