Статистикийн үндэсний хөтөлбөрийг баталлаа
2017.05.25

Статистикийн үндэсний хөтөлбөрийг баталлаа

Монгол Улсын статистикийн салбарыг 2017-2020 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, гишүүдийн 80,8 хувийн саналаар батлагдлаа.

Өчигдөр уг тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хороо хийж, зарчмын зөрүүтэй хоёр санал байгаагаа өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Уг хөтөлбөрийн хэрэгжих хугацааг 2016-2020 он гэж байсныг байнгын хорооны гишүүдийн саналаар 2017-2020 он гэж өөрчиллөө. Мөн Статистикийн салбарын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг УИХ-д бус УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд 2019, 2021 оны нэгдүгээр улиралд тус тус тайлагнахаар болж байна. 

Үндэсний статистикийн байгууллага нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа стратегийн зургаан чиглэлийг тодорхойлж, чиглэл тус бүрээр зорилтуудыг дэвшүүлж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулна гэж үндэсний хөтөлбөрт заажээ. Үүнд,

- Үндэсний статистикийн системийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, тогтолцоог бэхжүүлэх

- Статистикийн тогтвортой үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн статистикийн дэд бүтцийг хөгжүүлэх

- Статистикийн мэдээллийн менежментийг сайжруулах

- Мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх

- Статистикийн чадавхийг бэхжүүлэх

- Статистикийн үйл ажиллагааг боловсронгуй болгох

Энэхүү хөтөлбөр батлагдаж хэрэгжсэнээр статистикийн байгууллага, нэгжүүдийн гаргасан салбарын мэдээлэл, хөгжлийн бодлоготой уялдсан, хамралт, нарийвчлал, хүртээмж, чанар сайжрах юм.