Монголбанкны хуучин удирдлагууд хариуцлага хүлээх үү?
Өнөөдөр /2017.05.24/ Эдийн засгийн байнгын хороон дээр ажлын хэсгээс Монголбанкинд хийсэн шалгалтын дүнгийн тухай танилцуулга хийсэн юм.
Ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулбал,
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор олгосон нэрлэсэн зээлийн хүү болон бодит зээлийн хүүгээс алдагдалтай байсан нь төрд хохиролтой,
Яамдын дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгжүүдэд сонгон шалгаруулалтад хууль эрхзүйн актыг мөрдөж ажиллаагүй,
Хөнгөлөлттэй зээлийн зарим хэсгийг зориулалт бусаар зарцуулах нөхцөлийг бүрдүүлсэн,
Газрын тосны үнэ тогтвортой, ирээдүйд буурах хандлагатай байсан үед шатахууны үнийг тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлснээс болж нийт 408.4 тэрбум төгрөгийн хохирлыг төрд учруулсан,
Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг зөрчиж, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал ноцтой зүйлүүдийг төрийн нууцад хамааруулсан. Шаардлагагүй мэдээллүүдийг нууцалсан,
Монголбанк шилэн дансыг хангалтгүй хөтөлдөг,
Монголбанкнаас дотоодын банкуудтай байгуулсан своп, форвард хэлцлүүд нийт хуримтлагдсан алдагдлын талаас илүү хувийг хамарч байна. 2012-2016 онд нийт 1.7 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн,
Монголбанкны алдагдал 2016 оны эцсийн байдлаар 3 их наяд 19 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай ажилласан байна.
Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ажиллаж, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Даваасүрэн, Ж.Бат-Эрдэнэ, С.Чинзориг, Х.Болорчулуун нар ажилласан юм. Монголбанкны 3 их наядын алдагдалтай ажилласан нь банкны хуучин удирдлагуудын алдаа хэмээн ажлын хэсгийхэн үзлээ. Харин ажлын хэсгийхнийг улстөржсөн гэж банкны удирдлагууд шүүмжилж байсан юм. Харин ажлын хэсгийхэн шалгалт хийснээр эдийн засгийг эрүүлжүүлэх том алхам болж байна гэсэн байр суурьтай байсан юм.
Ц.ДАВААСҮРЭН: ТӨВ БАНКНЫ ХУУЧИН УДИРДЛАГУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦОХ АСУУДЛЫГ ЯРИХ ЁСТОЙ.
Бид Монголбанкны шалгалтанд улс төрийн зорилгоор хандаагүй. Өнөөдрийн эдийн засгийн хямралын үндсэн шалтгаан бол төгрөгийн худалдан авах чадвар унасантай холбоотой. Валютын ханш 2 дахин өөрчлөгдсөн. Энэ нь үнэ тогтворжуулах зорилгоор 4 их наяд төгрөг зах зээлд нийлүүлсэнтэй холбоотой. Тэр мөнгөөр ихэвчлэн импортын бараа худалдаж аван, барилгын материал болгоод урагшаа зөөгдсөн.
2012 ОНД 4,2 ТЭРБУМ ДОЛЛАР БАЙСАН ВАЛЮТЫН НӨӨЦ 1,2 ТЭРБУМ Л БОЛСОН БАЙНА.
Мөн валютын ханш тогтвортой барих аргачлал оновчгүй байсан. Ялангуяа 2013 оны 8 сараас 12 сарын хооронд валютын ханшийг өсгөх бодлого барьсан байж болзошгүй. Монголбанкны өмнөх захирал үндсэн чиглэлийг талаар хэлэлцэж байхад төв банканд хамаарахгүй гэж хэлж байсан удаа бий.
ҮНДСЭН 3 ЗОРИЛТЫНХОО НЭГИЙГ МЭДДЭГГҮЙ ХҮНЭЭР ТӨВ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ХИЙЛГЭЖ БАЙСАН.
1 доллараар авах бараа 1350 байсан бол одоо 2400 болсон. Цаашдаа энэ алдааг дахин гаргахгүй байхын тулд л энэ шалгалтыг хийсэн. Бизнес хийхэд намчирхах шаардлагагүй. Төвбанк нэг ажилчиндаа 2 ч удаа орон сууцны зээл өгч 240 саяыг гаргасан байна. Ийм зүйл байж болох уу?
М.ОЮУНЧИМЭГ: УЛС ТӨРЖСӨН ҮЙЛДЭЛ БИШ
Улс орны эдийн засгийг маш ноцтой түвшинд хүргэсэн үйлдлийг улстөржсөн гэж шүүмжилж байвал энэ ажил үр дүнгүй болно. Эдгээр үйлдлийг хийсэн удирдах албан тушаалтнууд нь гадагшаа гарч зугтаагаад, 4, 5 жилийн дараа сонгуулиар дахин ирж үйлдлээ давтвал яах вэ?
Төв банкны 2012-2016 онд явуулж байсан үйл ажиллагаа зах зээлийн зарчмаас гадуур төсвийн шинжтэй зардлууд маш их байна. Ганцхан жишээгээр дурдвал 2011 онд манай орны эдийн засгийн өсөлт 11 хувьтай байсан бол өнөөдөр дэлхийн 124 орноос 120-д жагсаж байна.
Н.ЗОЛЖАРГАЛ МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙХДАА 7 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫГ ХЭДХЭН ЖИЛИЙН ДОТОР САЛХИНД ХИЙСГЭСЭН БАЙНА.
Д.ТЭРБИШДАГВА: ЭДИЙН ЗАСГАА ЭРҮҮЛЖҮҮЛЭХ АЛХАМ ХИЙЖ ЭХЭЛЖ БАЙГААГАА ОУВС-Д ХЭЛЭХ ХЭРЭГТЭЙ.
Ажлын хэсгийн танилцуулгыг харахад маш ноцтой асуудлуудыг ил болгож амжилттай ажилласан байна гэж дүгнэж байна. Энэ дүгнэлтийг хараад үнэхээр хэлэх үг олдохгүй байна. Даан ч дээ... Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалын энэ үйлдэл давтагдаж байна.
ЭДГЭЭР ҮЙЛДЭЛД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ ҮЕД ЗӨВ АЖИЛЛАСАН БОЛ МОНГОЛ УЛС ХЯМРАЛД ОРОХГҮЙ БАЙСАН.
Ажлын хэсгийхнийг улстөржсөн гэж хэлэх ёсгүй. Улс орны эрх ашгийн төлөө алдаатай зүйлийг нь гаргаж ирсний төлөө бид баяр хүргэх ёстой. Эдийн засгийн байдлыг бид бүгд мэднэ. Энэ үйлдлийг илрүүлснээр ОУВС-гаас айх ямар ч шаардлага байхгүй. Харин ч ийм шударга бус үйлдлийг илчилснээр эдийн засгаа эрүүлжүүлэх боломж олдож байна.