Н.Учрал багш нартай уулзалт хийж байна
УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн.
Уг хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал багш, эмч нарын цалин хөлс, нийгмийн асуудлыг шийдвэрлэж тэднийг төрийн тусгай албан хаагч болгох саналыг гаргасан билээ. Мөн төрийн бодлогоор багш нарыг хөгжүүлэх ёстой гэдгээ илэрхийлсэн юм.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд ч багшийг хөгжүүлэх, ажлын үр дүнг нь зохистойгоор үнэлэх зэрэг хэд , хэдэн чухал зорилтуудыг тусгасан байдаг. УИХ-ын гишүүн Н.Учрал Засгийн газрын уг зорилтыг ажил хэрэг болгох шуурхайлан эхлүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомж, бодлого шийдвэрийг санаачлан батлуулахаар ажиллаж эхэллээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Учрал уг ажлын хүрээнд эхний ээлжинд нийслэлийн есөн дүүргийн багш нартай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Өнгөрсөн 7 хоногт Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн багш нартай уулзалт хийсэн бол энэ 7 хоногт Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн багш нартай уулзалт хийж УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн хэрэгжүүлэх гэж буй зорилт төлөвлөгөөгөө танилцуулсан юм.
Уг арга хэмжээг Нийслэлийн Боловсролын газар, Монгол Залуу багш нарын холбоотой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд удахгүй Монголын залуу багш нарын их хурлыг зохион байгуулж багшийн хөгжлийн дэмжих тухай хуулийн төсөл өргөн барина гэсэн юм.